Ажил, мэргэжилдээ эзэн болж, уран зохицуулалтаараа олонд танигдсан тэмээтэй хөшөөний уулзварын "ОД" цагдаа О.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Отгондолгор овогтой Хаш-Эрдэнэ гэдэг. Би цагдаагийн байгууллагад ороод 2 жил болж байна. ЕБС-иа төгсөөд шууд цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд цагдаа болох мөрөөдлөө биелүүлэхээр Олон нийтийн цагдаагаар ажиллаж эхэлсэн. Одоо бол цагдаа зохицуулагчаар үүрэг гүйцэтгэдэг. Цагдаагийн дэд ахлагч цолтой.
-Цагдаа болох багийн мөрөөдөл нь байсан гэлээ. Шалтгаан нь юу юм бол?
-Замын цагдаагийн ажил миний багийн мөрөөдөл байсан. Бага байхад зам дээр зогсож байгаа цагдаа ах нар гоё харагддаг байсан болохоор цагдаа болно гэдэг мөрөөдөлтэй байсан. Харин одоо иргэдийг зорьсон газраа аюул саадгүй хүрэхэд нь хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүн нь замын цагдаа нар байдаг учраас энэ ажилдаа дуртай байдаг.
-Цагдаагийн алба хэцүү. Тэр дундаа халуунд халж, хүйтэнд даарч олон цагаар замын голд зогсоно гэдэг амар ажил биш. Шантрах үе хэр их айдаг бол?
-Хүнд хэцүү санагдах үе олон бий. Гэхдээ өөрөө багаасаа хүсэж мөрөөдөөд, дурлаж орсон болохоор асуудал гэж боддоггүй. Шантрах шалтгаан ч биш. Хамт олны уур амьсгал, ахлах, дарга нарын хандлага надад урам зориг, эрч хүч өгч, шантрах бус хичээх ёстой шүү гэсэн бодлыг төрүүлдэг. Хамгийн энгийн ганцхан жишээг хэлэхэд, халуун өдөр замын голд зогсож байхад зэргэлдээх постын алба хаагч ирээд, "Чи түр амраад, ус, ундаа уучхаад ир. Би уулзварыг чинь авч байя" гэх жишээний. Энэ мэт нэгнээ гэх сэтгэл, хүндлэл миний энэ албанд чин сэтгэлээсээ дурлаж ажиллах шалтгаануудын нэг болдог.
-Тэмээтэй хөшөөний "ОД" цагдаа. Гарын хөдөлгөөн нь яг усны долгио мэт уян налархай гээд таныг магтсан сэтгэгдлүүд сүүлийн өдрүүдэд цахим орчинд хөвөрч байна. Бусад цагдаа нартайгаа яг адилхан зохицуулалт хийж байгаа атал өөр байж, бусдын харааг булаадгийн нууц нь юундаа байна?
-Энэ бол миний ажил. Ажлаа эхнээс нь зөв сурах ёстой гэж боддог учраас надад анх заасан багшаасаа маш сайн сурч авсан. Олон нийтийн цагдаа байхад намайг дадлагажуулж байсан офицер өөрөө их уран зохицуулдаг хүн байсан. Тэр хүн мэддэг чаддаг бүхнээ надад харамгүй зааж, би чин сэтгэлээсээ хичээж сурсан. Багш шавь хоёрын хамтрал сайн байсан нь өнөөдрийн энэ үр дүнг бий болгосон болов уу гэж боддог. Одоо ч гэсэн сурах зүйл их бий. Суралцсаар л байна.
-Сэтгэгдлүүдийн ихэнх нь бүжигчин байхаа гэсэн байсан. Бүжиглэдэг үү?
-Үгүй. Бүжиг гээч зүйлээс их хол хөндий хүн. Сонирхдог ч үгүй.
-Ажлаа хийж байх үеийн тань бичлэг цахим орчинд цацагдахад танд ямар мэдрэмж төрсөн бэ?
-"Бичлэг хийх үед нь алдчихсан байх вий дээ" гэж л хамгийн түрүүнд бодогдсон. Дараа нь хүмүүст их гоё сэтгэгдэл, мэдрэмж төрүүлж зөвөөр нөлөөлж байгаад баярласан. Гэр бүлийнхэн болон найзууд маань надаар бахархаж байна гэж хэлэхэд би ч бас өөрөөрөө багахан бахархаад амжсан. Энэ бүхнээс надад хамгийн тод үлдсэн зүйл нь "Би улам их хичээх ёстой юм байна гэсэн бодол" байсан.
-Ажлаа хийгээд зогсож байхад чинь хүмүүс таныг хараад, ажиглаад байгаа нь анзаарагддаг уу?
-Анзаарагддаг. Зарим хүмүүс цонхоороо толгойгоо гаргаад "ГОЁ ШҮҮ" гэж орилоод өнгөрдөг. Гарцаар гарах гээд зогсож байгаа хүмүүс ногоон гэрэл асчихсан байхад гарахгүй хараад зогсож байдаг.
-Танд ямар мэдрэмж төрдөг бол?
-Алдаж болохгүй юм шүү. Илүү их хичээх хэрэгтэй юм байна даа гэсэн бодол төрдөг.
-Хөдөлгөөнд оролцож байгаа нийт иргэддээ хандаж юуг уриалж хэлмээр байна?
-Жолооч нартаа хөдөлгөөний аюулгүй байдлыг сайн хангаж хөдөлгөөндөө оролцоорой. Хамгаалах бүсээ мартаж болохгүй шүү. Таны амь насыг хамгаалдаг маш чухал зүйл гэдгийг битгий мартаарай гэж хэлмээр байна. Явган зорчигчдодоо хандаж хэлэхэд, замын голд цагдаа зохицуулагч зохицуулж байгаа тохиолдолд аль гарцаар гарахаа анхаарч, анзаарч харж байгаарай гэж хэлэхийг хүсэж байна. Иргэд жолооч нар маань хөдөлгөөнийхөө аюулгүй байдлыг хангаад ТА, БИ, ТА гэдэг дүрмээр явбал аюул осолгүй хөдөлгөөндөө оролцох боломжтой гэж бодож байна.