Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1865 хүнээс судалгаа авчээ. 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан ажил хийхээр ирцгээсэн бөгөөд 70 гаруй хувь нь диплом, магистр, докторын зэрэгтэй байжээ. Ихэнх нь тэндээ хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна. Тэд диплом, магистр, докторын зэрэгтэй мөртлөө гадаадад "хар" ажил хийх, цаашлаад Монголоос татгалзах сонголтыг хийж байна.
Тэгвэл эдгээр иргэдийг эх оронд нь авчрах "ЗӨГИЙН ҮҮР-2" хөтөлбөрийг 2024 онд дахин эхлүүлэхээр болсон юм.
Гадагшаа явсан зөгийнүүдээ буцаад эх оронд нь балтай нь хамт авчрах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй
Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл НҮТББ-ын Дэд тэргүүн А.Долгион:
-"Зөгийн үүр-1" хөтөлбөрийг Засгин газраас 2012 онд хэрэгжүүлж байсан. Үр дүнгийн хувьд амжилттай болж чадаагүй ч гэсэн олон залуус эх орондоо ирж байсан. Энэ жил уг хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр тохирсон. Холбогдох яамд тамгийн газрууд "Зөгийн үүр-2" хөтөлбөрийн ажлын хэсэгт орсон. Хөтөлбөрийг гадаад харилцааны яамнаас ахалж, удирдаж байгаа. Зөгий балаа цуглуулаад үүрэндээ заавал буцаж ирдэгтэй адилтган хөтөлбөрт уг нэрийг өгсөн.
Тэгэхээр гадагшаа явсан зөгийнүүдээ буцаад эх оронд нь балтай нь хамт авчрах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.
Үүний тулд төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтран тодорхой ойлголтуудыг иргэд өгөх нь чухал.
Залуус Монголд буцаж ирлээ гэхэд орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах, ажилд зуучлах, бизнес хийх орчныг бүрдүүлэх ёстой. Тухайлбал, бага хүүтэй зээл олгож, бизнесийн орчинд хөнгөлөлт үзүүлнэ.
Мөн татварын бодлого дээр эхний 2-3 жилд бизнес нь хөл дээрээ бостол улсаас дэмжих. Нөгөө талдаа гадаадын хөрөнгө оруулалтыг дагуулж ирээд Монголд компани байгуулвал визний асуудлыг шийдвэрлэх.
"Зөгийн үүр-1" хөтөлбөрт нарийн мэргэжлийн хүмүүсийг анхаарч байсан бол энэ удаагийн хөтөлбөр нарийн мэргэжил дээр нэмэх нь ерөнхий мэргэжлүүд буюу бизнес, үйлчилгээний салбарууд орж байгаа.
2012-2022 онд цалингийн өсөлтийг ам.доллараар бодвол 17 хувийн л өсөлттэй байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуя:
-Мэдээж иргэдийг хүчээр барина гэж байхгүй. Тийм ч учраас цалин нэмэх бодлогыг тогтмол хэрэгжүүлж байна. Хүмүүст нөгөө талдаа цалин нэмэхээр инфляци өснө гэцгээдэг. Гэхдээ цалин нэмэхээс өөр аргагүй. Харин инфляци өдөөгөөд байгаа хүчин зүйлийн эсрэг арга хэмжээ авах ёстой. 5-10 жилийн хөдөлмөрийн зах зээлд хийсэн судалгаагаар 2012-2022 оны хооронд цалингийн өсөлтийн инфляцийг нь цэвэрлээд харахаар 31 хувь, ам.доллараар бодвол 17 хувийн л өсөлттэй байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд тухайн улс орны хувийн хэвшил, төрийн байгууллагуудын нийт цалингийн эзэлж байгаа хувь АНУ-д 60.4 хувьтай байхад Монголд 37.2 хувьтай байна.
Энэ нь манай нийт эдийн засагт дотоодын нийт бүтээгдэхүүнд хувь болон төрийн цалингийн сангийн эзэлж байгаа хувь нь бага байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, эдийн засаг өсөөд байгаа мөртлөө иргэдийн амьдралд мэдрэгдэх нь төдийлөн сайн биш гэдэг нь тоон үзүүлэлтээс харагддаг. Нөгөө талдаа цалин, бизнес хийх боломж бололцоо, амьдрах орчин нөхцөлөөс болж иргэд гадагшаа гарч байна. Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгөөд Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг сайдаар ахлуулсан "ЗӨГИЙН ҮҮР" хөтөлбөрийг дахин эхлүүлэх ажлын хэсэг гарсан. Залуусыг Монголоос гадагш явуулахгүй байх арга хэмжээг дахин хэрэгжүүлнэ. Гадаадад байгаа хүмүүс эх орондоо ирэхэд тодорхой хэмжээний хөшүүрэг, дэмжлэг, бодлого хэрэгтэй.
- 2010 онд хэрэгжсэн "ЗӨГИЙН ҮҮР" хөтөлбөр юу болов -
"Зөгийн үүр" хөтөлбөр 2010 онд анх хэрэгжсэн. Ингэхдээ өндөр боловсролтой нэг хүн 10-30 дахин үржих тэр бодлогын эхлэл нь “Зөгийн үүр” хөтөлбөр байх ёстой гэж үзэж тухайн үеийн эрх баригчид "томорч" байв. Тухайн үеийн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Ирцгээ та нар минь, улс бодлогоор дэмжинэ шүү. Эх орондоо хийж бүтээ. Бид хөгжиж байна" хэмээн уриалсан. Гэвч уг хөтөлбөрийн үр дүнд хэдэн хүн эх орондоо ирсэн, аль салбарт ажиллаж байна гэх хэрэгжилтийг дүгнэсэн мэдээлэл алга.
Уг санаачилга нь эдийн засгийн тэргүүлэх чиглэлд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа онц шаардлагатай ажлын байранд гадаадад нарийн мэргэжил, туршлага эзэмшсэн иргэдээ татан оролцуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэх зорилготой байв.
-Одогсодын төрдөө захисан захиас-
Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1865 хүнээс судалгаа авахад:
- Монгол Улсад эргэн очиход гадаадад их дээд сургуульд суралцаж төгссөн иргэдээ төр болон хувийн байгууллагуудад ажилд зуучлах,
- Орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, амьдрах орчин,
- Нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулах,
- Буцаж ирэхэд шаардлагатай зуучлал, хөнгөлөлт, зээлийн бодлого,
- Хөтөлбөр боловсруулах, хувь нь бизнес эрхлэх боломжуудыг нэмэгдүүлэх болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг татварын хөнгөлөлттэй болгож, гаалийн татвар, хураамжийг багасгахыг хүсжээ.