Ардчилсан намын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Цэнгүүнтэй ярилцлаа.
"ТӨРИЙН ХИЙХ ЁСГҮЙ ЗҮЙЛСИЙГ САНУУЛЖ ЗАСАХ НЬ ХӨГЖЛИЙН НЭГ БОДЛОГО..."
-Та АН-ын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдоод хагас жил орчмын хугацаа болох гэж байна. Яриагаа таны ажлаас эхэлье гэж бодлоо. Өнгөрсөн хугацаанд ямар төсөл, хөтөлбөрүүдэд төвлөрч ажилласан бэ?
-Төрийн сонгуультай жил би АН-ын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргын ажлыг авсан. Энэ ч агуулгаараа хамгийн чухал нь намын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан явдал байлаа. Салбар бүрийн мэргэжлийн төлөөллүүдтэй хамтарч, бодлого боловсруулж буй арга барилаас нь суралцаж, туршлага солилцох боломж олдсонд талархаж байна.
Бодлогын нам байх, тэр тусмаа сөрөг хүчин байна гэдэг амаргүй. Ардчилсан нам ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүдээ сонсож, асуудлаа дундаа тавьж байгаад бодлогоо гаргаж, шийдлээ тодорхойлдог. Бидний ялгарах олон зүйлийн нэг нь энэ юм.
АН баруун төвийн үзэл баримтлалтай нам учраас Хөгжлийн бодлогын асуудлаа тодорхойлохдоо төр юу хийж өгөх вэ гэдэг биш, эсрэгээрээ төр юуг хийж болохгүй вэ гэдгийг маш сайн гаргах шаардлагатай. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд манай төр маш том данхар бүтэцтэй болсон. Бизнесийнхний хувийн орон зай, хууль эрх зүйн орчны баталгаа бүхлээрээ алдагдсан. Яагаад гэвэл бүх л юм руу төр өөрөө орж, зах зээлийг нь булааж байгаа шүү дээ. Тиймээс энэ байдлыг зөв голдиролд нь оруулахын төлөө бид хичээж ажиллаж байна.
-Сүүлийн үед Монголын төр босгогүй боллоо. Туршлагагүй, мэдлэггүй залуучууд сэтгэл хөөрлөөрөө улс төр хийж УИХ-д сонгогдож байна гэж их шүүмжилдэг болсон. Яг ийм шүүмжлэлд өртөж байгаа залуучуудын нэг төлөөлөл бол та. Хувьдаа үүнийг юу гэж бодож, дүгнэдэг вэ?
-Ямар хүнийг УИХ-ын гишүүн гэх вэ гэдэг ойлголт өөрөө маш энгийн юм л даа.УИХ бол УИХ-ын тамхимд багтсан ард иргэд буюу УИХ-ын гишүүн бол нийгмийн бүлгүүдийн төлөөлөл. Иргэд өөрийнхөө төлөөллийг л бидний өмнөөс төлөөлж шийдвэр гарга гээд илгээж байгаа хэрэг. Уг нь төрд салбар бүрийн төлөөллүүд орж байж тухайн салбарын хөгжлийн асуудлыг бодлого, шийдлээр зангидаад явах боломж бүрдэх юм.
Гэтэл УИХ-ын танхимд энэ насны хэдэн гишүүн байна вэ. Ингэхээр манай УИХ-ын төлөөлөх чадвар бүрэн хангагдахгүй байна л гэсэн үг. Иймээс залуу улстөрч парламентын гишүүн болох нь парламентыг бүтэн, бүрэн чадамжтай болгож буй хэлбэр.
Нэг зүйлийг хэлмээр байна. Манай залуучууд өөрсдийгөө их голдог. Би болоогүй, чадахгүй гэж боддог. Алхам тутамд бөөн асуудал үүсчихсэн байхад л ажиглагчийн байр сууринаас хандах гээд байдаг. Ямар нийгмийг хүснэ түүнийг бүтээхийн тулд оролцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл амьдарч буй нийгэм нь бүрхэг болонгуут “Монголд амьдрах арга алга” гээд эх орноосоо дайжчихдаг. Тиймээс залуучууд маань зоригтойгоор дуу хоолойгоо илэрхийлж, өөрчлөхийг хүссэн энэ нийгмээ өөрсдийнхөө гараар өөрчлөөсэй гэж хүсдэг.
"НЭГЭНТ ТОГТЧИХСОН ХАНДЛАГЫГ ӨӨРЧЛӨХ ХЭЦҮҮ ЮМ БИЛЭЭ. 26 НАС ТИЙМ Ч БАГА НАС БИШ"
-Ардчилсан намын нэр дэвшүүлэлтийн процесс нэлээд галтай өрнөсөн. Шуудхан асуухад “ЖАГСААЛТЫН 4” гэж онцгойрч шүүмжлүүлсэн хүн бол өөрөө. Массаас янз бүрийн л нэр, хоч зүүсэн байх. Нам дотор чинь ч тооноор оруулчихлаа гэх байдлаар ил улаахан шүүмжилсэн хэсэг хүмүүс бий. Танд яаж туссан бэ?
- Сонгон шалгаруулах өдөр яг юу болохыг бид мэдээгүй байсан. Манай залуучуудын байнга хэлж байсан зүйл нь залуучуудаа сонсож, нийгмээ өөрчлөхийн тулд төлөөлөлтэй баймаар байна гэдэг байсан. Тэгээд нэр дэвшилт болоод өнгөрсний дараа ажиглагдсан зүйл маань нэгэнт тогтчихсон хандлагыг өөрчлөх маш хэцүү юм байна гэж бодогдсон. 26 нас гэхээр уг нь тийм ч айхтар залуу, жаахан нас биш л дээ. Гэтэл гэрээ ч засаагүй жаахан хүүхдийг төр түшилцүүлнэ гэж юу байх вэ гээд л хүчтэй шүүмжилж байсан.
Жишээ нь төрийн албанд ороод ажиллах гэхэд туршлагагүй, мэдлэггүй, боловсроогүй гээд л гадуурхдаг. Тийм байж яагаад залуучуудаа нийгмийн өөрчлөлтийн төлөө оролцоогоо хангаж чадахгүй байна гэж бухимдаад байдгийг ойлгодоггүй.
Гэхдээ өөдрөгөөр харж байгаа нэг зүйл бол энэ удаагийн сонгуулийн дараа нийгэм болоод улс төрийн энэ ужгирсан хандлага нэлээд өөрчлөгдөх байх.
-Яагаад анхнаас нь тойрогт биш жагсаалт руу нэрийг нь оруулчихсан юм бэ. Магадгүй намын бодлогоор гэх байх л даа. Өөрт чинь тойрогт нэр дэвшье гэсэн бодол байсан уу, эсвэл эмэгтэйчүүдийн квотоо бүрдүүлье гээд жагсаалтад нэр дэвших бодолтой байв уу?
-Нэр дэвшилт дээр би заавал энд нэр дэвших ёстой гэсэн бодол бариагүй. Тэгэхээр намын бодлогоор намайг дэвшүүлсэн гэж хэлж болно. Тойргийн тухайд бүсчилсэн тойрог хэт том, сурталчилгааны хугацаа 14 хоног учраас шинэ хүмүүс тойргуудад очоод өөрсдийгөө иргэдэд танилцуулах боломж цаг хугацааны хувьд ч, нөхцөл байдлын хувьд ч хомс болохоор залуу үеийн төлөөлөл намын жагсаалтад заавал орох ёстой гэсэн үндэслэлээр намайг дэвшүүлсэн байсан.
Эмэгтэйчүүдийн квотын тухайд миний хувьд нэг их чухалчлаад байдаггүй. Намын маань үзэл баримтлал өөрөө хүний эрхийг дээдэлсэн, аль нэг хүйсэд ялгамжтай хандах нь зохисгүй гэж үздэгтэй адил би тийм л байр суурьтай байдаг.
Гол нь бодлого тодорхойлж чадах хүмүүсээ бид төрд төлөөлөл болгож сонгох хэрэгтэй. Түүнээс биш хүйсээр түрүү барьж болохгүй л гэж хэлмээр байна.
Манай АН-ын нэр дэвшүүлэлтийг харвал бүх зүйл нь бодитой байсан. Ямар нэг хуурамч зүйл огт байгаагүй.
“GEN Z” ҮЕИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ НИЙГМИЙН ХАНДЛАГА ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГААД БАЯРЛАДАГ
-Намын жагсаалт дотор хэн нь хэд дугаарт бичигдэх вэ гэдэг нь бас их чухал шүү дээ. Улс төрийн туршлагатай З.Нарантуяаг оруулаагүй хэр нь С.Цэнгүүнд давуу эрх олголоо гэх зэргээр ярьдаг. Хэр үнэтэй, чухал орон зай санагдсан бэ?
-Жагсаалтын дөрөвт миний нэрийг дуудахад би шоконд орсон. Хэсэг хугацааны дараа үнэхээр намын бодлогоор хариуцлага хүлээлгэж, нөгөө талаас маш том дэмжлэг үзүүлж байна гэж хүлээж авсан. Надад няцах эрхгүй нөхцөл байдал үүсчихсэн. . Тэгэхээр миний хувьд үзэл санаандаа бат зогсож намаас хүлээлгэсэн хариуцлагыг дааж гарах нь хамгийн чухал үүрэг даалгавар.
-Өнгөрсөн хугацаанд АН-ын нарийн бичгийн даргаар сонгогдсоноос чинь хойш С.Цэнгүүн гэдэг хүнийг улс төр дахь “Gen Z” үеийн төлөөлөл гэдэг өнцгөөс хүмүүс хардаг болсон. Одоо жагсаалтаар нэр дэвших гэж байна. Нэг хэсэг нь үүнийг харахдаа хэний дэмжлэгээр, гэрлийн хурдаар намд бууриа засав гэж хардах. Үүнд ямар тайлбар хийх вэ?
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Лу.Гантөмөр дарга намаа цэгцлэхдээ үе солигдох давлагааг бий болгосон. Орон нутгаар олон удаагийн уулзалт хийж, нам дотроо залуучуудын зөвлөгөөнийг хийсэн. Үүний үр дүнд маш олон залуучууд намд элссэн. Бид үүнийг Ардчиллын 2 дахь давлагаа эхэлж шинэчлэл хийгдэж эхэллээ гэж боддог. Надад энэ нь маш том боломжийг нээж өгсөн. Миний хувьд яг тэр давалгаатай хамт явчихсан л нэгэн.
Нөгөө талаараа өөрийнхөө хэмжээнд дуу хоолойгоо хүмүүст хүргэж чадсан гэж боддог. Анхны “Gen Z” үеийн төлөөлөл гэж байхад нийгэм маань бараг хоёр хуваагдчихсан байлаа шүү дээ. Тийм үе Монголд байхгүй, эсвэл байна гэх байдлаар үзэл бодлын зөрчилдөөн үүссэн. Харин яваандаа арай өөрөөр хардаг болсон.
-Та дэд бүтцийн салбарт ажиллаж байсан туршлагатай хүн. Улаанбаатар хотын өнөөгийн хөгжлийн бодлогыг хаашаа явж байна гэж хардаг вэ? Юуг нь өөрчилье гэж боддог вэ?
Улаанбаатар бол Метрополитон хот. Нэн тэргүүний асуудал бол утаа. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид айлуудын зуух сольж, нүүрс хориглож үзсэн. Өөрөөр хэлбэл асуудалтай тэмцэж ирснээс уг үндсийг нь шинэчилье гэж бодоогүй.
Миний хувьд товчхондоо эрчим хүчний реформ хийж байж л бид утаанаас салж, гэр хорооллын дэд бүтцийг сууриар нь хөгжүүлж чадна гэж үздэг. Цахилгаан станцууд эрчим хүчнээс гадна дулаан үйлдвэрлэдэг. Дулаан байх хэрэгцээ буюу халаалтын салбар Монголд 100% төрийн өмчид байна. Сайжруулсан түлшинд жил бүр 500 тэрбум төгрөг төсөвлөдөг. Энэ бол үр ашиггүй зардал.
Дулаан түгээх ТӨК нь алдагдалтай ажилладаг. Дээр нь гэр хорооллын айлууд өвлийн галлагаа, цахилгааны төлбөртөө 200-300 мянган төгрөг сар бүр зарцуулж байхад амьжиргаа сайтай орон сууцны иргэд ус, дулаан, цахилгаантайгаа 2 өрөө байранд 90 мянган төгрөг төлж байна. Мэдээж орон сууцны айлуудын зөрүү төлбөрийг татвар төлөгчидийн өгсөн мөнгөөр нөхдөг. Гэтэл бодит байдал дээр Улаанбаатар хотын шугам сүлжээ элэгдэлд орж хэзээ тэг зогсолт хийх нь тааварлах аргагүй нөхцөл байдалд хүрсэн.
Дэд бүтцийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Санхүүжилтийг зөв зохион байгуулах ёстой. Ингэхдээ төрийн өмчит компаниудад менежментийн шинэчлэл хийж, инфляцитай уялдсан зах зээлийн хөвөгч үнийг тогтоох хэрэгтэй. Шуудхан хэлэхэд эрх баригчдад өнгөрсөн найман жил шийдэл нь ил тод байсаар байхад үйлдэл хийсэнгүй. Дэд бүтцийн салбарт эрс шинэчлэл хийх нь урт хугацааны ажил учраас үр дүн нь хурдан харагдахгүй. Богино хугацааны улс төржсөн шийдвэрүүд биш бодитой ажлуудыг одоо л хийхгүй юм бол бид цаг хугацаагаа алдсаар байна. Би эрчим хүчний реформ хийх зорилгодоо бат зогсох болно.
- Ярилцсанд баярлалаа