УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн санаачилсан “Эдийн засгийн эрх чөлөөний тухай“ хууль батлагдлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 16 секунд

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.03) нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн чухал хуулийн төсөл батлагдсаний нэг нь УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалангийн санаачилсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль байв.

Тодруулбал, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг батлахыг Улсын Их Хурлын 72 гишүүн дэмжиж, хамт өргөн мэдүүлсэн 92 төслийг батлах санал хураалтыг нэгбүрчлэн явуулж, шийдвэрлэсэн юм.

Энэ удаагийн ээлжит чуулганаар баталсан онцлох, чухал ач холбогдолтой хууль гэдгийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэмдэглэв. Засгийн газар болон О.Цогтгэрэл нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн хууль болохыг дурдсан. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 36 жилийн дараа хувийн хэвшил, чөлөөт зах зээлд суурилсан эдийн засгийн тогтолцоог жинхэнэ утгаар нь бэхжүүлэхэд чиглэсэн, төр-хувийн хэвшлийн харилцааг тодорхойлсон чухал хуулийг хэлэлцэн баталж байгааг хэлээд “Энэ хуулиар төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, үнэ тогтооход оролцохгүй, бизнесийн орчин урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой, хөрөнгө оруулагч нарт ээлтэй байх эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Энэхүү хуулиар төр гэнэтийн шийдвэр гаргахгүй, бизнест сөргөөр нөлөөлөх хуулийг батлагдсанаас хойш 6-аас доошгүй сарын өмнө мөрдөнө, нэг мэдээллийг төр нэг л удаа авах зохицуулалттай болж байна. Мөн төрийн хүнд суртлыг 2-3 дахин цөөрүүлж, эрчим хүч, санхүү, боловсролын салбарын 41 зөвшөөрлийг бүрмөсөн хүчингүй болгож байна. Барилгын салбарт 1 үйл ажиллагаанд 3 зөвшөөрөл авахын тулд 3- 4 жил зарцуулдаг байсныг зогсоох юм. Нэгэнт авсан зөвшөөрлүүдийн хугацааг уртасгаж, тусгай зөвшөөрлийг 10 жил, энгийн зөвшөөрлийг 5 жилээр олгодог болж байна. Зөрчилгүй бол ажлын 2 өдөрт багтаагаад сунгана. Зөвшөөрөл авахад тавьдаг 20-30 шаардлагыг 8-15 болгож цөөрүүлсэн. Татвар нийгмийн даатгалын өртэй гэх шалтгаанаар зөвшөөрлийг цуцлах, сунгахаас татгалзахыг хориглож байгаа. Нийтдээ 120 гаруй зөвшөөрөл олгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлж байна. Хөрөнгө оруулалтад урт хугацааны тогтвортой байдлыг бий болгож байгаа. Гадаад, дотоодоос татсан зээлийн хүүгийн орлогын татварыг 5 хувь болгон бууруулж, гадна, дотроос хямд эх үүсвэр татах бололцоог бий болгож байна. Улаанбаатарт 20 тэрбум төгрөг, орон нутагт 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахад 10 жилийн тогтворжуулалт олгоно. 50 тэрбум төгрөгөөс дээш бол байршлаас үл хамааран 15- 20 жилийн баталгаа өгнө. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Дата төв хиймэл оюун ухааны тоног төхөөрөмжийг гаалийн татвараас 100 хувь хөнгөлж, дэвшилтэт технологи, хүнс, аялал жуулчлалын салбарыг гадаадын ажилтны ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлж байна. Өмнө зөвшөөрснөөс бусдыг хориглодог байсан бол одоо хориглосноос бусдыг зөвшөөрдөг чөлөөт эдийн засгийн суурь зарчим бүрэн үйлчилж эхэллээ” гэв. Ойрмогхон Улсын Их Хурлын баталсан татварын багц хуулиуд ч мөн бизнес эрхлэхэд тулгарч байсан санхүүгийн дарамтыг багасгах, татварын ачааллыг бууруулахад чиглэсэн болохыг тэрбээр дурдав. Хувийн хэвшлийн орон зай тэлэх тусам эдийн засаг эрүүлждэг, ядуурал буурдаг гэдгийг нийтээрээ зөвшөөрч, яаралтай горимоор хэлэлцэж, эдийн засгийн эрх чөлөөг тунхагласан Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийллээ.

Үер усны асуудлаар НОК 12.00 цагаас хуралдана
Үер усны асуудлаар НОК 12.00 цагаас хуралдана
 
Тавдугаар сарын 31-ний дотор худалдан авалт хийгээгүй бол санхүүжилтийг буцаан татах нь ҮХЦ зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Тавдугаар сарын 31-ний дотор худалдан авалт хийгээгүй бол санхүүжилтийг буцаан татах нь ҮХЦ зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!