УИХ-ын хаврын ээлжит чуулганаар зайлшгүй батлагдах ёстой гол хуулиудын нэг нь УИХ-ын дэгийн тухай хууль юм. Тэгвэл бид дэгийн хуульд орж буй өөрчлөлт, онцлог заалтуудтай холбоотойгоор парламентад суудалтай гурван намын төлөөллүүдээс дараах байр суурийг тодруулан хүргэж байна.
"736 ГИШҮҮНТЭЙ ХБНГУ-ЫН БУНДЕСТАГИЙН ДЭГИЙГ 126 ГИШҮҮНТЭЙ ПАРЛАМЕНТАД ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ"
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Бид хуулийн төслүүдийн хүрээнд парламентын олон гишүүдтэй улс орнуудын жишгийг харьцуулж харсан. Манай парламентад яригдаж буй энэ хуулийн төсөл нь ХБНГУ-ын Бундестагийн дэг юм билээ. Тус Бундестаг өөрөө 736 гишүүнтэй. Харин манайх 76 гишүүнээ дөнгөж 126 болгож нэмэгдүүлэх гэж байгаа. Харьцангуй жижиг парламент гэсэн үг. Тэгэхээр 736 гишүүнд зориулсан парламентын дэгийг 126 гишүүнд мөрдүүлж, үг хэлэх эрхийг нь хязгаарлах гэж буй нь дэндүү ахадсан хуулийн зохицуулалт гэж харж байна.
УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл ХБНГУ-ын Бундестагийн дэгийн хуулийг бүхэлд нь хуулсан л юм билээ. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоон харьцаанаас харсан ч арай л боломжгүй зохицуулалт гэж харж байна.
-Хуулийн төсөлд УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг салгаж, зохицуулахаар тусгаад буй. Энэ агуулгад та ямар байр суурьтай байна вэ?
-Бид өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал гэдэг тусдаа ойлголтыг нэг тогоонд авч явж ирсэн. Үүнийг тодорхой хэмжээнд салгах хэрэгтэй. Үндсэндээ УИХ-ын гишүүний бүрэн эрх түдгэлзсэн ч халдашгүй байдал нь тусдаа байх ёстой. Нөгөө талаас хуулийн ямар ч хариуцлага хүлээсэн ард түмнийг төлөөлөх мандат нь хэвээр байх нь чухал учраас төлөөллийн эрхийг нь тасалдуулахгүй байх нь зөв. Иймд энэ асуудлаар тодорхой шийдэлд хүрэх нь зүйтэй гэж үзэж байна.
-Зарим улс төрчид Гүйцэтгэх засаглал, Хууль тогтоох дээд байгууллагаасаа давсан эрх мэдэлтэй байна гэж зарим улстөрчид шүүмжилдэг. Ялангуяа Засгийн газрын эрх мэдлийн хүрээг УИХ-ын дэгт зангидах шаардлагатай талаар хуулийн төсөл санаачлагчид хэлж байна. Тухайлбал, хуульд нэг сайд нэг л байнгын хороонд ажиллахаар тусгасан байна. Үүнийг та юу гэж харж байна?
- Яг энэ асуудалд хоёр талын зөрчилтэй зүйлс байгаа. Нэгт, Монголын парламент өөрөө хариуцлага хүлээдэг механизм байхгүй. Орчин үеийн засаглалаар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг заагаад өгчихсөн. Гэтэл хууль тогтоох байгууллагад хэн яаж хариуцлага тогтоолгох нь тодорхойгүй. УИХ тарах дээрээ тулвал өөрөө л тарна. Тэгэхээр энэ бол Монголын парламентад ёсны нэг сул тал гэж харж болохоор. УИХ, ЗГ хоёрын харилцан хяналт, тэнцэл нь хаана байна гэхээр Засгийн газар нь парламентынхаа дээр гарах тохиолдлууд өнгөрсөн хугацаанд гарлаа.
Тиймээс байнгын хорооны гишүүдийн 2/3-ын саналаар сайдад хариуцлага тооцох саналыг Ерөнхий сайдад гаргадаг байх агуулгыг зарчмын хувьд зөв гэж бодож байна.
"ГИШҮҮД НЬ ДУРТАЙ СЭДВЭЭРЭЭ ЯРЬДАГ ПАРЛАМЕНТ МАНАЙХААС ӨӨР БАЙХГҮЙ. БҮЛГЭЭРЭЭ МЭТГЭЛЦДЭГ ЗАРЧИМ РУУ ОРОХ ЁСТОЙ"
-УИХ-ын хаврын чуулганаар батлах ёстой хамгийн чухал хуулийн нэг нь дэгийн тухай хууль. Тэгэхээр 126 гишүүнтэй шинэ парламент чуулганы хуралдаанд бүлгийн зохион байгуулалтад орж, олонх болсон намын гишүүд илүү үг хэлдэг байх дэг рүү шилжинэ гэж буй. Үүнийг та юу гэж дүгнэж байгаа вэ?
-УИХ-ын чуулганаар нэг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудал орж ирэхэд хугацаа 90 минут гэж байгаа. Тухайн хугацаагаа даргын зөвлөл дээр ярьж суудалтай намууд болон, бие даан сонгогдсон гишүүдийнхээ дунд хувьчилж авч үзнэ. Жишээ нь олон суудал авсан нам нь тухайн 90 минутын 30 минутыг нь авч үг хэлэх маягаар явж, үлдсэн хугацаанд бие даагч гишүүд үг хэлэх эрхтэй болох юм.
Мэдээж 126 гишүүнтэй болох учраас бүх гишүүд үг хэлж, асуулт асуух болбол чуулганы үйл ажиллагаанд хүндрэл үүсч, хэлэлцэх асуудлаа шийдвэрлэхэд багагүй цаг авна.
Тиймээс олон гишүүнтэй парламентын жишгийн дагуу аль болох бүлгийн мэтгэлцээн рүү чиглэдэг байх ёстой гэсэн байр суурьтай байна. Түүнээс биш гишүүн бүр дуртай сэдвээрээ ярьдаг парламент манайхаас өөр улсад байхгүй.
Хуулийн төсөлд дөрвөн асуудалд огт минутын хязгаар тогтоохгүй байхаар зааж байгаа. Улсын төсөв, мөрийн хөтөлбөр, жилийн үндсэн чиглэл, Үндсэн хуулийн өөрчлөлтөд хязгаарлалт тогтоохгүй гэсэн үг. Мөн байнгын хороодод гишүүд үг хэлэхэд хугацаа хамаарахгүй.
-Хуулийн төсөлд УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг салгаж зохицуулахаар тусгаад буй. Энэ агуулгад та ямар байр суурьтай байна вэ?
- Одоо байгаа хуулийн зохицуулалтаар прокурорын саналаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлчихээр тухайн гишүүн хуулийн байгууллагад шалгагдаж байх явцдаа ажлаа хийх боломжгүй болчхож байгаа юм. Үүний цаана сонгогчдын эрх ашиг хохирч үлддэг. Тиймээс бүрэн эрхийг дордуулахгүй байх үүднээс халдашгүй байдлыг нь салгах шаардлагатай.
Хэрвээ ямар нэг хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа тохиолдолд халдашгүй байдлыг нь салгачхаж болно. Ингэснээр хууль хяналтын байгууллага саадгүйгээр нэгжлэг хийж, саатуулж болох боломжийг нь олгож байгаа гэсэн үг. Дараа нь шүүх дээр бүрэн эрхтэй холбоотой асуудал орж ирвэл тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
-Гүйцэтгэх засаглал, Хууль тогтоох дээд байгууллагаасаа давсан эрх мэдэлтэй байна гэж зарим улстөрчид шүүмжилдэг. Ялангуяа Засгийн газрын эрх мэдлийн хүрээг УИХ-ын дэгт зангидах шаардлагатай талаар хуулийн төсөл санаачлагчид хэлж байна. Тухайлбал, хуульд нэг сайд нэг л байнгын хороонд ажиллахаар тусгасан байна. Үүнийг та юу гэж харж байна?
- Сүүлийн үед манайхны нэг ярианы гол сэдэв бол энэ. Сайд нарыг Ерөнхий сайд томилдог болчихсон учраас зарим сайдууд парламентад хүндэтгэлгүй хандаж байгаа асуудал ажиглагддаг. Ажлаа хийж чадахгүй байгаа сайд нар нь Ерөнхий сайдынхаа араар орчхоод хариуцлагаас зугтаж байна гэдэг шүүмж бий.
Тиймээс хуульд байнгын хорооны гишүүд олонхоороо тухайн сайд ажлаа хийж чадахгүй байна гэж үзвэл Ерөнхий сайдад санал оруулдаг, түүний дагуу арга хэмжээ авдаг байх шахалтыг л бий болгож байгаа юм.
"УИХ-Д БҮЛЭГ БАЙГУУЛАХ БОСГО ХЭТЭРХИЙ ӨНДӨР БАЙНА"
УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд: УИХ 76 гишүүнтэй байсан бол ирэх сонгуулийн дараа 126 гишүүнтэй болж өөрчлөгдөж байна. Тэгэхээр УИХ улс төрийн "популизм" хийдэг талбар байх юм уу, аль эсвэл бодлого ярьдаг шуурхай парламент байх юм уу гэдэг асуудал яригдах ёстой. Үүнтэй холбоотойгоор бүлгийн асуудал ч үүснэ.
Олон гишүүнтэй парламентын засаглалтай орнуудын хувьд бүлэгт тодорхой цаг ноогдож, тухайн цагтаа сөрөг хүчний бүлэг ЗГ-тайгаа мэтгэлцдэг байдлаар явж байна. Тухайлбал, төсвийн бодлого орж ирлээ гэхэд гишүүний хувьд төсвийн бодлогын алдааг харуулсан судалгаа гаргаж ирээд мэтгэлцэх хэрэг гарахад үүнийг хязгаарладаггүй л байх ёстой.
Парламентын ардчиллыг бэхжүүлэхийн тулд нэг нам биш, олон намын төлөөллүүд парламентад орж үгээ хэлж, санал гаргаж, намынхаа мөрийн хөтөлбөрийг ярьж, мэтгэлцдэг байх нь чухал.
Бүлэг байгуулах босго нь олон улсын жишгээр нийт УИХ-ын гишүүдийн 2-5 хувийн суудал авсан байхыг хуульдаа заасан байдаг. Манай улсын чиглэлээ болгож байгаа ХБНГУ-ын парламентаас харахад 5 хувиар бүлэг байгуулж байх жишээтэй.
Гэтэл манай парламентад бүлэг байгуулах босгыг нийт гишүүдийн суудлын 10 хувь гээд заачихсан. Одоогийн 76 гишүүнтэй парламентад 8 гишүүний суудал авсан нам бүлэг болно гэдэг байдлаар явж ирсэн. Тиймээс бүлэг байгуулах босгыг багасгаж өгөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.
-Хуулийн төсөлд УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг салгаж, зохицуулахаар тусгаад буй. Энэ агуулгад та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын гишүүний халдашгүй байдлын асуудлыг иргэд маш ихээр хөнддөг. Үүний ард парламентын чадавхын асуудал дагаад яригддаг. Иргэд шударга ёс, хариуцлага шаардаад байгаа учраас халдашгүй байадал гэдэг ойлголт нь бусад улсын парламенттай харьцуулахад илүү эрх юм байна гэж зарим нь дүгнэх болсон. Хэрэгт холбогдсон бол иргэдийн адил холбогдох хуулийн байгууллагаар шалгуулаад явах ёстой гэж ойлгодог. Нөгөө талд, улс төрчийг үндэслэлгүй гүтгэх, хэлмэгдүүлэх, цахим орчинд нэр хүндэд нь халдах асуудал явах эрсдэлтэй. Гэхдээ та нэгэнт улстөрчийн амьдралыг сонгосон бол энэ бол алга ташуулаад явдаг амьдрал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ агуулгаараа халдашгүй байдлыг тусад нь авч үзэх нь зөв.
-Гүйцэтгэх засаглал, Хууль тогтоох дээд байгууллагаасаа давсан эрх мэдэлтэй байна гэж зарим улстөрчид шүүмжилдэг. Ялангуяа Засгийн газрын эрх мэдлийн хүрээг УИХ-ын дэгт зангидах шаардлагатай талаар хуулийн төсөл санаачлагчид хэлж байна. Тухайлбал, хуульд нэг сайд нэг л байнгын хороонд ажиллахаар тусгасан байна. Үүнийг та юу гэж харж байна?
- Энэ их чухал асуудал. Бид давжаа парламентынхаа дутагдалтай талуудыг одоо маш их мэдэрч яваа. Цөөхөн гишүүдтэй учраас УИХ-ын нэг гишүүн 3-4 байнгын хороо руу орж ажиллаж байна.
Гэтэл байнгын хороонд мэргэжлийн гишүүд салбарынхаа асуудлыг бодлогын түвшинд ярьдаг байх шаардлага үүсэж байгаа юм. Хуулийн төслийн гол хэлэлцүүлэг байнгын хорооны босгыг давж байж УИХ-ын чуулганы хуралдаанаар орж ирдэг.
УИХ-ын гишүүдийн тоо 126 болохоор Засгийн газарт хяналтаа тавих бүрэн боломжтой. Жишээ нь, 15 яамтай байлаа гэхэд нийт гишүүдийн 10 орчим хувь нь л томилогдоно. Тухайн сайд нар тус бүр нэг л байнгын хороонд орно. Ингэхдээ өөрийн хариуцсан салбарын байнгын хорооноос өөр байнгын хороонд орно. Ингэхээр хуралдааны аливаа асуудалд лобби орох боломжгүй буюу ЗГ-ын эрх мэдлийг хяналтдаа авах давуу талтай гэсэн үг.
"ЭРХ БАРИГЧИД СӨРӨГ ХҮЧНИЙГ ДУУГҮЙ БОЛГОХ ГЭЖ ӨӨРСДӨДӨӨ ТААРУУЛСАН ХУУЛЬ БАТЛУУЛАХ ГЭЖ БАЙНА"
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Эрх баригчид яавал сөрөг хүчний үгийг зогсоох вэ гэсэн хандлагаар асуудалд хандаж байна. Ирэх парламент 126 гишүүнтэй болно. Энэ үед дэгийн хуулийг өөрсдөдөө зориулаад хийнэ.
Хуульд хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, аливаа нэг асуудлаар бүлгийг төлөөлж нэг, хоёр хүн л үг хэлж, зарчмын байр сууриа илэрхийлээд явахаар байгаа. Гэтэл энэ зохицуулалт нь зарим хуулиудад сөрөг байр суурьтай байсан тухайн бүлгийн хүмүүсийн үгийг хэлүүлэхгүй байх нөхцөлийг бий болгодог.
Хоёрт, тойргоос сонгогдсон гишүүд сонгогчдынхоо санал бодлыг илүү төрд хүргэх ёстой. Тиймээс бүлгийн зохион байгуулалтыг хэтэрхий хавтгайруулж ганц хоёрхон хүнээр төлөөлүүлж асуудал ярьдаг болгох нь учир дутагдалтай гэж харж байгаа.
Шинээр бүрдэх парламентад аль нам нь олонх болохыг хэлэх боломжгүй атал АН-ыг дахиад сөрөг хүчин л байна гэдэг агуулгаар өөрсдөдөө тааруулсан хууль гаргаад байх нь зохимжгүй асуудал гэж хэлмээр байна.
-Хуулийн төсөлд УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг салгаж, зохицуулахаар тусгаад буй. Энэ агуулгад та ямар байр суурьтай байна вэ?
-Өнөөгийн УИХ-ын гишүүдэд бүх бүрэн эрх нь хэвээр байгаа. Өнөөгийн энэ парламентын хугацаанд асуудалд холбогдсон гишүүд өөрсдийн эрх ямбаа тоочихгүйгээр хууль хяналтын байгууллагад ухамсраараа очиж шалгуулж байгаа. Товчхондоо, шүүхээс ял аваад шоронд орох гэж буй хүмүүс л асуудалтай байгаа.
Тиймээс парламентын гишүүний бүрэн эрх тодорхой хэмжээгээр байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг талаас маш их нөлөөлөл орж ирэх хоёр хөрштэй учраас бид үүнд нухацтай хандахгүй бол болохгүй. Парламентын засаглалаар маш сайн мэргэшсэн хүмүүс үүнийг маш буруу зүйл гэж зөвлөдөг.
-Гүйцэтгэх засаглал, Хууль тогтоох дээд байгууллагаасаа давсан эрх мэдэлтэй байна гэж зарим улстөрчид шүүмжилдэг. Ялангуяа Засгийн газрын эрх мэдлийн хүрээг УИХ-ын дэгт зангидах шаардлагатай талаар хуулийн төсөл санаачлагчид хэлж байна. Тухайлбал, хуульд нэг сайд нэг л байнгын хороонд ажиллахаар тусгасан байна. Үүнийг та юу гэж харж байна?
- Энэ парламентаар хамгийн гол нь Ерөнхий сайд бүх сайд нараа өөрөө томилж, хариуцлага тооцож байгаа нь парламентын засаглалтай манай улсад нэг талаараа өрөөсгөл зүйл. Жишээ нь онцгой байдлын салбарыг харахад олон хүмүүс харамсалтайгаар нас барж байна. Гэтэл Ерөнхий сайд нь хариуцлага алдсан сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй байна. Мөн энэ жил ХАА-н салбар 2023 онд 18 хувиар уналтад орсон. Энэ жил бүр их нэмэгдэхээр байгаа.
Тиймээс байнгын хорооны гишүүд салбарын сайдад хариуцлага тооцох саналыг Ерөнхий сайдад гаргах боломж бүрдэж байж гүйцэтгэх засаглалын эрх, үүргийг тэнцвэртэй барьж чадна.
"УИХ-ЫН ГИШҮҮД СОНГОГЧДЫНХОО ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭХ ЁСТОЙ"
УИХ-ын гишүүн С.Чинзориг: УИХ-ын гишүүн сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалж байр сууриа илэрхийлж ярих ёстой. Парламент төлөвшсөн орнуудын тухайд гишүүд нь тодорхой сэдвээр мэргэшдэг. Тэр мэргэшсэн сэдвээрээ л асуудал гаргаж ярьдаг болохоос сэдэв бүрээр ярьдаггүй гэж манай хууль санаачлагчид хэлээд байгаа юм. Нэг талаасаа зөв. Гэхдээ манай нөхцөлд хараахан төлөвшөөгүй зүйл гэж хэлмээр байна.
-Хуулийн төсөлд УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг салгаж, зохицуулахаар тусгаад буй. Энэ агуулгад та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудлыг салгаж зохицуулах асуудал хуулийн төсөлд орсон байна лээ. Хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх явцад гишүүд саналаа хэлэх байх. Миний хувьд одоогоор ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломгүй байна.
"ОЛОНХ БОЛСОН НАМ ИЛҮҮ ДУУГАРДАГ БИШ СӨРӨГ ХҮЧИНД ЭНЭ БОЛОМЖИЙГ ОЛГОХ ЁСТОЙ"
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Хуулийн төсөлд парламентад олонх болсон намын гишүүд илүү хугацаанд үг хэлдэг байхаар зааж байгаа нь сөрөг хүчний үг хэлэх эрхийг илт хязгаарлаж байгаа үйлдэл.
Уг нь эсрэгээрээ байх ёстой гэж үздэг. Парламентын олонх нь Засгийн газраа бүрдүүлээд, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явдаг учраас дотроо зөрчилдөх зүйл бага байдаг. Дээр нь нэг намын бодлого, кабинетын зарчмаар ажиллана гээд асуудал харьцангуй бага яригдана.
Харин сөрөг хүчинд асуудал их. Эрх баригчдын алдаатай бодлогыг ил гаргаж ярих, сонгогчдын дуу хоолойг илүү бодитоор хүргэх шаардлага үүсдэг учраас чуулганы хуралдаанд үг хэлэх хугацааг илүү олгох ёстой гэсэн байр суурьтай байна. Хоёрдугаарт, бүлгийг төлөөлж 1-2 гишүүн ярих болбол цаана нь тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн үг хэлэх эрх, сонгогчдын саналыг төрд хүргэх дуу хоолой тасрах эрсдэлтэй болно.
-Хуулийн төсөлд УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг салгаж, зохицуулахаар тусгаад буй. Энэ агуулгад та ямар байр суурьтай байна вэ?
- Бүрэн эрхийн асуудал бол тухайн гишүүдийн хуулиар олгогдсон боломж гэж хардаг. Халдашгүй байдалд тухай хүний эзэмшиж байгаа орон байр, машин хэрэгсэл гээд зүйлс нь ороод явна. Миний хувьд УИХ-ын гишүүн болоод анзаарч мэдэрсэн зүйл бол улс орны тусгаар тогтнолтой холбоотой, ялангуяа гадаад улс орны янз бүрийн дарамтууд УИХ-ын гишүүнд ирдэг. Тэр ч бүү хэл төрийн гурван өндөрлөгт ч ирдэг гэж хардагддаг. Энэ бүгдээс харвал төрийн эрх барих дээд байгууллагын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлын асуудлыг нухацтай авч хэлэлцэх шаардлагатай гэж харж байгаа.