Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анна Каренина буюу О.Хонгорзул: Хүүхэд байхдаа өөрийгөө тайзан дээр байна гэж мөрөөддөг байсан бол өнөөдөр биелжээ

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
21 минут 13 секунд

Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн "Анна Каренина" жүжгийн шинэ тавилтыг УДЭТ их засварынхаа дараа дахин амилуулав. Энэхүү жүжгийн гол дүр болох Анна Каренинагийн дүрийг залуу жүжигчин О.Хонгорзул бүтээсэн бөгөөд хүмүүс түүнийг "нуугдсан эрдэнэ" хэмээн ам сайтай байгаа.

Иймд Ubn.mn сайт энэ удаагийн UbnStory булангийнхаа зочноор залуу жүжигчин О.Хонгорзулыг урьж, анхны гол дүрээ бүтээсэн сэтгэгдэл хийгээд бусад сонирхолтой сэдвүүдээр ярилцлаа.

-“Анна Каренина” жүжгийн гол дүрд сонгогдон ажилласанд нь баяр хүргэе. Хүмүүс одоо өөрийг нь О.Хонгорзул биш Анна гэж дуудаж байгаа байх. Юун түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Отгонбаатарын Хонгорзул гэдэг. СУИС-ийн Хөгжимт театрын жүжигчин буюу Мюзиклийн ангийг 2020 онд төгссөн. Сургуулиа төгсөөд УДЭТ-ын Студи ангид жүжигчнээр шалгалт өгч тэнцээд, өнөөдрийг хүртэл тасралтгүй 4 жил ажиллаж байна.

-УДЭТ-т ажиллах хугацаандаа нийт хэчнээн уран бүтээлд, ямар ямар дүр дээр ажиллав?

-2020 онд намайг дөрөвдүгээр курсийн оюутан байхад УДЭТ хамгийн анх “Анна Каренина” жүжгийг тавьж байлаа. Тухайн үед УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар багш маань намайг Кити Щербацкаягийн дүрд сонгон шалгаруулалтад оролцоод үз гээд санал тавьж байсан юм. Тэгээд л романаа уншаад Китигийн дүрд бэлдэж байтал багш маань “Чи Анна Каренина”-гийн дүрд бэлдээд үзээрэй” гэж хэлсэн. Тэгээд л оюутан байсныг ч хэлэх үү сандраад, "ШОК"-нд ороод л багшдаа “Багш аа би амжих болов уу” гээд асуутал “Амжина аа” гэж хэлээд, би хоёрхон хоногийн хугацаанд бэлдсэн. Тэгээд шалгаруулалтдаа орж байсан юм. Магадгүй энэ нь миний театртай холбогдох анхны гараа байсан байх.

Гэхдээ би 2020 онд яг энэ жүжгийнхээ олны хэсэгт орж ажиллаж байсан юм. Түүнээс хойш олны хэсгээс гадна Китигийн дүрд, Сорокинагийн дүрд мөн Асрагч эхийн дүрд ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл миний хамгийн анх дүр бүтээсэн жүжиг бол “Анна Каренина”.

Түүний дараа “Хаадын хаан” жүжгийн Хулан хатны дүрд ажиллаж байсан юм. Хааны хамгийн хайртай хатан. Эрэлхэг, дайчин бүсгүй. Мэдээж уран бүтээлч хүн бүр сонгодог жүжиг төдийгүй түүхэн жүжигт ажиллахыг хүсдэг. Тэр ч утгаараа маш сайн хөгждөг. Миний хувьд ч гэсэн түүхэн жүжигт ажиллах их сонирхолтой байсан. Тэр үед түүхээ судалж байхдаа Хулан хатны дүрд л ажиллахыг хүсэж байтал би сонгогдсон. Үнэхээр их баярлаж байлаа. Мөн энэ жүжгийн дараа “Миний аав супер баатар” гэдэг хүүхдийн жүжгийн Цох охины дүрд ажилласан.

УДЭТ-т Студи анги буюу дагалдан жүжигчний анги байдаг. Энэ ангид 1 жил 6 сарын хугацаанд суралцаад цаашаа жинхлэгдэх үү үгүй юу гэдгээ шийдэхийн тулд шалгалт өгдөг. Энэ шалгалтдаа “Шинэ байшин” жүжгийн гол дүр болох Цэцгээ гэдэг охины дүрд ажиллаж байсан юм. Түүнээс хойш УДЭТ-таа тасралтгүй ажиллаж байна.

-Анна Каренина жүжгийн талаар ярихаас урьтаад хүүхэд насны мөрөөдөл, яагаад жүжигчин болох сонголт хийсэн талаар нь ярилцъя гэж бодож байна?

-Би Эрдэнэтийн унаган хүүхэд. Манайх олон жилийн өмнө Улаанбаатар хотод нүүж ирсэн юм. Би хүүхэд байхдаа л урлаг уран сайханд дуртай, дуулж бүжиглэх, жүжиглэх сонирхолтой хүүхэд байлаа. Бас төгөлдөр хуур тоглодог. Манай аав, ээж ч гэсэн маш их дэмждэг. Ард маань үргэлж асаалттай байдаг танк л гэсэн үг.

Би гуравдугаар ангидаа өөрийнхөө анхны бие даасан тайлан тоглолтоо “Уурхайчин” соёлын ордонд хийж байлаа. Түүнээс хойш л урлагийн хүн болъё гэж шийдсэн дээ. Бас би Эрдэнэтийн "Номин" телевизэд хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан юм. Тэгээд том болоод сэтгүүлч, хөтлөгч болдог юм билүү гэж бодож байсан ч яагаад ч юм урлагт илүү хайртай байсан.

Жүжиг үзэх болгондоо догдолдог, өөрийгөө энэ дүрд тоглож байна гэж төсөөлдөг, тайзан дээр өөрийгөө гарч байна гэж мөрөөддөг, алга ташилтыг өөрөө мэдэрч байна гэж хүсдэг тийм л хүүхэд байлаа. Тэгээд л энэ хүсэлдээ хөтлөгдсөөр байгаад жүжигчин болсон доо. Оюутан байхдаа ч гэсэн УДЭТ-т ажиллаж чадах болов уу, тэнцэх болов уу, мундаг ахмадуудтайгаа хамт ажиллах болов уу, театрын алтан тайзнаа гарах болов уу гэж боддог байсан бол өнөөдөр өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлээд нэг л мэдэхэд УДЭТ-таа тэнцчихсэн, бүтэн дөрвөн жил ажиллачихсан байна.

-Багаасаа л авьяастай хүүхэд байж. Өөрийн тань хувьд энэ авьяасаа хэнээс өвлөж авсан юм бэ?

-Манай хамаатнууд маш авьяаслаг хүмүүс байдаг. Тэр дундаа миний ээж, аав хоёр мөн ээжийн маань ээж буюу миний эмээ маш сайхан дуулдаг хүн. Хэдий манай ахан дүүс дунд урлагийн тайзнаа гарч, нэр алдарт хүрсэн хүн байхгүй ч гэлээ бүгд л урлагийн торгон мэдрэмжтэй хүмүүс л дээ.

-Уран бүтээлч хүн бүрд тэр дундаа жүжигчин хүн болгонд нэг мөрөөдлийн дүр байдаг шүү дээ. Өөрийн тань хувьд ажиллахыг хүсдэг дүр нь ямар дүр вэ?

-Эрэлхэг, дайчин бүсгүйн дүрд ажиллахыг маш их хүсэж байна. Тулаантай, экшин ч гэдэг юм уу. Өөрийгөө улам их сорьж, илүү их ажиллуулах дүр бол яах аргагүй ийм дүр. Гэхдээ сэтгэл дотроо мөрөөдөж явдаг, ажиллаж үзэхийг хүсдэг олон дүр бий.

-Тайзны уран бүтээлээс гадна дэлгэцийн уран бүтээлд ажиллая гэвэл?

-Мэдээж уран бүтээлч хүний хувьд дэлгэцийн уран бүтээлд ажиллахыг үнэхээр их хүсэж байна. Миний хувьд Хувьсал продакшны долоо дахь уран бүтээл “Ноён эмэгтэй” УСК-нд Амарзаяа эгчийнхээ залуу насны дүрд ажилласан. Түүнээс хойш дэлгэцийн уран бүтээлд ажиллаагүй байгаа.

-Одоо “Анна Каренина” жүжгийнхээ талаар ярилцъя. Өөрийн тань хамгийн анхны дүрээ мөнхөлсөн бас хамгийн анхны гол дүр авсан жүжиг бол энэ жүжиг. Тиймээс гол дүрд шалгарсан торгон мөчөө эргэн нэг санавал?

-Маш их сандарсан. Хамгийн түрүүнд Ерөнхий найруулагч Н.Наранбаатар багшийнхаа итгэлийг алдчих вий гэж л бодогдсон. Мэдээж Анна Каренина гэдэг дүр бол эмэгтэй хүн бүрийн ажиллахыг хүсдэг дүр байх. Учир нь эмэгтэй хүний мэдэрч болох бүхий л мэдрэмжийг, өсөлт, уналт, баяр, гуниг гээд тэр бүх мэдрэмжийг мэдэрдэг дүр учраас уран бүтээлч бүсгүй хүн бүрийн хүсэл мөрөөдлийн дүр байх.

Анх найруулагчаасаа Аннагийн дүрд ажиллах болсон талаараа сонсоод өөрөө өөртөө, “Үнэхээр энэ дүрд ажиллах боломж олдож байгаа бол даваад гарна аа. Надад даваад гарах хүч чадал байгаа” гэж хэлээд л зориглосон доо.

Харин дөрөвдүгээр сарын 04-нд манай УДЭТ-ын алдарт 17-р номерын өрөөнд хурал болж, Залуу жүжигчин О.Хонгорзул /Лора/ маань Анна Каренинагийн дүрд ажиллана гэж албан ёсоор зарласан юм. Гэтэл тэр үед маш их сандарч, догдолж байхад ах эгч нар маань, найзууд маань, ахмад уран бүтээлчид маань баяр хүргээд л үнэхээр сайхан байсан. Миний амьдралд маш олон жаргалтай мөч тохиож байсан ч яг уран бүтээлч хүний хувьд ийм том дэлхийн сонгодог жүжгийн гол дүрд ажиллах боломж гарсанд үнэхээр их баяртай байгаа. Магадгүй энэ жүжгийн олон дүрд ажиллаж байсан учраас найруулагч маань намайг харсан юм болов уу гэж боддог.

-"Дүрдээ орно" гэж яриад байдаг шүү дээ. Өөрийн тань хувьд дүрээ бүтээхийн тулд ямар зүйлийг туулсан бол?

-Аннагийн дүрд зарлагдсанаас хойш бүтэн нойртой хоносон шөнө бараг л байхгүй байх. Шөнө болгон заавал 02:00 цаг, 05:00 цагт сэрдэг байсан. Өөрөөр хэлбэл шөнө дунд нэг сэрнэ, өглөө үүр цайхын алдад нэг сэрнэ. Учир нь жүжигт хоёр Анна байгаа шүү дээ. Нэг нь Алексей Каренины буюу нөхрийнхөө эхнэр Анна, нөгөөх нь Алексей Вронскийгийн буюу дурласан Анна. Ингээд л толгой дотор минь хоёр Анна бодогдоод, эргэлдээд л, дүрээ бодоод л шаналаад байсан юм.

Оюутан байхдаа романыг нь уншаад гунигтай төгсгөлтэй гэдгийг нь мэдсээр байсан ч "Энэ эмэгтэйг жаахан ч гэсэн жаргаачихгүй дээ, аз жаргалтай амьдрал өгчихгүй дээ" гэж бодоод яагаад вэ, яагаад гэдэг асуултыг олон удаа асуусан.

Тэгээд би бодож байсан юм. За Л.Н.Толстой өнөөдөр амьд байсан бол бас намайг "Чи Аннагийн дүр дээр ажиллаж байгаа шүү дээ. Би Анна гэдэг эмэгтэйн дүрийг энэ бүсгүйгээс сэдэвлэж бичсэн юм" гээд намайг түүнтэй уулзуулсан бол би тэр бүсгүйг маш сайн ажиглах байсан байх. Хөөх тэр нүдний харц, биеийн хэлэмж, дуу хоолой нь ямар гайхамшигтай юм бэ гэж бодох байсан байх. Бас би тэр бүсгүйгээс холдоод, магадгүй хаалгаа хаачхаад түүнийг өрөвдөөд маш их уйлах байсан байх аа.

Тэгээд найруулагчдаа ч гэсэн үүнийгээ хэлж байсан юм. Би яг ингэх байсан байх аа багш аа гэсэн чинь хөөх гээд надад хэлж байсан юм. Бүр тэгтлээ энэ дүрийг өрөвдөж, хайрласан.

-Өмнө нь Китигийн дүрд ажиллаж байсан гэсэн шүү дээ. Анна, Кити хоёрын дүрийг харьцуулбал ямар ялгаа гарах вэ?

-Анна, Кити хоёрын дүр насны хувьд ч ялгаатай, амьдралыг үзэх үзэл нь ч ялгаатай. Би Китигийн дублёр байсан болохоор тайзан дээр гарч чадаагүй л дээ. Гэхдээ л харж байгаа шүү дээ.

Китигийн дүр 18 настай, эрх дураараа, гэнэн томоогүй охин. Бүх зүйл өөрийнх нь хүссэнээр болохгүй бол гомдож тунирхах тийм л гэнэн охин. Бас тэр хайр гэж юу гэдгийг мэдэхгүй байхдаа Вронскийд сэтгэл алдардаг. Гэхдээ тэр нь хайр биш байсан гэж би боддог юм.

Харин Анна бол 27 настай эмэгтэй. 19-хөн настайдаа өөрөөсөө 20 насаар ах хүнтэй сууж, хүүтэй болдог. Одоо би удахгүй 26 нас хүрнэ. Гэхдээ О.Хонгорзул гэдэг хүн Анна гэдэг дүр хоёрын хооронд асар их ялгаа гарна. Би хүнтэй суугаагүй, хүүхэдтэй болоогүй. Гэхдээ би Аннаг азтай эмэгтэй гэж боддог байхгүй юу. Яагаад гэвэл Анна Вронскийтой учраад жинхэнэ хайрыг мэдэрдэг. Магадгүй түүнтэй учраагүй байсан бол тэр жинхэнэ хайрыг мэдрэхгүй байсан байх. Тиймээс тэр хэсэг хугацаанд ч гэсэн хайр мэдэрсэн нь хамгийн сайхан.

-Энэ асуултыг асуухгүй өнгөрч чадахгүй нь. Миний оронд байсан хүн бүр л асуух байх. Жүжигчин СТА Н.Баярмаа хамгийн анхны Анна Каренина шүү дээ. Олон ч хүн түүнийг Анна гэж хүлээн авдаг. Хүмүүс ч таныг жүжигчин Н.Баярмаагийн залгамж, халаа гэж хүлээж авч байгаа байх. Үүнд ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?

-Яасан хэцүү асуулт вэ. Яг энэ асуултын хариултыг үзэгчид хэлэх байх л даа. Мэдээж манай Н.Баярмаа эгч авьяаслаг, чадварлаг эмэгтэй. Түүнээс гадна анхны Анна. Гэхдээ бид хоёрын хувьд хувь хүн талаасаа өөр хүмүүс. Би ч бас амьдрал дээр Аннагаас тэс ондоо эмэгтэй.

Хүмүүс жүжиг эхэлснээс хойш над руу чат бичиж байна л даа. Жишээлбэл,

"Би Анна Каренина жүжгийг 4, 5 дахь удаагаа үзэх гэж байна. Өөрөө яг ямар байх бол" гэх жишээний. Үүнд нь би хариулахдаа, "Намайг цоо шинээр хараарай. Би хэзээ ч Н.Баярмаа эгчийн тоглолтыг дуурайж чадахгүй ээ" гэж хэлсэн. Үүндээ ч би итгэл дүүрэн байна. Мэдээж дуурайж чадахгүй шүү дээ. Түүнээс гадна би хувь хүн талаасаа Анна Каренина гэдэг дүрийг харчихсан байгаа. Хэн нэгнийг дуурайж тоглоно гэдэг бол миний хувьд үнэхээр байж боломжгүй зүйл гэж бодож байна. Тийм учраас би ч гэсэн энэ дүр дээр өөрийнхөө чадах чинээгээр хичээгээд, ажиллаад явж байна. Үнэхээр О.Хонгорзул гэдэг хүн Аннаг ингэж бүтээжээ гэдгийг үзэгчид маань л хэлж чадах байх гэж би бодож байна. Миний зүгээс би өөрөө үзэгч байгаад үзээд харъя гэхээр итгэлгүй байгаа байхгүй юу.

-Өөрийг тань Лора гэж дууддаг гэсэн яагаад Лора гэдэг юм бол?

-Тийм ч утга учиртай нэр биш л дээ. Гэхдээ одоо миний эргэн тойрны хүн бүр л намайг Лора гэж дууддаг юм. Бүр ахмад уран бүтээлчид маань ч ингэж нэрлэдэг шүү.

Би хамгийн анх фэйсбүүк нээхдээ ээжтэйгээ ярилцаад "Лора" гэдэг нэрээр хаягаа нээж байсан юм. Түүнээс хойш хүмүүс намайг Лора гэж дууддаг болсон. Бүр СУИС-ийн ангийнхан маань ч бас тэгж дууддаг. Энэ нэрдээ хайртай.

-"Лора" хөгжмийн сургуулийг үүсгэн байгуулсан гэсэн. Хэзээ нээж байсан юм бэ?

-Хоёрдугаар курсийн оюутан байхдаа ээжтэйгээ хамтдаа хөгжмийн сургуулиа нээж байсан. Хүүхэд багачууддаа төгөлдөр хуур зааж, багаас нь хөгжмийн боловсрол олгох зорилгоор нээсэн гэх үү дээ. Анх сургалтаа нээхэд ковидын үе таарч, цаг үе хэцүү байсан ч гэсэн манайх үйл ажиллагаагаа таслаагүй ээ. Онлайнаар ч гэсэн хичээлээ заагаад л явж байсан. Одоо би нийт 40 гаруй шавьтай. Бүр 7 жил суралцаж буй шавь ч бий.

-Залуучууд нэг асуулт асуугаасай гэж хүсэж байгаа байх. Бас сонирхож ч байгаа гэж бодож байна. Танд найз залуу бий юу?

-Найз залуу байхгүй ээ. Би одоогоор ганц бие. Уран бүтээлийнхээ ажилд илүү анхаараад л явж байна.

-Нээлтийн тоглолтынхоо үеэр ээждээ хүндэтгэл үзүүлж, цэцэг өгсөн шүү дээ. Тэр мөчөө хуваалцвал. Бас аав ээждээ хэлэх сэтгэлийн үг бий юу. Ер нь их эрх хүүхэд шиг санагдсан?

-Урлагийн сургуулийг сураад төгсчихлөө, мэргэжлийн ууган байгууллага болох академик театр, УДЭТ-т уран бүтээлч, жүжигчнээр ороод 4 жил ажиллачихлаа. Энэ хугацаанд юу сурч мэдсэн, ямар уран бүтээлч болж бэлтгэгдэж байгаа юм бэ гэдгээ харуулахын тулд аав, ээж хоёртоо энэ жүжгээ үзүүлэхийг маш их хүссэн. Тиймдээ ч манай ээж нээлтийн тоглолтыг үзэж таарсан. Тэр үед би үнэхээр их огшсон. Бүр уйлмаар байсан.

Гэхдээ би уйлчих юм бол ээж маань дагаад уйлчихна шүү дээ. Тиймээс нулимсаа маш их барьсан. Ээж минь хөөрхий цэцэг авна гэж огт төсөөлөөгүй байсан. Тэгээд гэнэт нэрийг нь дуудаад зарлачихсан чинь ээж бүр балмагдаад, гайхаад, яана аа би одоо тайзан дээр гарах ёстой юм болов уу, яах юм бол оо гээд л их сандарсан гэсэн. Тайз суудал хоёрын хооронд 10 алхам л байгаа байх. Гэтэл тайз руу алхах хугацаа ээжид маш урт байсан гэсэн. Би ч бас түүнийг нь мэдрээд ээжийнхээ өөдөөс тосоод очъё гэж бодоод өөдөөс нь алхсан. Тэр мөч үнэхээр гайхалтай. Бас тухайн үеийг моментыг бичлэг хийгээд авчихсан байна лээ. Дараа нь үзээд зөндөө их уйлсан.

Ер нь би эрх шүү. Хэдий айлын том охин, доороо хоёр эрэгтэй дүүтэй ч гэсэн мужик үедээ мужик, эмзэг үедээ эмзэг байдаг. Бас би чинь аавынхаа амин охин.

Тиймээс аав ээж хоёртоо үнэхээр их хайртай. Энэ завшааныг ашиглаад хайртай аав ээж хоёртоо бас гэр бүлдээ өдийг хүртэл өсгөж хүмүүжүүлж, эрүүл саруул өсгөсөн маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна. Хайртай гэдэг үгнээс өөр хүчтэй үг байхгүй байх аа. Тиймээс охин нь аав, ээж хоёрынхоо ачийг бага багаар хариулах болно оо. Мөн мэргэжилдээ эзэн нь болж чадварлаг уран бүтээлч болно оо гэж хэлмээр байна.

Түүнээс гадна О.Хонгорзул гэдэг хүнийхээ үүднээс нэн түрүүнд энэ том дэлхийн сонгодог жүжигт намайг сонгож, итгэл хүлээлгэсэн УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар багшдаа маш их баярлалаа. Шавь нь итгэлийг нь алдахгүй хичээж байгаа шүү, улам бүр хичээх болно оо. Гэр бүл, найз нөхөд, хамт олон, багш нар, ахмад уран бүтээлчид гээд бүгдэд нь хайртай шүү гэж хэлмээр байна.

-Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Баярлалаа.

-Баярлалаа.

Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ
Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.