Дотоодын цэргийн 05-р ангийн алба хаагч машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, тавдугаар сарын 30-нд Төв аймгийн Цээл суманд 21.40 цагт дотоодын цэргийн 05-р ангийн алба хаагч нас барсан гэх дуудлага бүртгэгдсэн байна. Тэгвэл дээрх хэргийн талаар өнөөдөр ЦЕГ-аас /2024.06.03/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын газраас холбогдох албаны шалгалтыг хийж байна. Дотоодын цэргийн штабаас зөвшөөрөл авсан, аваагүй гэх зэрэг худал мэдээлэл нийгмийн сүлжээнд яригдаж байна.
Дотоодын цэргийн ангиуд өөрсдийн туслах аж ахуйг дэмжих зорилгоор хугацаат цэргийн алба хаагчдыг тусгай ажилд томилдог. Энэ хүрээнд хийгдсэн ажил.
Түүнээс биш дотоодын цэргийн штаб дарга, удирдлагууд хувийн ажилдаа цэргийг ажилуулаагүй. Дотоодын цэрэг зөвхөн хууль тогтоомж, цэргийн дотоод албаны дүрмийг чанд мөрддөг. Тухайн ангид өөрсдийн туслах аж ахуй байдаг. Тийм ажил хийж байсан. Асуудлыг нууж хаасан зүйлгүй. Хэзээ ч хугацаат цэргийн алба хаагч өөрөө автомашин барьж явахгүй. Ямар шугамаар юунд явж байсан гэдгийг шалгаж байна.
Хэрэг гардаг өдөр нэг ахлагч, 8 хугацаат цэргийн алба хаагч ажилд явсан. 2023 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдсан. Ар гэртэй нь уулзсан, туслаж дэмжинэ. Ахлагчийн дундаж цалингийн 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгоно. Оршуулгын тэтгэмжийг мөн олгоно" гэв.