Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УУЛ УУРХАЙ: Хүмүүн капиталын хомсдолд орсон АI

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 31 секунд

Монгол Улс цалингаас өөр орлогогүй айл шиг уул уурхайн салбараасаа хэт хамааралтай амьдарч ирлээ. Тэр дундаа нүүрснээс илүү гийгүүлэх орлогогүй нь өнөөдрийн гашуун үнэн. Өнөөдрийг хүртэл нүүрсээ автомашинаар зөөж төмөр замтай л болбол бид сайхан амьдарна гэх гэнэн бодол ард хоцорч байна. Ирэх өдрүүдэд орлогын эх үүсвэрээ тэлэх, одоо олж буй “ногоон”-уудаа илүү нэмэгдүүлэхийн тулд техник технологийн эрин зуунд хөл нийлүүлэхээс өөр гарцгүй болж байгаа нь бидэнд томоохон сорилт болж буй.

Хүлэмжийн хийн ялгарлын эсрэг дэлхий дахин нүүрснээс татгалзаж буй өнөө үед сэргээгдэх эрчим хүчний шилжилттэй зэрэгцэн хүчтэй яригдаж буй сэдэв бол хиймэл оюун ухаан буюу АI.

Эдийн засаг нь ганц уул уурхайн салбараас хараат Монгол Улсын хувьд нүүрс амин чухал түүхий эд байхаа больж газрын ховор элементийн нөөц баялгаараа гаднын хөрөнгө оруулагчдын хараанд дахин өртөх боллоо. Ийм алтан боломжийг алдахгүйн тулд уул уурхайн салбар уламжлалт арга барилаа өөрчилж хиймэл оюун ухаан АI технологийг ашиглах шаардлага үүсэж буй.

Тэр дундаа геологи хайгуулын салбарт хиймэл оюун ухааны тусламжтай асар их зардал, цаг хугацааг хэмнэх боломжтой. Энэ тухай Монгол дахь Америкийн худалдааны танхимын бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс Уул уурхай, тэр дундаа хайгуулын салбарт хиймэл оюун ухааныг ашиглах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Хайгуулын ажилд дроныг ашиглаж газрын хөрсөнд байгаа металлыг илрүүлэхэд дэвшил гаргах шаардлагатай” гэж тодорхойлов.

-AI НЭВТРҮҮЛЭХЭД МЭРГЭЖЛИЙН ЭКСПЕРТҮҮД ДУТАГДАЛТАЙ, ДАТА ӨГӨГДӨЛ ХАНГАЛТГҮЙ БАЙНА-

Монголд хамгийн анх хиймэл оюун ухааныг нэвтрүүлсэн гэгдэх Лэнд.мн ХК өөрсдийн туршлагаа хуваалцсан. Тус компанийн тухайд хиймэл оюун ухааны тусламжтай орлого нь хоёр дахин нэмэгдэж, цэвэр ашиг нь өсжээ. Харин уламжлалт бизнест орлого нэмэгдэхийн хэрээр зарлага өсдөг байна. Тэгвэл орлого олохын хэрээр өндөр зарлагатай уул уурхайн салбарт АI нэвтрүүлэх боломж, үүсэж буй асуудлын талаар тус компанийн дэд захирал Д.Баасандорж “Монголд АI нэвтрэхэд хоёр үндсэн асуудал тулгарч байна. Нэгдүгээрт, хүний нөөц буюу мэргэжлийн экспертүүд дутагдалтай. Хоёрт, дата өгөгдлийн асуудал.

АI нэвтрүүлэхийн тулд томоохон компаниудад энэ салбарын мэргэжилтнүүд хангалтгүй байна. Мэргэжлийн экспертээс нөү хауг нь компанидаа нутагшуулахын тулд маш өндөр зардал гарна. Гэвч ховор. Учир нь бидний мэдэх Google, Аmazon зэрэг компанид том экспертүүд ажилладаг.

Хоёрт, дэлхийн том компаниудад тулгарч буй асуудал нь дата өгөгдөл бэлдэх, цэвэр өгөгдлийн асуудал. Харин уул уурхайн салбарын тухайд энэхүү дата өгөгдлийн суурийг нь бэлдээгүй анзаарагдсан. Миний хувьд энэ салбарын хүн биш, сайн мэдэхгүй ч уул уурхайн жижиг компаниудад АI нэвтрээгүй. Харин томоохон компаниудад нэвтрүүлж эхэлсэн юм билээ” гэв. Нэг үгээр хэлбэл, түүний тодорхойлсноор “Дэлхийн улс орнуудтай харьцуулахад Монголд АI хөгжөөгүй, харьцангуй залуу үе дээрээ байгаа” аж.

-AI УУЛ УУРХАЙН САЛБАРТ НЭВТЭРСЭН Ч ХҮМҮҮСИЙН АЖЛЫН БАЙРЫГ БУЛААХГҮЙ-

Монгол Улсын хувьд сүүлийн хоёр жил гаруй хугацаанд АI технологийн тухай яригдаж байна. Одоогоор уул уурхайн салбарт “Оюутолгой” орд бүхэлдээ хиймэл оюун ухаанд суурилагдсан хяналтын системтэй. Мөн нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлээд буй. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам ашигт малтмал, хайгуулын ажилд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах тухай АНУ-гаас туршлага судалж эхлэх болов.

Тэр дундаа газрын ховор элемент “трэнд” болж байгаа энэ цаг үед АI технологийн тусламжтай асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүний нөөцийг хэмнэх боломжтой. Энэ мэтчилэн эрэлт хэрэгцээгээ даган АI уул уурхайн салбар нэвтрэхийн хэрээр хүмүүс ажлын байраа алдах уу гэх асуулт урган гарч болгоомжлол үүсэж буй.

Энэ талаар Монгол дахь Америкийн худалдааны танхимын бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс хэлэхдээ “Дэлхий дахинд хиймэл оюун ухаан буюу АI бизнесийн процессыг сайжруулж автоматжуулж илүү ухаалаг болгож хүнд хүчир ажлуудыг хөнгөвчилж байна. Энэ үүднээс АI ашиглаж бизнесийн процессыг илүү хөнгөвчлөх тухай яригдаж буй. Уул уурхайн салбарт хиймэл оюун ухаан маш чухал үр нөлөөтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдлаас авхуулаад олон зардлыг хэмнэх боломжтой. Жишээ нь, Оюутолгой орд алсын зайн удирдлага ашиглаж байна. Цаашид далд уурхайд жолоочгүй алсын удирдлагатай тоног төхөөрөмж ашиглах тухай яригдаж буй. Энэ нь хүнд хязгаарлагдмал нөхцөл байдал хүний эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалж автомат төхөөрөмжийг ашиглах тухай л ойлголт юм.

Жишээ нь, АНУ-д автомат далд уурхайнууд байдаг. Уурхайчдын амь насанд аюул учруулахааргүй, тэсэлгээг ажилчид нь удирдлагаар л хянаж хийдэг ийм түвшинд хүрсэн. Манай улсын хувьд энэ чиглэл рүү шилжих хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр, хүмүүс хиймэл оюун ухаанд ажлын байраа алдах вий гэдэгт санаа нь зовж эхэлсэн. Монголд ч ялгаагүй. Харин ч хүмүүс ажлаа илүү хөнгөвчилж, автомат тоног төхөөрөмжийг хянах зэргээр ахисан түвшний ажлуудыг хийх хэрэгтэй” гэсэн юм.

-AI НЭВТРЭХЭД ЭРЧИМ ХҮЧ, БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛ ТЭЭГ БОЛЖ БАЙНА-

АI олон улсад гэрлийн хурдаар хөгжиж байгаа ч Монголд дэлхийтэй хөл нийлүүлэх хараахан болоогүй. Дээр дурдсан цөөн жишээ нь сайн болов ч саар зүйл их. Дата өгөгдлөөс авхуулаад мэргэжлийн боловсон хүчин бэлдэх, эрчим хүчний хараат байдлаас үүдэн AI Монголын хөрсөнд "буух” болоогүй хэвээрээ. Учир нь АI технологийн гол суурь нь их хэмжээний эрчим хүч хэрэгтэй юм байна.

Faro Foundation Mongolia ТББ-ын үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал А.Бямбажаргал:

-AI тусламжтай бизнесүүд хөрөнгөө өсгөж, зардлаа хэмнэж, бас цаг хугацаагаа хэмнэх олон давуу талтай. Дэлхийн томоохон компаниуд маш их хөрөнгийг AI технологид зарцуулж, дэд бүтцээ шинэчилж байна. Монгол Улсын хувьд AI нэвтрүүлэхэд хэвлэл мэдээлэл, боловсрол, эрчим хүчний асуудал тулгамдаж байна. Бид AI технологид шаардлагатай эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүй дэд бүтцийн олон асуудал тулгарч байна. Хэрэв бид уламжлалт арга барилаар эрчим хүчээ хангасаар байвал уур амьсгалын өөрчлөлтийн асуудал ч дагаж гарч ирнэ.

Аливаа шинэлэг зүйлийг хамгийн түрүүнд нэвтрүүлэх ёстой салбар нь уул уурхай. Улсын төсвийн дийлэнхийг энэ салбар бүрдүүлж байгаа учраас хиймэл оюун ухааны тусламжтай илүү бага зардлаар өндөр өгөөжийг улсад төвлөрүүлэх нь чухал.

Мөн сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд Засгийн газар анхаарч эхэлсэн учраас харьцангуй хиймэл оюун ухааны шилжилтэд анхаарчч байна гэж дүгнэж байна гэлээ.

-ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛС ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД УУЛ УУРХАЙГААС ГАДНА ХҮМҮҮН КАПИТАЛ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ-

Зөвхөн Монголын уул уурхайн салбарт гэлтгүй дэлхий дахинд тулгамдаж буй асуудал нь АI ба хуурамч мэдээлэл болжээ. Энэ бол анхаарлын гадна орхиж болохгүй сэдэв. Учир нь хурдтай хөгжиж буй хиймэл оюун ухааны хэрэглээ хэрэглэгч нарын бэлэн байдал хангагдаагүйтэй болоогүй олон сөрөг үр дагавар үүсэх магадалтай болохыг ч мэргэжилтнүүд сануулж эхэлсэн. Бидний хувьд АI технологийг нэвтрүүлэхэд дэд бүтцийн асуудлаас гадна хүмүүн капитал буюу хүний нөөц аль ч салбарт тулгамдсан асуудал болжээ. Тэр дундаа АI технологийн чиглэлд боловсон хүчин бэлдэх нэн шаардлагатай болохыг Монгол дахь Америкийн худалдааны танхимаас сануулсан. Мөн “дэлхийн банкны уул уурхай ба хиймэл оюун ухаан 2020” оны тайланд дурдсанаар “Дэлхий нийтэд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сорилтууд болон БНХАУ-ын ногоон хөгжлийн зорилт зэргийг харгалзан үзвэл Монгол Улс эдийн засгийн орлогоо нэмэгдүүлэхдээ зөвхөн байгалийн баялагт түшиглэх боломжгүй бөгөөд бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, хүмүүн капитал шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай болж байна” гэжээ. Түүнчлэн тус тайланд сүүлийн 10 жилд аж ахуйн нэгжүүдийн бүтээмж суларч, хүмүүн капиталаа ашиглаж чадахгүй байгаагийн зэрэгцээ байгалийн баялаг шавхагдах эрсдэлтэй байгааг сануулжээ.

3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
 
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.