"Ашигт малтмалын лиценз"-ийн асуудлаарх хянан шалгах түр хорооны сонсгол үргэлжилж байна. Үдээс хойш татвар, төлбөрийн өртэй ААН-үүдийн мэдээллийг танилцуулав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн Ц.Сандаг-Очир "Хувийн хэвшлүүдийг яах гэж дуудсан юм бэ. Хянан шалгах түр хороо зорилгоосоо хазайж, нэг компани руу чиглэж, улстөрчид нэгийгээ чадах гэсэн асуудалтай болчих вий. "МОЭНКО" ХХК-ийнхан ярьж байна шүү дээ. Нэг ч нүүрс экспортлоогүй байхдаа нийгмийн хариуцлагын хүрээнд 300 гаруй км замыг өөрсдийн хөрөнгөөр барьж, 2600 хүнийг ажлын байраар хангаад, жил бүр орон нутгийн төсөвт 10 гаруй тэрбум төгрөг төлж байгаа юм байна.
Гэвч баялаг бүтээж, ажлын байр бий болгож буй ААН-үүдээ авчирч байцаагаад, татварын өртэйгөөр нь дуудаж, нэр усыг нь цоллоод байх юм уу.
Үндсэндээ, энэ улс чинь уул уурхай дээр тогтож байгаа шүү дээ. Орлого оллоо, төсөв нэмэгдлээ гээд л байдаг. Тэр чинь уул уурхайгаас л орж ирж байгаа. Тийм учраас эдгээр ААН-үүдийг энд авчраад цоллох нь зохисгүй санагдаж байна. Надад эрх нь байсан бол би энэ хүмүүсийг явуулчихмаар л байна" гэлээ.