Олон жилийн нар салхинд гундаж, өнгө нь зэвхий сааралтсан банзан хашааны буланд цэнхэр өнгийн төмөр дээр “Хүүхдийн тоглоомын талбай” гэж бичжээ. Энэ бол Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах хүүхдийн тоглоомын талбай. Гадаа сэрүүн байсан учраас тоглож буй хүүхэд байсангүй. Тоглоомын талбай руу ортол хүүхэд гэмтээж бэрмээт эрсдэлтэй орчин угтав. Тэнд тоглож байгаад хүүхэд хөл гараа шалбалах, бэртэж гэмтлээ гэхэд гайхах ч зүйл алга.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд өнөөдөр /2024.05.29/ нийт гурван га талбайд спорт цогцолбор ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслол боллоо. Үндсэндээ газар чөлөөлөлт хийгээд дуусжээ.
Тус дүүрэгт 145 мянган иргэд амьдардаг ч ганц ч спорт цогцолборгүй өнөөдрийг хүржээ. Энэхүү спорт цогцолбор баригдсанаар хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэж буй.
Уг цогцолборын 70 гаруй хувь нь ногоон байгууламж байх бөгөөд энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөн, Засгийн газар, нийслэл, дүүргийн ЗД-ын мөрийн хөтөлбөрт тусгасан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилтай нийцэж буйг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа онцлов.
Сүхбаатар дүүрэгт анхны спорт комплекс баригдах суурь ийнхүү тавигдлаа
Тэрбээр үргэлжлүүлэн “Манай дүүрэгт спорт заал байдаггүй. Уг нь улсын төсвөөр 2011 онд эхэлсэн МУИС-ийн хойно баригдаж байсан спорт цогцолбор өнөөдрийг хүртэл ашиглалтад орж чадахгүй гацсан байдалтай байгаа. Мөнгө, санхүү нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй, маш олон жилийн нүүрийг үзлээ. Бүх шатанд буюу УИХ-ын гишүүд, салбар яам гээд асуудлыг шийдүүлэх гэж яваагүй газар байхгүй дээ. Шийдэлгүй, одоо бараг нөгөө спорт заал барихаар эхлүүлсэн барилгын хийц нь олон жил болоод хагарч, элэгдсэн байдалтай болсон.
Сүхбаатар дүүргийн иргэдийн дунд тэмцээн, уралдаан зохион байгуулахад спорт заалгүй байсан. Энэ бүгдийг харгалзан үзээд хоёр үе шаттайгаар буюу 2023 онд эхний төсвийг нь тавьсан 2024 онд үлдэгдэл төсвөө суулгасан.
Бүх төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой сүүлийн үеийн стандарт бүхий хоёр барилга, хөлбөмбөгийн талбай баригдана. Эхний төсөвт 9 тэрбумыг суулгасан. Харин сүүлийн төсвийн хувьд зураг төслийн ажил нь барилга хөгжлийн төвөөр батлагдахаар нэгдсэн төсөв гарна. Тэр нь 20 орчим тэрбум байх болов уу. Дүүргийн хүүхэд залуус, иргэддээ нийтийн биеийн тамираар хичээллэх түүнчлэн спортын тэмцээн уралдаан зохион байгуулахад заалны асуудал үргэлж тулгардаг тул бид орон нутгийнхөө хөрөнгө оруулалтаар энэ цэцэрлэгт хүрээлэн бүхий Спорт цогцолборын төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн нь энэ” гэв.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд нийт гурван га талбайд спорт цогцолбор ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг барих төсөлд шалгарсан “Билгүүн Монгол констракшн” компанийн Ерөнхий инженер Ж.Батболд “Энэ газар үерийн ус, намагтай учраас хөрсийг сольж, бүх эрсдэлийг нь тооцож чанартай барилга барина. 15-20 айлын газар чөлөөлсөн. 2025 оны хоёрдугаар улиралд спорт цогцолборыг ашиглалтад бүрэн оруулна. Өнөөдрөөс газар шорооны ажил эхэлнэ. 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллана. Манай компани байгуулагдаад 12 жил болсон. Чингис хааны музейг барьсан туршлагатай” гэдгийг онцлов.