Парламентын түүхэнд хамгийн олон буюу 15 гишүүн нь сэжигтэн, яллагдагч болж, рекорд тогтоосон энэ парламентын бүрэн эрх дуусгавар болоход маш бага хугацаа үлдээд буй. Үүнтэй зэрэгцэн 126 гишүүнтэй дараагийн парламентыг бүрдүүлэх үүрэг хариуцлага иргэд төдийгүй улс төрийн хүчнүүдэд ирээд байна. Харин шинээр бүрдэх парламентыг "сахилга сул" байлгахаас сэргийлж, улстөрийн намууд босгоо өндөрсгөсөн хэдий ч түүндээ хүрч чадах эсэх нь эргэлзээ дагуулсаар. МАН л гэхэд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Сонгуулийн тухай хуулиар ч авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэх заалт хуульчлагдсан. Гэсэн хэдий ч сиймхий анддаггүй зарим улстөрчид нэр дэвшихээр хуулийн цоорхойг хайж байж мэдэх юм.
Энэ нөхцөлд ядахдаа улстөрийн намууд нь нэр дэвшүүлэх процесс дээрээ цензурдэх шаардлага үүсэж байна. Учир нь гишүүдийнхээ холбогдсон хэргүүд сөхөгдөнгүүт гэм буруутай нь эцэслэн тогтоогдсоны дараа гэдэг үгээр ард иргэдийн амыг таглах нь утгагүй. Улстөрчдийн холбогдож буй хэргүүд гэм буруутай нь гурван шатны шүүхээр эцэслэн тогтоогдох хүртлээ бараг л хамгийн багадаа 2 ба түүнээс дээш жил байдаг. Энэ нь ч бараг "тогтсон" хугацаа болоотохлоо. Энгийн иргэдийн хэргийг сар хүрэхгүй хугацаанд шийдэж орхидог хэр нь улстөрчдийн хэргийг хэдэн сар жилээр нь шүүх дээр мөнхрүүлдэг байдлаас харвал "Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй" гэдэг эрх баригчдын үг сонгогчдыг чулуу хөөлгөж байгаагаас өөрцгүй байна. Тиймээс намууд ч шалгагдаж байгаа гишүүдээ нэр дэвшүүлэлгүйгээр байр байранд нь тавих ёстой. Нөгөө талдаа хэрэгт холбогдсон гишүүд ёс зүйн өндөрлөгөө барьж, ирэх сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өөрсдөө зарлавал ядаж сонгогчдынхоо итгэлийг хадгалж үлдэх нь лав.
Тэгвэл энэ удаагийн парламентад 62-уулаа сонгогдон МАН-аас ёс зүйн өндөрлөгөө баривал дараах гишүүд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй.
-Ж.Эрдэнэбат-
УИХ-ын гишүүний тангаргаа өргөснөөс хойш Төрийн ордонд нам гүмхэн аж төрж буй хүн бол УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат. Тэрбээр Сэлэнгээс хамгийн олон сонгогчийн санал авч парламентад сонгогдсон гишүүн. Гэвч түүнд гишүүн болохын өмнөөс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 22.1.3-т заасанчлан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" хэргээр яллагдагчаар татаж, 6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг мөн 6 жилээр хасах шийтгэл оногдуулж байв. Гэсэн хэдий ч түүний хэргийг Улсын дээд шүүхээс дахин шалгуулахаар буцаасан байдаг. Өөрөөр хэлбэл, одоо ч хуулийн байгууллагад нэр нь хадаатай яваа МАН-ын гишүүдийн нэрсийн жагсаалтыг Ж.Эрдэнэбат тэргүүлнэ.
-Ж.Сүхбаатар-
Ногоон автобусны худалдан авалтын асуудалд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар. Олон нийтийн анхаарлын төвд байгаа эл асуудалд нэр холбогдсон тэрбээр ёс зүйн өндөрлөгөө барьж, ирэх сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ.
-Ш.Раднаасэд-
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд. "Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт зарлагдаж байсан тэрбээр нэлээн бухимдангуй байх болсон. Ингэхдээ одоогоор түүнийг "улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан хэрэг"-т яллагдагчаар татаад байгаа юм. Түүний хэрэг одоогоор АТГ дээр шалгагдсан хэвээр байна.
-Ж.Мөнхбат-
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нүүрсний гэх хэргийн сураг гарангуут өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэж, нэр төртэйгөөр улстөрд эргэн ирнэ хэмээн мэдэгдсэн. Түүний эргэн ирэлт нь лавтай л энэ сонгуулиар биш. Учир нь одоогоор түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй юм.
-Н.Наранбаатар-
Нүүрсний хулгайн хэргээр "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нар шалгагдаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал УИХ-аар орж ирэхэд Өмнөговь аймаг төлөөлөлгүй болох шахсан. Азаар Н.Наранбаатар бүрэн эрхтэйгээ үлдсэн. Хэдийгээр бүрэн эрхтэйгээ үлдэж чадсан ч шалгагдсан хэвээр. Түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй. Одоогоор эл хэргийг АТГ шалгаж байна.
-Ц.Анандбазар-
АТГ-аас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг яллагдагчаар татан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг шалгаж байсан ч хэргийг нь тусгаарласан юм. Ингэхдээ өөр хэд, хэдэн хэрэгт яллагдагчаар татагдсан тул тэдгээр хэргийг нь нэгтгэж шалгах шаардлагатай болсон аж.
-Б.Энх-Амгалан-
Энэ парламентаас шүүхээр ял шийтгүүлсэн гишүүдийн нэг нь Б.Энх-Амгалан болоотхов. Шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оноосон юм. Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг.
-Ё.Баатарбилэг-
Хөгжлийн банкны хэргээр ял сонссон гишүүдийн нэг нь Ё.Баатарбилэг. Гэхдээ тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандаж улмаар түүнд холбогдох хэргийн бүх асуудлыг дахин хэлэлцэх зайлшгүй шаардлагатай учраас хэргийг бүхэлд нь хүчингүй болгосон. Ингэхдээ түүний үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нарийвчилсан байдлаар дүгнээгүй, зээл нь байр худалдаж авахад цаг хугацаа нь таарч байгааг шалгаж, дүгнэх шаардлагатай хэмээн үзсэн. Эргэн сануулбал, Ё.Баатарбилэгт авлига авсан гэх үндэслэлээр зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, 73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэрийг Анхан шатны шүүхээс гаргаж байсан юм.
-Т.Аюурсайхан-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3.3 дахь зааснаар зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8.1, 2.2.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10.2 хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон. Шүүхээс түүний эл гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оногдуулсан байдаг. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 11.4 сая төгрөгийг гаргуулах бөгөөд түүнээс 1.8 тэрбум төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.