2024 оны дөрөвдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин буурсан байдалтай байна. Мөн гол мөрний усны горимын тоймыг хүргэж байна.
Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
2024 оны дөрөвдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан ерөнхий хандлагатай байсан ба эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-35 см ахиу байна. Харин Хөвсгөл нуур Хатгал тосгон Ханх сум орчимд 85-120 см зузаан мөстэй, усан зах, мөс харлах үзэгдэл зонхилон ажиглагдаж байна.
Хангай нурууны араас усжих Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногт 1-2 см нэмэгдсэн бол Идэр, Хануй, Чулуут голын усны түвшин хугацааны турш хоногт 5-10 см буурсан байна. Дээрх голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2023 оны мөн үеийнхээс 5-40 см ахиу бол Хойттамир, Идэр голын эхээр олон жилийн дунджаас 25-50 см бага байна. Хануй гол Эрдэнэмандал, Чулуут гол Өндөрулаан сум орчимд болон Өгий, Тэрхийн цагаан нуурт 55-105 см зузаан мөстэй, мөсөн дээрх ус, мөс харлах, усан зах, усан хэл үүсэх зэрэг үзэгдэл давамгайлан ажиглагджээ.
Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Сэлбэ, Улиастай, Шивэрт зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногийн хэлбэлзэл бага буюу 1-2 см байсан ба эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 15-50 см ахиу байна.
Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Орхон голын адгаар усны түвшин өнгөрсөн хугацааны турш хоногт 5-25 см буурсан бол Орхон голын эх болон дунд хэсгээр хоногт 1-2 см буурсан явцтай байлаа. Арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал Сэлэнгийн дагууд болон Орхон голын адгаар 20-80 см ахиу харин Орхоны эх болон дунд хэсгээр 10-20 см бага байна.
Номхон далайн ай савын гол, мөрөн
Дөрөвдүгээр сарын гуравдугаар арав хоногт Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд усны түвшний бууралт хоногт 5 см орчим байсан ба арав хоногийн дундаж утга олон жилийн дунджаас 10-40 см ахиу харин 2023 оны мөн үеийнхээс 5-50 см бага түвшинд байна. Буйр, Хөх нуур мөснөөс бүрэн чөлөөлөгдөөгүй байгаа ба одоогийн байдлаар мөс байрандаа хайлах, мөс хөдлөх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байна.
Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруунаас эхтэй Буянт, Турган, Үенч, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт харьцангуй хэлбэлзэл багатай байсан бол Ховд, Булган, Согоог, Сагсай, Харбут, Чигэртэй, Бодонч зэрэг голуудын хувьд арав хоногийн дунд хүртэл усны түвшин аажим нэмэгдээд хугацааны сүүлээр хоногт 5-10 см буурсан байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 10-30 см ахиу байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Түй, Шаргалжуут, Цагаантуруут, Онги, Зэгстэй, Таац зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн хугацаанд аажим буурсан бол бусад голуудын усны түвшин харьцангуй тогтвортой байлаа. Хангайн өврийн голуудын арав хоногийн дундаж түвшинг 2023 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-25 см бага байна.
Увс нуурын савын Баруунтуруун, Түргэн, Тэс, Хангилцаг, Намир зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн хугацаанд аажим буурсан бол Чигж, Хархираа, Хариг голын усны түвшин өөрчлөлтгүй шахам байсан ба арав хоногийн дундаж утгаараа өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см бага байна. Увс нуур 75 см зузаан мөстэй, усан зах үүсэх, мөс хөдлөх үзэгдэл ажиглагдаж байна.