Хумсаа гелэн будгаар будуулах нь эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон. Гэтэл хумсаа олон давтамжтай байнга будуулдаг бүсгүйчүүд хумсны хавдраар оношлогдож, мэс засалд орох тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгджээ.
Тиймээс бид залуу бүсгүйчүүдийн дунд элбэг тохиолдох болсон хумсны хавдрын талаар “Доктор Үүр” гар сарвууны эмнэлгийн мэс заслын их эмч, АУ-ны доктор О.Очирпүрэвээс тодрууллаа.
Гелен будгийг хатааж тогтоцтой болгон бэхжүүлэхийн тулд ультра хэт ягаан туяагаар шарах процесс нь хавдар үүсгэх гол хүчин зүйл болдгийг эрдэмтэд нотолсон байдаг.
-Хумсны будагнаас шалтгаалсан хумсны хавдартай хүн танай эмнэлэгт хэр их хандаж байна вэ?
-10000 хүнд нэг тохиолдох өвчлөл учраас эхэндээ тоолж болдог байсан. Сүүлийн жилүүдэд тоогоо алдчихсан. Одоогоос 10-аад жилийн өмнө ийм хавдар байдаг гэдгийг ч мэддэггүй байлаа. Гэтэл одоо маш олон бүсгүйчүүд энэ төрлийн хавдраар оношлогдож байна. Судалгаанаас харахад, чанаргүй будаг хэрэглэж түүнийгээ хэт ягаан туяагаар шарж хатаах процесс нь хумсны хавдар үүсгэдэг нь нотлогдсон байдаг.
-Ямар шинж тэмдэг илэрвэл хумсны хавдраар өвчилсөн байх эрсдэлтэй гэж үзэх вэ?
-Эхний 2 жилд гаднаа ямар нэгэн шинж тэмдэг, зовуурь илэрдэггүй. Харагдах байдлын хувьд ч өөрчлөгдсөн зүйлгүй байдаг. Олон жил болчихоороо хумсныхаа хэвтэшийг идээд эхэлдэг. Эхний 3-4 жилдээ бол эд зүйлд хүрэхээр өвдөж, өөрт маш их зовиур мэдрэгддэг. Манай эмнэлэгт "Хөлдүү маханд хүрэхээр өвдлөө. Гол таслах гэж байгаа юм шиг өвдөөд байна" гэсэн эмэгтэйчүүд их орж ирдэг. Гаднаа тодрох шинж тэмдэггүй учраас эмэгтэйчүүдэд тоолгүй явсаар хүндрүүлдэг. Тиймээс дээрх шиг өвдөлт мэдэрч байвал мэргэжлийн эмч эмнэлэгт хандаж оношлуулах хэрэгтэй.
-Оношлогдсон тохиолдолд ямар эмчилгээ шаардлагатай вэ?
-Эмчилгээ нь мэс засал. Ямар нэгэн эм уух зэрэг өөр эмчилгээгээр эдгэрэх боломжгүй гэсэн үг.
-Мэс засалд ороод бүрэн эдгэрэх үү?
-Бүрэн эдгэрнэ.
-Хэдээс хэдэн насныхан энэ өвчлөлөөр оношлогдож байна вэ?
-25-аас дээш насныханд зонхилон тохиолдож байна.
-Танай эмнэлэгт хумсны хавдрын мэс засал хэр их хийгдэж байна вэ?
-Манайд гар сарвууны өвчин эмгэг, гэмтлийн бүх төрлийн оношилгоо, эмчилгээг цогцоор нь хийж байгаа. Бусад төрлийн өвчлөлтэй харьцуулахад хумсны хавдар тийм ч их биш. Гэхдээ огт оношлогддогүй байсан үетэй харьцуулахад олон болсон. Нас нь ч залуужиж байна. Саяхан манай эмнэлэгт нэг охин ирж, хумсны хавдраар оношлогдсон. Хамт ирсэн найз залуу нь "Гараас нь атгаж болохгүй байна. Атгадаг болмоор байна" гэж хэлсэн. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр гарт нь хүрэх төдийд л өвдөлт мэдрэгдэж байна гэсэн үг.
-Хумсны хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд яах вэ?
-Хумсаа будах эс будах тухай асуудал нэн тэргүүнд яригдах учраас ингэ тэг гэж шууд зөвлөх нь өрөөсгөл байх. Онолын хувьд бол хүний хумс гурван сарын хугацаанд буцаж нөхөн сэргэж, хэвийн байдалдаа ордог гэж үздэг. Тиймээс олон давтамжтай, байнга будуулахаас зайлсхийж, хамгийн багадаа 1-3 сарын хугацаанд хумсаа амраах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
-Хавдар гэхээр хүмүүс хүндээр хүлээж авч байх шиг байна. Нэг удаагийн мэс засалд ороод бүрэн эдгэрэх боломжтой гэхээр бусад төрлийн хавдартай харьцуулахад хор нөлөө багатай бололтой?
-Тийм. Хавдар гэхээр манайхан хэт хүндээр хүлээж авах гээд байдаг. Нэг эмэгтэйд хумсны хавдар байна гээд хэлчихсэн чинь гэрийнхэн нь ирээд, уйлаад бөөн юм болсон. Түүнээс хойш би энэ үгийг их болгоомжтой хэлдэг болсон. Учир нь хумсны хавдар бусад төрлийн хортой, хоргүй хавдраас өөр. Бусад эрхтэн рүү үсэрхийлдэг хавдар биш. Тухайн хүндээ өөрт нь л их зовуурьтай байдаг.