Дэлхийн банкны “Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт” зөвлөх үйлчилгээ, дүн шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд мэдлэг түгээх, солилцох албан айлчлалын баг уулзаж, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, төлөвлөлт, ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийн талаар мэдээлэл хуваалцаж, санал солилцов.
Тус уулзалтаар Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлын 3/2 ойн салбар шингээж буй тухай дурдаад, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахаас гадна ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийг Монгол Улсад хөгжүүлэхэд тоон мэдээллийн бэлэн байдал, хүртээмж хангалтгүй байгаа талаар талууд хүлээн зөвшөөрөв.
Албан айлчлалыг Дэлхийн банкны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөц, цэнхэр эдийн засаг хөтөлбөрийн менежер хатагтай Анн Жаннет Глаубер, ахлах эдийн засагч ноён Жованни Рута, байгалийн нөөцийн менежментийн ахлах мэргэжилтэн ноён Ставрос Папагеоргиу нар тэргүүлж, байгаль орчны ахлах мэргэжилтэн Стефани Там, уур амьсгалын өөрчлөлтийн ахлах мэргэжилтэн Кейсуке Иядоми, ойн салбарын ахлах зөвлөх ноён Эндрю Митчелл, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын хөтөлбөрийн ажилтан Эмили Мари Лим, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын байгаль орчны мэргэжилтэн Б.Оргил, хөтөлбөрийн туслах Э.Ангар нар оролцлоо.