Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүд, Тамгын газрын дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, 2 эвслээс болон бие даан нэр дэвшсэн нийт 1341 нэр дэвшигч үнэмлэхээ авч, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа. Тэдгээрийн 61.3 хувь нь эрэгтэй, 38.7 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байгаа нь хуульд заасан хүйсийн харьцааг хангаж байна.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт 2.224.233 иргэн саналаа өгнө. Нийт сонгогчдын 1.143.172 нь орон нутагт, 1.081.061 нь нийслэлийн сонгогчид байна. Эдгээрээс 16.259 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан бөгөөд өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд хэсгийн хорооны гишүүд батлагдсан хуваарийн дагуу саналыг нь авч байна.
Сонгогчийн ирц, санал хураалтын дүнг шууд дамжуулахаар Монгол Улсын алслагдсан хэсэгт байрлаж буй хэсгийн хороодод 410 (старлинк) интернэтийн сүлжээний төхөөрөмж байршуулж бэлтгэлээ" гэв.
Тэгвэл гадаад улсад байгаа иргэдийнхээ саналыг авахаар цахимаар бүртгэсний үр дүнд 13095 сонгогч бүртгүүлж, санал авах ажиллагааг анх удаа 4 өдөр зохион байгууллаа. Саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 74.53 хувь нь саналаа өгчээ.