Олон улсын математикийн 65 дахь удаагийн олимпиад 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 22-ны өдрүүдэд Их Британы Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Батт хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиадаас манай улсын баг нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, Сант сургуулийн 12г ангийн сурагч Д.Энэрэлт алтан медаль, Эрхэт-Эрхэм сургуулийн 10а ангийн сурагч Т.Билгүүнгэрэлт, 11 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч О.Тэнгис нар мөнгөн медалийн эзэн болсон. Харин хүрэл медалийн болзлыг тус сургуулийн 11в ангийн сурагч Б.Билгүтэй, 12б ангийн сурагч Х.Нурсолтан, Сант сургуулийн 10в ангийн сурагч С.Манлай нар хүртжээ.
Ийнхүү нийт багийн дүнгээр 142 оноо авч 16 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Багийн ахлагчаар Монголын математикийн хорооны дарга Б.Батбаясгалан, дэд ахлагчаар МУИС-ийн Математикийн тэнхимийн багш У.Батзориг нар ажиллажээ.
О.АНУЖИН