Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улс шинэ Засгийн газраа бүрдүүллээ.
Уул уурхайгаас эдийн засаг нь хамааралтай манай улсын хувьд ирэх дөрвөн жил Монгол Улсын Засгийн газар, УИХ тогтвортой байдлаас шалтгаалж эдийн засаг шууд хамаарна гэдгийг салбар бүрийн төлөөллүүд тодотгож байна. Тэд эдийн засгийг хэрхэн зураглаж буй дараах байр суурийг илэрхийллээ.
-----------------------------
ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ЭРЭЛТ НЭМЭГДЭЖ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ 7-8 ХУВИАР ӨСӨХ БОЛОМЖТОЙ
Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт:
- Ойрын жилүүдэд дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой ялангуяа зэс, лити зэрэг газрын ховор элементүүдийн эрэлт хэрэгцээг дагаад Монгол Улсын эдийн засагт тааламжтай жилүүд байх нь. Эдийн засаг багадаа 7-8 хувь өсөх, эдийн засгийн дэд бүтцийн хамтын ажиллагаа улам нэмэгдэх боломж бий харж байна. Нөгөөтэйгүүр, уул уурхайгаас хамааралтай нөхцөлд компаниудын ашиг бага мөртлөө татвар нь үйл ажиллагааны зардалтай харьцуулахад их өндөр байдаг. Тэгэхээр үүнийг зайлшгүй эргэж харах шаардлагатай. Эдийн засаг тэлсэн үед татварын асуудлуудыг бууруулбал илүү их идэвхжил явагдана гэж харж байна. Тэгэхээр 20 гаруй нам УИХ-ын сонгуульд нэр дэвшлээ. Бүгд л татварын ачааллыг бууруулах амлалт өгсөн. Энэ бол нэлээн шинэ Их хурлын том зорилт, тодорхой үр дүн гарах байх гэж найдаж байна.
ТӨРИЙН ОРОЛЦООГ БУУРУУЛЖ ЭДИЙН ЗАСГИЙГ ЛИБЕРАЛЧИЛНА ГЭЖ ХАРЖ БАЙНА
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:
-Намуудын мөрийн хөтөлбөр, эдийн засгийн форумаас харахад улс төрийн намууд эерэг мессеж өгч байна. Засаглалын түвшинд парламентын дархлааг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулна. Эдийн засгийн хувьд, хамгийн чухал асуудал нь хувийн хэвшлийг дэмжиж, авлигыг бууруулж эдийн засгийг либералчлах юм байна. Ийм чиглэл харагдаж байна. Хэрэв дундаж давхаргыг дэмжих бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэмжих ёстой. Өнөөдөр Монголд ядуурал нь давамгайлсан, хүн амын 30 хувь нь ядуу, 40 орчим хувь нь ядуурлын шугам дээр, 10 гаруй хувь нь ядуурал руу гулсан ороход бэлэн ийм үед үйлдвэржилтгүй, шинээр ажлын байр бий болгохгүй, эдийн засгийг тэлэхгүйгээр дундаж давхаргыг дэмжих боломжгүй. Ямартай ч төрийн оролцоог бууруулж, эдийн засгийг либералчилна гэж харж байна.
ИРЭХ 4 ЖИЛ МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙ МАШ ЭЕРЭГ, ЭДИЙН ЗАСАГ ЭРЧИМТЭЙ ХӨГЖИХ ТОМ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖИХ ҮҮД НЭЭЛТТЭЙ
Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар:
-Эдийн засгийн форум нь Монгол Улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бодит үр нөлөө үзүүлж байгаагаар онцлогтой. Энэ жилийн хувьд УИХ-ын сонгуулийн дараа Эвслийн Засгийн газар байгуулагдахын өмнөхөн боллоо. Шинэ Засгийн газар сандал ширээ хуваахаас илүү ажил ярьж хамтарч буй энэ цаг үед ирэх 30 жил хэрэгжүүлэх бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд хэрхэн хамтрах вэ гэдэг нь анхаарал татаж байна. Улс төрийн намууд тогтвортой байж томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ гэдгийг ард түмэн харж байна. Монгол Улс хөгжлийн индексээр дунд шатны хөгжилтэй орны бүсэд багтлаа. Иймд ирэх дөрвөн жил Монгол Улсын ирээдүй маш эерэг, эдийн засаг эрчимтэй хөгжих, том төсөл хөтөлбөрүүд хэрэгжих үүд хаалга нээлттэй. Үүнд парламентад суудалтай улс төрийн намуудын үүрэг маш чухал. Энэ үүднээс ажлын төлөө хамтарч, эдийн засгийн форумд олон улсын байгууллагуудад танилцуулж байна гэж ойлгож болно. Энэ жилийн эдийн засгийн форумд гадаадын томоохон хандивлагч байгууллага, сан хүрэлцэн ирсэн нь наадам үзэх, Монгол орныг суртлалчлах алхам болж байна.
ТАТВАРЫН БОДЛОГО ТОГТВОРТОЙ БАЙЖ ЧАДВАЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ТАТАХ, БОДИТ ХӨРСӨН ДЭЭР БОДЛОГУУД ХЭРЭГЖИНЭ
МУИС-ийн Бизнесийн сургуулийнийн дэд профессор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Э.Амаржаргал:
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улсын макро эдийн засаг тогтвортой байгаагүй. Үүнд нөлөөлж буй хүчин зүйл нь гадаадын хөрөнгө оруулалт тогтворгүй байсантай холбоотой. Цаашид гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, тодорхой болгох ёстой. Иймд Монгол Улсын эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой өсөлтийг бий болгох чиглэлээр өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Эдийн засгийн форумд улс төрийн намуудын ярьж байгаараар эдийн засгийн бүсчилсэн хөгжил, бүтцийг эрчимжүүлэх тухай ярьж байна. Ер нь өмнөх 30 гаруй жилд түүхий эд бэлтгэгч буюу газрын доорх ашигт малтмалыг олборлож гадны улс руу экспортлох, орлогоор нь эдийн засаг өсөж ирсэн ийм л байдалтай явж ирсэн. Өөрөөр хэлбэл, нийт экспортын 90 гаруй хувь нь уул уурхайн салбараас хэт хамааралтай, манай улсын эдийн засаг эмзэг. Тэр дундаа олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ унахад манай эдийн засаг шууд элгээрээ хэвтэх магадал 90-100 хувь өндөр байсан. Иймээс бид түүхий эдэд нэмүү өртөг шингээх үйлдвэрүүд барьж байгуулах зайлшгүй шаардлагатай. Үүний тулд санхүүгийн эх үүсвэр, нөөц хөрөнгөд гадаадын хөрөнгө оруулагчид зайлшгүй шаардлагатай. Тиймээс ирэх 10 жилд ямар ч парламент, Засгийн газар бүрдсэн татварын тогвортой бодлогыг өөрчилдөггүй тогтвортой байснаар бодит хөрсөн дээр бодлогууд хэрэгжинэ. Тиймээс биш улс төр, Засгийн газар шинээр бүрдэх тоолонд татварын бодлогыг өөрчлөөд байвал Монголын хөгжилд сөрөг нөлөөлнө гэж харж байна.