Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр (2024.05.29) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нээж, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасны дагуу хуралдааны ирц, хэлэлцэж буй асуудалд холбогдох Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон хэлэлцэх асуудлын товыг танилцуулав.
Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл нь виртуал бүс буюу цахим орчинд мэдээллийн технологийн компаниуд тодорхой шалгуур давж, бүртгүүлэх, бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага татварын болон татварын бус дэмжлэгтэйгээр зах зээлд гарах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.
Энэхүү хууль батлагдсанаар мэдээллийн технологийн компаниудыг E-Mongolia-д нэгдсэн байдлаар бүртгэнэ. Ингэхдээ хувийн хэвшлийн төлөөлөл бүхий мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн зөвлөл ажиллаж, шалгуур хангасан, эсэхээс хамаарч тухайн бүсэд бүртгэнэ. Бүртгүүлсэн компаниудад татварын болон бусад дэмжлэг үзүүлэх талаар төсөлд тусгасан. Татварын хөнгөлөлт, дэмжлэгийг Сангийн яамны шалгуураар илүү тодотгож өгөх шаардлагатай гэсэн саналыг Ажлын хэсэг ирүүлжээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй санал гаргах эрх зүйн орчин байхгүй тул Төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулж, ирэх оны төсвийг хэлэлцэх үед тэдгээр шалгуурыг тодорхой тусгаж өгөх боломжтой гэв.