Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч АЭХ-ны дэд тэргүүн Д.Энхтуяа, АЭХ-ны дэд тэргүүн Э.Цэцэгсайхан, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Л.Отгонцэцэг нар мэдээлэл хийлээ.
АЭХ-ны дэд тэргүүн Э.Цэцэгсайхан "Цагдаагийн алба хаагчид нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг дээр хүүхдийн төлөө ажилладаг ТББ-ууд, хөдөлгөөнүүд нэгдэн ажиллаж байна. Иргэнээ хамгаалах, хүүхдээ хамгаалах үүрэг хүлээсэн цагдаагийн алба хаагчид нь хүчирхийлэл үйлдэж байна. Бага насны хүүхдүүдийн хүчирхийллийг бууруулахын төлөө зүтгэж байх ёстой монгол төрийн цагдаа өнөөдөр хүүхэд хүчирхийлж байгаа нь хамгийн харамсалтай. Байж боломгүй үйлдэл боллоо. Бид цаашид хэнд итгэх вэ, цагдаа нь өөрсдөө гэмт хэрэгтэн болчихсон байна. Бид ямарваа нэгэн асуудал тулгарахад хамгийн түрүүнд цагдаа руу холбогддог. Гэтэл тэд өөрсдөө гэмт хэрэгтэн, бэлгийн хүчирхийлэл үйлдэгчид боллоо.
Энэ ямарваа нэгэн зүйлд хохирогчийн байр суурийн тал маш чухал. Тухайн хохирогчийн сэтгэл зүй гэр бүл, ар гэрийн байдал ямар байгаа дээр анхаарал тавих ёстой. Гэтэл энэ хэрэг маш удаашралтай, дарагдахуйц хэмжээнд байна" хэмээлээ.