Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Өнөржаргал: Төр хүнээ бодлогын төвд байлгана гэдэг ч энэ нь тунхагийн л шинжтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 44 секунд

Хуульч Одсүрэнгийн Өнөржаргалтай ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Ямар мэргэжилтэй вэ?

-Намайг Одсүрэнгийн Өнөржаргал гэдэг. Хуульч мэргэжилтэй. Одоо санхүүгийн салбарт хуульчаар ажилладаг. Хуульч бол миний хоёр дахь мэргэжил. Үндсэн мэргэжил Бизнесийн удирдлага, Санхүүгийн менежмент. Санхүүгийн менежмент мэргэжлээрээ Магистр зэрэгтэй. Санхүү, бизнесийн салбарт 10 гаруй жил үндсэн мэргэжлээрээ ажиллаж байгаад ажлын хэрэгцээ шаардлагын дагуу хууль, эрх зүйн чиглэлээр суралцсан. Зургаа дахь жилдээ хуульчаар ажиллаж байна.

-Яагаад хуулийн чиглэлээр суралцах болсон юм бэ?

-Би 2003 онд ШУТИС-ийн КтМС-ийг Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн, мөн тухайн жилдээ Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн англи хэлний орчуулагчийн ангийг оройгоор төгссөн. 2004 онд АНУ-ын Эль Камино коллежид суралцахаар явсан бөгөөд 2009 онд эх орондоо ирсэн. Ирсэнээсээ хойш 2015 хүртэл бизнесийн салбарт Гадаад харилцааны менежер, Ерөнхий менежер зэрэг албан тушаалд ажиллаж байлаа. Ажиллаж байх явцдаа бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлж, амжилттай авч явахын тулд хууль, эрх зүйн мэдлэгтэй байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Ингээд 2015 онд МУИС-ийн ХЗС-д эрх зүйч мэргэжлээр суралцаж эхэлсэн. Миний хувьд ер нь өөрийгөө байнга хөгжүүлж, цагийг аль болох үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг.

-Эрх зүйч мэргэжлээрээ сураад шууд энэ салбар луу “уравчихсан” хэрэг үү?

-Тийм. Хууль зүйн шинжлэх ухаан надад их таалагдсан. 2018 онд сургуулиа эрх зүйч мэргэжлээр төгсөөд түүнээс хойш хууль, эрх зүйн чиглэлээрээ ажиллаж байна. 2022 онд Хуульчийн эрх олгодог шалгалтандаа тэнцэж, Хуульч болсон. Одоо санхүүгийн салбартаа хоёр мэргэжлээ хослуулаад, уялдуулаад л ажиллаж байна.

-Тэгвэл яагаад улс төрд орохоор шийдсэн юм бэ?

-Хүмүүсийн гол анхаарал хандуулж байгаа зүйл яалт ч үгүй улс төр болчихлоо л доо. Төрийн бодлого зөв, үйл ажиллагаа нь уялдаатай, ард иргэдийн амьдрал сайжраад явж байсан бол бид өмнөх ажлаа л хийгээд явна. Гэтэл бид сүүлийн 34 жил шилжилтийн нөхцөл байдалд байсаар л байна, ард иргэдийн амьдрал муудсан уу гэхээс сайжирч өөрчлөгдсөн зүйл алга. Сүүлийн хэдэн жил мэргэжилтэй, ур чадвартай, чадварлаг боловсон хүчнүүд Монголоос дайжиж байна. Төрийн шийдвэр гаргалт алдаа дутагдал ихтэй байна, сайжруулж болохоор зүйлсийг хийхгүй байна. Бодлогын гэж хэлж болохуйц алдаанууд байгаа учраас төрийн үйл хэрэгт залуусын оролцоо маш чухал юм байна гэж харж эхэлсэн. Залуус, тэр дундаа эмэгтэйчүүдийн оролцоо үнэхээр хэрэгтэй байна.

-Таны хувьд “Үндэсний Эвсэл”-ээс нэр дэвшихээр болсон. Тус эвслийг сонгох шалтгаан нь юу байв?

-Миний өөрийн үзэл бодолтой “Үндэсний Эвсэл”-ийн үзэл баримтлал, зарчим, мөрийн хөтөлбөр нийцэж байгаа. Тодруулбал, “Иргэн баян бол улс баян” гэх суурь зарчим. Мөн хүн нь бодлогынхоо төвд нь байх ёстой гэж үзэж байгаа нь таалагдсан. Хүнээ бодлогынхоо төвд тавиад боловсрол, эрүүл мэнд, санхүүгийн чадамж зэрэгт нь зөв бодлого, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн зохист нөхцөлөөр дэмжлэг үзүүлж, анхаараад эхэлбэл хүн боловсорч эхэлнэ. Хүн нь боловсорсон үед улс хөгжиж эхэлдэг. Одоогийн төр засаг бид хүнээ нэгдүгээрт тавьдаг л гэдэг. Гэхдээ энэ нь тунхагийн шинжтэй л байгаа. Яг амьдрал дээр бодитоор хэрэгждэггүй.

-Төр засаг хүнээ бодлогынхоо төвд аваачиж чадахгүй байгаа шалтгаан нь юу юм бэ?

-Монгол Улсын нийт хүн амын 1.2 сая нь хүүхэд. Мөн нийт хүн амын 50.7 хувь нь эмэгтэйчүүд. Монгол Улс залуу орон, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн орон. Гэтэл төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын хувьд хүүхэд, эмэгтэйчүүд нь орхигдчихсон. Бодлого нь хангалтгүй, хэрэгждэггүй. Мөн ахмад настнууд нь орхигдчихсон. Энэ бүлэгтээ төр хүрч ажиллахгүй байна. Жишээ нь, эмнэлэг, сургуулийн хүрэлцээгүй байдал, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсний ялгавартай байдал, гэр бүлийн салалт үүнтэй холбоотой эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх, хүчирхийлэлд өртөх зэрэг асуудлууд дорвитой шийдэгдэхгүй байсаар л байна. Харин “Үндэсний Эвсэл”-ийн хувьд энэ асуудлуудыг сайтар мэдэрч иргэнээ эрүүл, боловсролтой, баялагтай болгоё гэсэн үзэл баримтлал, зарчимтай байгаа нь таалагдаж байгаа.

Мэдлэгтэй, боловсролтой, салбараа мэддэг мэргэжлийн хүмүүсийг төрд ажиллуулдаг болмоор байна. Бид эрүүл, сайн сайхан нийгмийг үр хүүхдэдээ үлдээх үүрэгтэй хүмүүс. Наад захын эрүүл, аюулгүй байдал хангагдаагүй орчинд бидний ирээдүй болсон хүүхдүүд амьдарч байна. Хөрсний бохирдол, утаа, хүнсний аюулгүй байдал ямар хэмжээнд хүрчихсэн байгаа билээ. Залуу эцэг, эхчүүд хүүхдээ өсгөх гэж санхүүгийн болон сэтгэл санааны маш их дарамтан дунд амьдарч байна. Өвөл хүүхэд хичнээн удаа ханиад хүрдэг билээ. Тэгвэл яагаад бид үүнийг өөрчилж болохгүй гэж. Хэнийг хүлээх ёстой гэж. Бид л үүнийг өөрчилж чадна. Тиймээс энэ буруу тогтолцоог бид өөрчилж, сайжруулах ёстой юм.

-Эрүүл мэнд гэлтгүй боловсролын асуудал ч өнөөдөр “шүдний өвчин” болчихжээ. Энэ тухайд та ямар байр суурьтай явдаг вэ?

-Боловсрол бол эн тэргүүнд анхаарах ёстой асуудлын нэг мөн. Бага насанд суурь боловсролыг ямар хэмжээгээр авна насанд хүрсэн хойно нь амьдралын чанарт нь төдий чинээгээр нөлөөлдөг. Гэтэл Монголд Улсад улсын сургуулийн анги дүүргэлт 45-50 хүүхэд байна. Уг нь энэ бүхнийг төрөөс зөв бодлогоор зохицуулаад явах бүрэн боломжтой. Монгол Улс цөөхөн хүн амтай, байгалийн баялаг ихтэй улс. Төрийн бодлого зөв, хүндээ хүрдэг байхад бид хурдан хугацаанд хөгжих боломжтой гэж хардаг.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Би нөхөр, нэг хүүхдийн хамт амьдардаг. Хүү маань найман настай, хоёрдугаар ангид сурдаг. Нөхөр маань хувийн хэвшилд ажилладаг. Би аав, ээжээсээ бол гурвуулаа. Айлын том охин.

-Та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Миний хувьд танин мэдэхүй, шинжлэх ухааны холбогдолтой ном, сэтгүүл, техник, технологийн шинэ нээлтүүдийн талаар уншиж, мэдээлэл авах дуртай. Мөн энэ чиглэлээр подкастууд сонсдог. Элон Маскын хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар сонирхон судалдаг.

-Унших дадлыг хэрхэн суулгаж байсан бол?

-Бидний үед утас, таблет гэж байсангүй, номноос л мэдлэг, мэдээллийг авдаг байлаа. Ээж маань номонд их дуртай. Ширээ, орны хажууд, гал тогоо, үүдэнд гээд ер нь хаа сайгүй л ном тавьчихдаг байсан. Би анх 10 настайда Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” романыг уншиж байсан. Хүүхдийг уншиж сургая гэвэл гарын дор нь ном л байлгах ёстой юм билээ. Мэдээж эхэндээ урна, зурна. Яваандаа нэг өдөр барьж аваад уншдаг болдог.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 градус дулаан. Бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 градус дулаан. Бороотой
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц