Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ББСБ зээлээр олгосон автомашиндаа эзэнд нь хэлэхгүйгээр БАЙРШИЛ тогтоогч суулгах болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 51 секунд

Шатахуун бага зарцуулдаг приус маркийн автомашиныг монголчуудын дийлэнх олонх унадаг. Улаанбаатарын замаар "урсаж" байгаа авто машиныг харахад л ойлгомжтой. Гэвч иргэдийн түрийвч хоосон байгаа нь банк бус санхүүгийн байгууллагын /ББСБ/ өгөөш болж байна гэхэд буруудахгүй. Тухайлбал, ченжүүд 10 автомашин зарахад 7-г нь банк бусаар үлдсэнийг нь бэлэн мөнгөөр авдаг гэнэ. Ихэвчлэн цалингийн зээлтэй хүмүүс ББСБ-аас өндөр хүүтэй автомашины зээл авдаг. Үүнээс харахад бэлэн мөнгө яахын аргагүй “нүдний гэм” болжээ.

Тэгвэл сүүлийн үед зарим ББСБ зээлээр олгосон автомашиндаа эзэнд нь хэлэхгүйгээр байршил тогтоогч суулгах болжээ.

Зарим нь эздэд нь хэлж гэрээ байгуулдаг бол зарим нь байршил тогтоогч суулгаснаа мэдэгддэггүй гэнэ. Улмаар зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй үед автомашиныг нь байгаа газраас нь олоод аваад явчихдаг аж. Үүнийг нь мэдэхгүй иргэд "Автомашинаа хулгайд алдсан" гэж цагдаагийн байгууллагад ханддаг ч начир дээрээ ББСБ-ууд автомашинд нь байршил тогтоогч суулгасан болж таардаг гэнэ.

ББСБ: Иргэд зээлээ төлөхгүй алга болчихвол яах вэ. Тиймээс л байршил тогтоогч суулгадаг

Байршил тогтоогчийн хувьд том, жижиг хэмжээнээсээ хамаараад үнэ нь харилцан адилгүй. Тухайлбал, SIM карт Slot дурын сим карт хийн байршил харж, тухайн орчны дууг сонсох боломжтой байршил тогтоогч 300 мянган төгрөг, жижиг хэмжээтэй нь 150 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин ББСБ-уудын хувьд бүгд биш ч гэсэн зарим нь байршил тогтоогч суулгадаг талаар нийтлэлийн эхэнд дурдсан.

Тэгвэл зарим ББСБ-ууд үүнийгээ "Иргэд зээлээ төлөхгүй алга болчихвол яах вэ. Тиймээс өөрсдөд нь хэлж, байршил тогтоогч суулгадаг. Тэр нь гэхдээ дуу бичдэггүй, зүгээр л байршил тогтоогч. Зээлээ хугацаанд нь төлөхгүй бол байгаа газраас нь очиж автомашинаа авна шүү гэдгийг ч гэрээндээ тусгасан байдаг. Харин эздэд нь хэлэхгүйгээр байршил тогтоогч суулгах нь гэмт хэрэг" гэж тайлбарлав.

Гэмт хэргийн шинжгүй гэж үзэж буй зарим дуудлага нь ББСБ-тай холбоотой

Иргэдээс автомашинаа хулгайд алдсан тухай дуудлага мэдээлэлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Он гарснаас хойш нийт 271 дуудлага мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд бүртгэгджээ. Мөн 109 дуудлага гэмт хэргийн шинжгүй гэж буцаагдсан байна. Энэ талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Д.Ганхуяг хэлэхдээ “Гэмт хэргийн шинжгүй гэж үзэж буй зарим дуудлага буцаагдсан тохиолдлуудаас зарим иргэд автомашинаа олохгүй, зогсоол андуурсан, автомашинаа олохгүй аль эсвэл ах дүү найз нөхөд нь хэлэхгүй унасан.

Банк бус санхүүгийн байгууллагуудаас авсан автомашины зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй нөхцөлд хураагдсан тохиолдлууд бүртгэгдэж байна" гэв.

Иргэд автомашин худалдаж авахаар ББСБ-тай гэрээ байгуулахдаа "Заасан хугацаанд зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй нөхцөлд автомашиныг хураахад гомдолгүй" гэсэн хэсэгт гарын үсэг зурдаг. Харин энэхүү гэрээг хоёр талаас хүлээн зөвшөөрсөн учраас хуулийн хүрээнд хүчин төгөлдөр үйлчилдэг юм байна.

Автомашины ломбард үйлчлүүлэгчдээ хэлэхгүйгээр байршил тогтоогч суулгасан байсан

Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль батлагдаад хуулийг хэрэгжүүлэх механизм ХЭҮК-т ирсэн. 2022 оны хоёрдугаар сарын сүүлээр тус хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд ХЭҮК-т 53 гомдол, мэдээлэл ирсэн. Тухайлбал, ББСБ-д зээлээ хугацаанд нь төлөөгүй иргэдийн хувийн мэдээллийг ашиглаж "Танай байгууллагын даргад мэдэгдэнэ" гэж дарамталсан тохиолдол гарсан.

Автомашины ломбардын үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэрээгээр тухайн автомашиныг өөрийн өмчид авсан мөртлөө байршил тогтоогч суулгасан тохиолдол гарсан. Суурилуулахдаа тухайн хүнд хэлээгүй байсан. Ийм тохиолдолд ХЭҮК-ын зүгээс маш хатуу байр суурьтай байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн дагуу хүнийг хууль бусаар мөрдөж мөшгих, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан гэж үздэг" гэв.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль батлагдсан ч ....

Уг нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль 2022 оны тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд "Ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, автомашин эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд камер, байршил тогтоогч, дуу хураагуур байршуулахыг хориглоно" гэж заасан. Гэвч бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгааг дээрх тохиолдлууаас харж болохоор байна.

Иргэд ББСБ-ын хүүнд ДАРЛУУЛЖ байна

Өнөөдрийн байдлаар "Да хүрээ" автомашины зах дээр 2024 онд орж ирсэн Prius-30 оноосоо хамаарч 25-29 сая төгрөг. Prius-20 оноосоо хамаарч 20-23 сая төгрөг, Toyota aqua 18-21 сая төгрөгийн үнэтэй байна.

Жишээлбэл, 24 сая төгрөгийн автомашин авлаа гэхэд урьдчилгаа 5 сая төгрөг төлөөд ББСБ-аас 20 саяыг зээлж сард 950 сая төгрөгийг төлнө. Ингэхээр гурван жилийн хугацаанд банк бусын хүүнд 15 саяыг төлнө гэсэн үг.

Монгол Улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар ББСБ-уудын нийт хөрөнгө 2022 оныхоос 1.1 их наяд төгрөгөөр 2023 онд өсөж 4.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн ББСБ-уудын орлого 295.9 тэрбум төгрөгөөр, зардал 176.7 тэрбум төгрөгөөр, цэвэр ашиг 119.2 тэрбум төгрөгөөр өсжээ.

Ч.Хүрэлбаатар: Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 2687 зээлдэгчид олгож, 315.7 тэрбум төгрөг зарцуулаад байна
Ч.Хүрэлбаатар: Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 2687 зээлдэгчид олгож, 315.7 тэрбум төгрөг зарцуулаад байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.