УИХ-ын 2024.07.05-ны өдрийн чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг улираан томилсон билээ.
Тэрбээр чуулганы төгсөлд УИХ-ын гишүүдэд хандаж хэлсэни үгэндээ "Монголчууд бид ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш ес дэх удаагийн Улсын Их Хурлын энэхүү сонгуулиар нутаг дэвсгэрт суурилсан 76 гишүүнтэй парламентыг түүх болгон “жаазлан” үлдээж, олон нам, нийгмийн бүлгүүд, салбар салбарын дуу хоолой болсон 126 төлөөлөлтэй цоо шинэ парламентын эрин үеийг эхлүүлж байна. Сонгуулийн өглөөг 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараах өдрүүдтэй, ШИНЭ ӨГЛӨӨТЭЙ ард түмэн маань зүйрлэн ярилцаж угтлаа.
Энэ удаагийн парламент олон намын төлөөллөөс бүрдэж, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдож, нийт гишүүдийн 25 хувь болсноор Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давлаа. Мөн хамгийн олон инженер, эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн профессору, мэргэжлийн эксперт, эмч багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хилийн чанадад амьдарч буй монголчуудын төлөөлөл, нийгмийн зөвшилцлийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл болон дөрөв дэх засаглалын дуу хоолой болсон хэвлэл мэдээллийн салбарынхан, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ч бүрэн хангагдсан байна.
Энэ парламентад 81 гишүүн шинээр сонгогдсон нь нийт гишүүдийн 64 хувийг бүрдүүлж байна.
Тийм ч учраас энэ бол АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ, ШИНЭ 30 ЖИЛИЙН ЭХЛЭЛ болж чадлаа.
1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар Монголын ард түмэн картын бараатай ч, ирээдүйдээ итгэлтэй байсан.
Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг
· Улсын эрх ашиг нэгдүгээрт
· Улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт
· Эцэст нь хувийн эрх ашиг байх ёстой хэмээн эрх ашгийг эрэмбэлж байсан билээ.
Харамсалтай нь С.Зоригийн хүсэж мөрөөдсөн, манай ахмад зүтгэлтнүүдийн итгэж, тайван замаар төрийн эрхийг шилжүүлсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол АВЛИГА юм.
Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нар “ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО” хэмээн тодорхойлж байсан.
Харин өнөөдөр Монголын ард түмэн ардчилсан хувьсгалыг анхдагч үнэт зүйл дээр нь авчрахыг, авлигын тогтолцоог бүрэн нураахыг хүсэж л энэ сонголт хийгдсэн билээ.
Энэ удаагийн сонгууль зөвхөн парламентын хувьд шинэ 30 жилийг эхлүүлэх бус нийгэм, удаан хугацаанд хуримтлагдсан суурь асуудлыг шийдвэрлэхэд чухал цаг хугацаа байна гэдэгт итгэж байна.
Улс орон бол хүний биетэй адил амьд организм билээ. Эд эс, эрхтэн бүхэн эрүүл байж, цусны эргэлт хурдсаж, дархлаа хэвийн байж эрүүл, эрч хүчтэй байдаг шиг улс орны хөгжил цогц ойлголт бөгөөд шинж тэмдэгтэй зууралдах биш амьд организмыг доголдуулж буй шалтгааныг зөв оношилж, суурь РЕФОРМ хийх ёстой" хэмээв.