Өрийн дэвтэр зузаарч, иргэдийн амьдрал уруудсаар. Гэр хороололд иргэд ядруухан амьдарч байгааг хэрэглээнээс нь харж болохоор. Өдөр тутмын хэрэглээ болох талх, гурил, махаа авч хүчрэхгүй. Граммын ногоо, таван цулын таташ, талх, килограмм гурил гүйлгээтэй байна. Худалдан авалт улам буурч зээл тэлжээ. Хотын захад амьдарч буй иргэдийн бодит амьдрал нь энэ. Айл айлын амьдрал адилгүй ч ажил төрөлтэй нь ч, гэрийн мухар сахисан халамжийнхан ч ялгаагүй бүгд дэлгүүрт өрийн данстай байгаа нь гашуун үнэн.
НЭГ АЙЛЫН ӨР ШУУДАЙ ГУРИЛЫН ҮНЭТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА
Худалдагчийн хар жагсаалт болох балаар эрээчсэн алаг эрээн дэвтэрт нэг өрхийн зээл хамгийн багадаа л 100 мянган төгрөгт хүрч шуудай гурилын үнэтэй дүйж байна.
Хүнс барааны бөөний төв болох “Хүчит шонхор” захаар орвол 50 килограммын шуудай гурил дунджаар 110 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Тансаг хэрэглээнд зөвхөн мах, өндөг сүүнээс гадна гурил ч бас багтах болсон нь энэ.
Өдрөөс өдөрт гурилын үнэ нэмэгдсээр иргэд шуудайгаар авах тэнхэлгүй болж хямд үнэтэйг нь сураглах болов. Гэвч сонголт алга. Зах, худалдааны төв, супер маркет, хүнсний дэлгүүрүүдэд “Алтан тариа”, “Улаанбаатар”, “Хурх” гэх үндэсний цөөн нэр төрлийн гурил нийтлэг.
Гурил үйлдвэрлэгчдийн гурил килограмм нь хоорондоо 100-300 төгрөгийн зөрүүтэй. Хамгийн үнэтэй нь “Хурх”. Дээд зэргийн гурил килограмм нь 3700 төгрөг бол “Алтан тариа” дээд 3500 төгрөгийн үнээр тус бүр “Хүчит шонхор” зах дээр худалдаалж байлаа. Мөн адил Баянзүрх захад 100-200 төгрөгийн зөрүү үнэтэй. Тус захад “Хурх” дээд гурил килограмм нь 3800 төгрөг бол “Алтан тариа” дээд 3700 төгрөгийн үнэтэй. Гурилын үнэ ханш хоёр захаар ороход л ийм үнэтэй байсан юм.
Иргэдийн хувьд дотоодын үнэтэй гурилаас илүү хямд үнэтэй импортын гурил сураглах болсныг худалдаа эрхлэгчид ярьж байлаа.
Импортын гурилыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан цагаас Их хуралд батлагдах хүртэл сар гаруйн хугацаанд иргэд гурил хямдрахыг, импортын гурил худалдаанд гарахыг хүлээх болжээ. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ, худалдаа эрхлэгчид ууртай байна.
ИМПОРТЫН ГУРИЛ ЭРЭЛТТЭЙ Ч НИЙЛҮҮЛЭЛТГҮЙ БАЙНА
2024.04.24-ны 11:30 цаг: “Хүчит шонхор” захын гурил будааны тасаг өдийд хөл хөдөлгөөнд дарагддаг худалдан авалтын оргил ачааллын үе. Гэвч наймаа хагараагүй тул цайлж буй дүр зурагтай байв. Гэхдээ худалдаа эрхлэгчид ууртай байна. Тэд үнээ хэлэхээс цааргалах болжээ.
Иргэдийн зүгээс гурилын үнэд өөрчлөлт ороогүйд худалдаачдыг хардах болсон нь бухимдах шалтгааных нь нэг бололтой.
Тус захын гурилын бөөний төвийн худалдаа эрхлэгч ахимаг насны эмэгтэй “Төрөөс импортын гурилыг татваргүй болгох тухай ярьж, иргэд нь биднээс үнэ хямдраагүй байгаад уурлаж байна. Биднийг гурилын үнийг зохиомлоор нэмсэн мэтээр хардаж бухимдах боллоо. Гурил үйлдвэрлэгчид л үнээ буулгах, нэмэх эсэхийг шийднэ. Гэхдээ нэгэнт гурилын үнэ нэмэгдсэн бол дахиж буухгүй байх. Цагаан сараас хойш гурилын үнэ буураагүй шүү дээ. Сүүлийн үед хүмүүс орос гурил сураглах болсон. “Мука” ч нийлүүлэлт тасарсан” гэж байлаа.
Мөн л гурил борлуулагч “Өдийд хүний хөлд дарагдаад завгүй байх үе. Одоо ямар ч хүн алга. Гурил үнэтэй байгаа учраас худалдан авалт муудсан. Хүмүүс оросын хямд гурилыг л их асууж байна” гэлээ. Учир нь орос гурил килограмм нь 1300 төгрөгийн үнэтэй.
Бөөний төвийн лангуунуудад гурилын үнийг тодорхой бичсэн байдаг ч энэ удаа алга. Гурилын үнэ асуухад худалдаа эрхлэгчид дургүй. Үнэ асуухад “амаа үдүүлсэн” аятай. Ямартай ч килограмм гурилын үнэ дунджаар 2400-3500 төгрөгийн үнэтэй байгаа нь төвийн зах, сүлжээ дэлгүүрүүдээс ялимгүй хямд байна. Дунджаар 10 килограммын гурил 25 мянган төгрөгөөс эхэлж байлаа.
Дараа нь хотын төв хэсэгт байрлах Баянзүрх захаар орлоо. Мөн л үндэсний гэх тодотголтой “Алтан тариа”, “Улаанбаатар”, “Хурх” цөөн нэр төрлийн гурилнаас өөр сонголтгүй. Мөн адил орос гурил хүмүүс сураглах болсныг ч хэлсэн. Худалдаачдын зүгээс “гурилын үнэ буугаагүй”, “орос гурил байхгүй” гэх хоёр үгээр л ам таглах. Тус захын худалдаа эрхлэгч эмэгтэй Н.Солонго ярихдаа “Сүүлийн өдрүүдэд гурилын үнэ буурсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Гурилын үнэ огт буугаагүй шүү дээ. Хүмүүс гурилын үнэ буурсныг асуудаг. Үнэтэй санагдсан бол импортын гурил аль болох худалдан авахыг эрмэлзэх болсон. Даан ч нийлүүлэлт нь тасарсан бололтой. Хүмүүс их сураглах болсон” гэлээ.
ТАЛХ, НАРИЙН БООВНЫ ҮНЭ БУУРАХ БИШ 1500 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
Төр төмөр нүүрээ гурил үйлдвэрлэгчдэд харуулж гурил, тэжээлийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг саяхан Их хурлаар баталсан ч гурилын үнэ буугаагүй бахь байдгаараа байна. Хэдийгээр хууль тавдугаар сарын 1-ээс хэрэгжих ч нэг сар дамнан батлагдсан уг хуулийн төсөл хэрэгжих сургаар гурилын үнэ буурсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнийг дагаад өргөн хэрэглээний талх, нарийн боовны үнэ буурсан гэгдэж байв.
Үндэсний статистикийн хорооны энэ сарын 22-ны үнэ ханшийн мэдээллээр “Атар” талх 2443 төгрөгөөс 2427 төгрөг болсон нь 0.7 хувиар буурсан үзүүлэлт болохыг дурджээ. Өнөөдрийн байдлаар зах, худалдааны төв хүнсний дэлгүүрт “Атар” талх 2500 төгрөг, “Өгөөж” үйлдвэрийн нарийн боов дунджаар 6000 төгрөгийн үнэтэй байна.
Хэрэв гурилын үнэ буурсан ч талх, нарийн боовны үнэ хямдрахгүй гэдгийг худалдаачид хэлсэн. Тэд “Нэгэнт өссөн бол үнэ буурахгүй” гэж байсан юм. Учир нь, талх, нарийн боовны үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ үнийг дунджаар 1500 төгрөгөөр саяхан нэмсэн аж.
10 ЖИЛИЙН ДАРАА КИЛОГРАММ ГУРИЛЫН ҮНЭ 2 ДАХИН НЭМЭГДЭВ
Талх, нарийн боовны гол орц болох гурилын үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 143-650 төгрөгөөр нэмэгдсэн. Ингэхдээ хамгийн их өссөн нь дээд гурил килограмм тутамдаа 650 төгрөгөөр өссөн байдаг. Үүнийг гурил үйлдвэрлэгчдийн зүгээс гурилын түүхий эд улаан буудайн чанар муу, өндөр үнэтэй төдийгүй дизель түлшний үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байсан юм. Тэгвэл 10 жилийн өмнө 2014 онд дээд гурил килограмм нь 1200 төгрөгийн үнэтэй байв. Өнөөдөр “Алтан тариа”, “Улаанбаатар”, “Хурх” зэрэг гурилын үнэ килограмм нь дунджээр 3500-3600 төгрөгийн үнэтэй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын мэдээлснээр гурилын үнэ 2022 онд 4-12 удаа нэмэгдсэн бол өнгөрсөн жил 5-9 удаа нэмэгдсэн болохыг мэдээлсэн. Өнгөрсөн жилийн дүнг хүснэгтээр харуулбал,
Барааны нэр |
Нийт өсөлт |
Өсөлтийн хувь (2023/01-2024/01) |
Өсөлт мөнгөн дүнгээр (2023/01-2024/01) |
Дээдийн дээд, савласан, кг |
5 удаа |
19% |
635 төгрөг |
Дээд, савласан, кг |
9 удаа |
16% |
405 төгрөг |
I зэрэг, савласан, кг |
9 удаа |
12% |
267 төгрөг |
II зэрэг, савласан, кг |
8 удаа |
11% |
154 төгрөг |
Н.ЭНХБАЯР: ИМПОРТЫГ ДЭМЖИХ ЭСВЭЛ ХЯЗГААРЛАХ НЬ ТУУШТАЙ БОДЛОГО БОЛОХГҮЙ
Үнэ тогтворжуулахад гурилыг импортын татвараас чөлөөлөх нь оновчтой шийдвэр биш болохыг эдийн засагч Н.Энхбаяр хэлж байв. Тэрбээр тэнцвэрийг барих ёстой гэдгийг илэрхийлсэн. Энэ тухай хэлэхдээ "Хөдөө аж ахуйг дэмжих хүрээнд олон зээл тусламж хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч эрэлт хэрэгцээтэй харьцуулахад багахан хувь эзэлж байна. Ийм нөхцөлд инфляцийн эрсдэл бий. Ялангуяа нийлүүлэлтийг өсгөж чадаагүй нөхцөлд бид эрэлтийг өдөөхгүй байх бодлого зайлшгүй хэрэгтэй. Маш ухаалаг шийдэхгүй бол инфляци өссөний дараа бууруулахын тулд маш өндөр өртөгтэй болохыг өнгөрсөн 20 гаруй жилийн түүх харуулж байгаа. Богино хэмжээний цочмог өөрчлөлт гарах бүрт импортыг дэмжье, асуудал үүслээ импортыг хязгаарлалт хийнэ гэх байдлаар судалгаа шинжилгээгүй туйлширвал тогтвортой бодлого болохгүй. Аливаа судалгаа шинжилгээ гаргахдаа судалгаанд үндэслэж эерэг үр дагавар нь урт хугацаандаа үзүүлэх сөрөг нөлөө ямар байхыг нь бодолцож шийдвэр гаргах ёстой. Дотоодын үйлдвэрлэл импорт бол хоёр талтай. Аль нэгийг нь 100 хувь шийдэх боломжгүй. Хүнс бараа бүтээгдэхүүнийг дотоодоос 100 хувь хангах нь маш хүнд. Үнэ өндөр болох эрсдэлтэй. Далайд гарцгүй орны хувьд өөрийн улс орны онцлогт нийцсэн бодлоготой байх ёстой. Тиймээс биш аль нэгийг нь хязгаарлаж болохгүй. Гурил өндөр үнэтэй байна импортын татварыг тэглэе, үгүй бол дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ гэх байдлаар шийдвэр гаргах нь тууштай бодлого болохгүй" гэлээ.