Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд болон Комиссын холбогдох хэлтсийн дарга нар Цагдаагийн ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Мөнгөншагай, ахлах мэргэжилтэн Б.Алтансүхтэй өнөөдөр /2024.05.22/ дараах асуудлын хүрээнд харилцан мэдээлэл солилцож, хамтран ажилахаар тогтлоо. Тухайлбал:
Нэгдүгээрт
“Технологи ба Хүний эрх” нээлттэй хяналт шалгалтын хүрээнд хууль сахиулах үйл ажиллагаанд технологи ашиглаж буй байдал буюу алба хаагчдын энгэрийн камер, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газарт нийгмийн хэв журмыг хангах зорилгоор суурилуулсан хяналтын камерын хэрэглээ, бичлэгийн ашиглалт, хадгалалт, аюулгүй байдалд хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ хийх, орон нутаг дахь хяналт шалгалтад цагдаагийн алба хаагч нар дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахаар боллоо.
Хоёрдугаарт
ХЭҮК нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаан дахь хүний эрхийн нөхцөл байдалд иргэд, олон нийтээс санал асуулга авч, зөвлөмж боловсруулахаар ажиллаж байна. Уулзалтаар тус судалгааны ажилд хамтран ажиллах, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр ЦЕГ-тай хамтран 2022, 2023 онд зохион байгуулсан “Жагсаал, цуглааны үеэр хүний эрхийг хангах нь" сургалтыг дахин зохион байгуулахаар тохиров.
Гуравдугаарт
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлаар мэдээлэл солилцож, Комиссын байр суурийг илэрхийллээ. Тухайлбал: УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр нэр дэвшигч бүрт тэгш хандах, хүрч ажиллах улмаар нэр дэвшигч, иргэдийн гаргасан гомдол мэдээллийг түргэн шуурхай шалгах, үр дүнг олон нийтэд нээлтэй, ил тод мэдээлэх, цагдан хоригдсон, саатуулагдсан иргэн болон сонгуулийн санал авах өдөр үүрэг гүйцэтгэх цагдаагийн бие бүрэлдэхүүний сонгох эрхийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстойг тодотголоо.
Улмаар “Хүний эрхэд суурилсан хууль сахиулах ажиллагаа” төсөл болон талууд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд санал солилцож, дээрх асуудлуудын хүрээнд ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.