Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тэрбээр:
-2019 онд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг хот тосгонд шилжүүлж болно гэх өөрчлөлт орсон. 1992 оны Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэл 1993 онд хийгдсэн. 1993 оноос өмнө 18 аймгийн төвийг хот гэсэн зохион байгуулалтаар төлөвлөн хөгжүүлж ирсэн. Мөн томоохон үйлдвэр дагасан болон суурин газруудыг тосгоны зохион байгуулалтаар хөгжүүлсэн.
Харамсалтай нь 1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараа 1993 онд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж хэрэгжиж эхэлсэн 30 гаруй жилийн хугацаанд хот тосготод засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгжийн чиг үүргийг шилжүүлж өгч чадаагүй. Тиймээс хот тосгод бие даан хөгжих эрхзүйн боломжууд нь хязгаарлагдмал байсан. Энэ боломжийг 2019 онд нээсэн. Улмаар Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж дуусаад Засгийн газрын хуралдаанд танилцуулаад дэмжигдээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Аймгуудын төв, суурин газруудыг хот гэж нэрлээд дэд бүтцийн хөгжил болон нийтийн аж ахуйн асуудал нэг дор шийдэгдэхгүй. Тиймээс хотын эдийн засгийн асуудлыг давхар хөндсөн.
Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумдын нутагт шинэ хот байгуулж корпорацийн зарчмаар оршин тогтноно. Олсон татварын орлогынхоо 80 хувийг аймаг орон нутагт нь өгөх, 20 хувийг нийслэлд өгнө.
Цаашлаад НӨАТ-ын тодорхой хувийг эсвэл ААН-ийн орлогын албан татварын 60 хүртэлх хувийг хот суурин газарт төвлөрүүлдэг болох эрхзүйн үндсийг хуулиар бүрдүүлж өглөө.