Парламентынхаа гишүүнийг "эзэнтэй" болгож дуудсан Ерөнхий сайдын үйлдэлд эгдүүцсэн Ардчилсан намынхан "Уучлалт гуйх" шаардлагын дор энэ долоо хоногоос эхлэн чуулганы хуралдаанд суухгүй хэмээн мэдэгдэж, эсэргүүцлээ илэрхийлж эхлэв. Тэдний энэ үйлдлийг нийгмээрээ, нийтээрээ шүүж байна. УИХ-ын дарга нь хүртэл "Хэндээ эрхлээд байгаа юм" хэмээн зандарч, эрх баригч намын гишүүд нь хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тасалдууллаа хэмээн дүүжилж өгч байна. Начир дээрээ ийм үзэгдлийг урьд давтагдаж байгаагүй мэтээр санаж, "Эвэртэй туулай үзсэн мэт" аяглаад байх шаардлагагүй л дээ. Учир нь улс төрийн энэ мэт "бойкот" хийж байсан түүх МАН-д ч, АН-д ч бий.
1996-2000 оны парламент. Тухайн үед МҮАН, МСДН, НН-ын "Ардчилсан холбоо" эвсэл 50 суудал авч парламентад эрх барьж байсан үе. Анх удаа цөөн болсон МАХН "хаврын тэнгэр шиг" л ааштай байсан гэж олон ч эх сурвалж тэмдэглэсэн байх юм билээ. Б.Баабар гуай хүртэл энэ талаар "МАХН-ын бүлэг 120 орчим удаа хурал хаян бойкотлож хууль тогтоох ажиллагааг гацааж байсан" гэж бичиж. Одоогийнхоос ялгаатай нь тухайн үед "Ардчилсан холбоо" эвслийн квот дангаараа хууль хэлэлцэхэд хүрдэггүй байсан аж. Тиймдээ ч төрийн ажил гурван сараар хүртэл гацаж байсан түүх бий.
2012-2016 оны парламент. Энэ үед Ардчилсан Намаас 34, Монгол Ардын Намаас 26 суудал авч, мөн л ардчилагчид эрх барьж байв. Тус парламентад ч МАН-ынханы бойкот үргэлжилж байв. 60 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрсөн "Буйдантай жагсагчид"-ыг ч энд нэрлэж болно. Намынх нь бүлгийг байгуулж өгсөнгүй гэх шалтгаанаар УИХ-ын чуулганы үүдэнд өргөн гэгч нь буйдангаар таглаж суусан нь энэ.
Ингээд харвал 126 гишүүнтэй парламент дахь Ардчилсан намын бүлгийн гаргаж буй "бойкот"-ыг цоо шинэ зүйл мэтээр харах нь өрөөсгөл болж таарч байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!