Хөрөнгө оруулалтын тухай хууль дахь Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хасах хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг нарын гишүүд УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
----------------------------
-Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хасах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Ер нь та дээрх заалтыг хасах асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Хөрөнгө оруулалтын хуулиас зөвхөн нэг л заалтыг хасах төслийг УИХ-д өргөн барьсан. Яагаад өргөн барьсан бэ гэхээр Засгийн газраас санал авахад дэмжсэн санал өгсөн. Хууль дүрэмд нийцэж байна гэж үзсэн. Газрын тухай хуульд УИХ-ын эрхт олон улсын байгууллагууд, улс орнууд гадаадын иргэдэд газрыг түрээс болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр олгох асуудлыг УИХ-ын эрхэд хамаарна гээд заасан. Мөн газрын хуульд энэ газрыг ашиглах зааг, журмыг Засгийн газар батална гэж хуульчилсан байдаг.
Газрыг ямар хугацаа, ямар болзлоор ашиглахыг Засгийн газар тогтооно гэсэн зүйл заалт бий. Газрын хуулиар энэ асуудлыг бүрэн зохицуулах боломжтой учраас Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасъя гэж байгаа.
Хамгийн гол нь Хөрөнгө оруулалтын тухай хуулиас дээрх зүйл заалтыг хасах талаар 100 мянга гаруй хүний санал ирсэн. Өөрөөр хэлбэл, “D-Parliament”-аар ирсэн иргэдийн саналд тулгуурлан, хяналт шалгалт, шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд хуульд тусгах ёстой. Үүний дагуу энэ хуулийн төслийг өргөн барьсан.
-Иргэдийн анхаарлыг багагүй татаж буй хууль учраас нэлээн яаравчлуулах байх гэж харж байна. УИХ-ын даргад өргөн барихдаа хэзээ хэлэлцэхээр болсон бэ?
-Хэлэлцэх асуудлын хуваарьт ороогүй. Даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэх асуудлын хуваарьт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Энэ долоо хоногт амжихгүй бол ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх байх гэж бодож байна.
-Газар бол Монгол Улсын тусгаар тогтнолын гол тулгуур, үнэт зүйл-
-ЭЗБХ-ны дарга нь энэ хуулийн төслийг өргөн барихаар ЭЗХЯ-тай зөрчилдөөн үүсэх зураг харагдаж байна л даа. Засгийн газар зөвшөөрсөн гэхээр ийм асуудал үүсэхгүй гэж ойлгож болох уу?
-Тийм. Засгийн газар дэмжсэн саналаа оруулж ирсэн. Тийм учраас л энэ төслийг өргөн бариад буй. Ер нь бид эдийн засаг, улс орныхоо гадаадын хөрөнгө оруулалт талаас харвал, дээрх 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хасахаар ямар сөрөг үр дагавар гарах бол гэж эргэлзэж буй иргэд бий. Мөн энэ талд нь анхаарч, эрсдэлийг нь бодох ёстой гэж санал гаргасан ч гишүүд ч байгаа.
Би түрүүн ч дурдсан. Газрын тухай хуульд бүх зохицуулалт бий. Ер нь татвартай холбоотой зүйл заалтууд хууль бүрд байж болохгүй. Аливаа нэг асуудлыг шийдэх болоод, хуульд өөрчлөлт оруулах болдог. Үүнийг дагаад, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гээд байж болохгүй. Татварын тухай хуулиараа татварын асуудлыг зохицуулдаг байх зарчмыг баримталж ажиллаж байгаа. УИХ-ын гишүүд татвартай холбоотой хууль өргөн барих эрхгүй.
Түүнтэй адилаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд буй газартай холбоотой зүйл заалт бол татварын бус дэмжлэгийн зорилгоор газар эзэмшүүлж, ашиглуулна гэсэн байгаа. Бид цаашид газрыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад олгохдоо дэмжлэгийн шугамаар олгоно гэвэл татвартай адил хууль бүрд газрын асуудлыг салгаад оруулж болно. Тэгэхээр газар бол Монгол Улсын тусгаар тогтнолын гол тулгуур, үнэт зүйл учраас газрын хуулиар нь зохицуулж өгье. Бусад хуульд салгаж, зохицуулдагийг больё гэсэн зарчмыг баримталж байгаа.
-Үнэхээр “D-Parliament”-д гарын үсгээ зурсан 100 мянган иргэний саналд тулгуурлаж, дээрх заалтыг хасах төслийг өргөн барив уу. Эсвэл хөрөнгө оруулалтын өөр асуудал байв уу?
-100 мянган иргэний саналыг үндэслэсэн.
-Хууль тогтоогчид өөрсдөө хууль зөрчөөд байвал хэн энэ Монгол Улсад хууль хэрэгжүүлэх юм бэ-
-Ер нь “D-Parliament”-аар дамжуулж саналаа өгч буй иргэдийн тоог механикаар өөрчилж байх магадлалтай гэх хардлага нийгэмд бий. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна?
-Хууль хүчнийхэн, тагнуулынхан үүнийг шалгаж байгаа шүү дээ. Хэрвээ механикаар тоог нь өөрчилдөг бол 1-2 асуудал шийдэхэд амар болно. Хэрвээ хууль тогтоогчид өөрсдөө хууль зөрчөөд байвал хэн энэ Монгол Улсад хууль хэрэгжүүлж, дагах юм бэ. Хууль зөрчөөд, иргэдийн саналын тоог өсгөвөл эрүүгийн хариуцлага хүлээнэ биз дээ. Үүгээр юуг хэлээд байна вэ гэхээр иргэдийн саналын тоог өөрчлөх боломжгүй гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.