Ч.Бямбажаргал: Бурхан багшийн их дүйчин өдрөөр хүн, амьтанд хорлол бүү үйлдээрэй

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
4 минут 13 секунд

2024 оны тавдугаар сарын 23-ны энэ өдөр, Билгийн тооллын Зуны эхэн сарын шинийн 15-нд Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна. Өдгөөгөөс зургаан жилийн өмнө буюу 2019 он нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилж, Монголчууд бид ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байна гэж үзжээ.

Түүнчлэн Буддын шашинтнууд олон зуун жилийн өмнөөс Их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бөгөөд 1950 онд Шри Ланкад зохиогдсон Дэлхийн буддистуудын холбооны анхдугаар чуулганаар Зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн их дүйчин өдөр гэж албан ёсоор тодорхойлжээ. Иймд бид эл өдрийг тохиолдуулан Гандантэгчэнлин хийдийн ХМОНХ албаны дарга Ч.Бямбажаргалаас тодруулга мэдээлэл авлаа.

-Бурхан багшийн их дүйчин өдрийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2024 оны тавдугаар сарын 23-ны энэ өдөр Бурхан багшийн 12 зохионгуйн гурван зохионгуй давхацсан бэлэгт сайн өдөр тохиож байна. Энэ өдрийг 2019 оны 12-р сард УИХ-аар Бүх нийтийн баяр, амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан. Энэ өдрийг угтаж МБШТөв Гандантэгчэнлин хийд болон бусад хийдүүд, бурхан шашны ТББ-ууд хамтран ёслол төгөлдөр тэмдэглэхээр бэлтгэл ажлаа хийсэн.

Түүнчлэн зуны тэргүүн сарын Шинийн 1-ээс 30-ныг хүртэл буяны сар хэмээн нэрлэдэг бөгөөд энэ хугацаанд Гандантэгчэнлин хийдээс цагаан хоол барьж байна. Мөн Шинийн 8-аас 15-ныг хүртэл сүм хийдүүд болон ТББ-ууд хамтран бүх нийтийн буянд уриалж, Бурхан багшийн гурван зохионгуйг үзүүлсэн дүрийг залж, усан тахил өргүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

-Бурхан багшийн их дүйчин өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлбэл зохилтой вэ?

-10 хар нүгэл тэргүүтэй гэм нүглийг тэвчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бие, хэл, сэтгэл гуравт хуваагдсан нүглүүдийг тэвчиж, 10 цагаан буяныг дэлгэрүүлэх нь зүйтэй. Өөрсдийн удам дамжин ирсэн судраа барьж, гэрээ тойруулах, бурхан шүтээндээ зул хүж өргөх, усан тахил өргөх мөн өөрсдийн мэдэх маань мэгзмээ унших хэрэгтэй. Хэрэв эдгээр зүйлийг хийх боломжгүй бол хүн хийгээд амьтанд бие, хэл, сэтгэл гурвын үүднээс хорлол үйлдэхгүйгээр ач, тустай үйл хийхийг чухалчлах нь зүйтэй юм.

-Гандантэгчэнлин хийдээс хүндэтгэлийн парад алхана гэж мэдээлсэн шүү дээ. Хэдэн цагаас эхлэх вэ. Мөн ямар ямар арга хэмжээг зохион байгуулах талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнөөдөр өглөөний 04:00 цагт МБШТ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Тэргүүн их хамба нэг өдрийн тэтгэн ариусгал хүртээж ёслолын үйл ажиллагаа эхэлнэ. Мөн бурхад, сахиусын өмнө өнөөдрийн наран ургахаас эхлээд маргаашийн гэгээ орох хүртэл нүгэл хилэнцийг тэвчиж, өдрийн нэг хоолтой байх гэх зэрэг тэргүүтэй үйлийг хийвэл цаглашгүй их буян хураана.

Өглөөний 09:00 цагаас Сүхбаатарын талбай дээр ёслолын үйл ажиллагаа эхэлж, Чингис хааны санг Монголоор уншина. Ингээд Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийд рүү хүндэтгэлийн жагсаалаар алхаж ирнэ. Ийнхүү 11:00 цагаас Батцагаан дуганд ёслолын үйл ажиллагаа болно. Иймд иргэд, сүсэгтэн олон та бүхэн энэхүү үйл ажилд идэвхтэй оролцохыг хүсье.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

ХЭҮК хяналтын камеруудад эрсдэлийн үнэлгээ хийнэ
ХЭҮК хяналтын камеруудад эрсдэлийн үнэлгээ хийнэ
 
Х.Ганхуяг: Улсын 3-р төв эмнэлэгт Зүрх судасны үндэсний төв байгуулна
Х.Ганхуяг: Улсын 3-р төв эмнэлэгт Зүрх судасны үндэсний төв байгуулна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц