Саяхан даа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн заалтаас болж, олон нийт хоёр талцан “Газар нутгаа 100 жилээр гадаадынханд алдах нь” гэж шуугив. Улмаар “D-Parliament” платформоор 100 мянгаас олон иргэний гарын үсэг цугларч, уг хуулийг УИХ-аар хэлэлцэхээс татгалзсан байдаг.
Тэгвэл Хуульч О.Алтангэрэл үүнээс ч НОЦТОЙ байж болох баримтуудыг дэлгэв. Тодруулбал, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар ашигт малтмалын сонгон шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулах тушаал гаргасан гэх тусгай зөвшөөрөл авах тушаалыг 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр гаргасан гэх.
Хуульч О.Алтангэрэл “Манайхан бол лиценз гэж ярьдаг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2023 онд Монгол Улсад 300 гаруй ААН-д, 2024 онд одоогийн байдлаар 70 ААН-д олгочхоод байна. Олгохдоо, тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалт гэж явуулаад олгож байгаа. Сонгон шалгаруулалт бол хуульд заасан олох арга хэлбэр боловч энэ дээр нэг зүйл гарч ирээд байгаа нь 2023 оны 2-р сарын 28-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ашигт малтмалын сонгон шалгаруулалтын журамд тушаал гаргаж өөрчлөлт оруулсан байгаа юм.
Тэгээд хуучин 40 оноо өгдөг байсан үнэлгээг 60 оноо болгосон. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо хэн их мөнгө санал болгосон нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах бололцоотой боллоо гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл манай эх орны дараагийн Оюутолгой, дараагийн Тавантолгой, энэ том баялаг байж магадгүй газруудыг хэн их мөнгө санал болгосонд нь шууд өгч байна гэсэн үг.
Үүний үр дүнд юу болов гэхээр би жишээ татаад өгье. Энэ журам бол түрүүн боловсруулагдаад явж байсан Д.Сумъяабазар сайдын үеэс ярьж байсан бол Ж.Ганбаатар сайд 2023 оны тушаалаараа бүр шинэчилж батлаад, мөрдөж байгаа.
Хэн их мөнгө өгсөнд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл өгөхөөр юу болж байна вэ гэж. За нэг жишээ авъя. Өвөрхангай аймгийн Богд сумын Тольбулаг гэдэг газар олгосон тусгай зөвшөөрөл. Компанийн нэр бол “Грандс плай” гэдэг компани авч байгаа юм. Гадаад нэр сонсогдож байгаа биз.
Өвөрхангайн Богд сумын Тольбулаг гэдэг газар. Энэ яг компанийн OPEN DATA-аар ороод үзэхээр компанийн хувь эзэмшигч гээд жишээлбэл нэр нь байж байна. Өвөр Монголын “Рулион импорт экспорт” ХХК гээд БНХАУ-ын компани байгаа. Ер нь гадны хөрөнгө оруулалтыг эсэргүүцээд байгаа юм биш. Гэхдээ зөвхөн хэн их мөнгө санал болгосон нь тусгай зөвшөөрөл аваад байхаар оролцож байгаа Монголын ААН-үүд энийг авч чадахгүй байна. Угаасаа дийлэхгүй байна.
Энэ чинь сайн судлаад яривал бидэнд мэдэгдэхгүй байгаа болохоос биш дараагийн Оюутолгой, дараагийн Цагаан суварга шиг ийм томоохон орд газрууд байх магадлалтай” гэлээ.
Өмнө нь компанийн түүх, ажлын туршлага, нийгмийн даатгал төлөлт, татварын өргүй байдал, техник тоног төхөөрөмж, боловсон хүчин, лицензийн төлбөрт санал болгож байгаа үнийн дүн зэрэг маш олон шалгуурыг харгалзан үзэж байж тендерт шалгаруулдаг байж. Гэтэл Ж.Ганбаатар сайд хайгуулын лицензийг ердөө хэн өндөр үнэ санал болгосонд нь олгож байх шийдвэр гаргасан юм байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн мөнгөн босго тогтоочихсон хэрэг. Эндээс л бүх зүйл эхэлжээ. Жишээлбэл, хэн хямд үнийн санал болгосон компаниудаас эм, эмнэлгийн хэрэгсэл авдаг байснаа чанарыг илүү чухалчлахаар болсон нь саяхны үйл явдал. Үүнтэй нэгэн адил хэн өндөр үнэ өгсөнд нь газар нутгаа буюу байгалийн баялагаа лиценз нэрээр олгоод байх нь Монгол төрийн “хар хайрцаг”-ны бодлого мөн үү гэж асуухад хүргээд байгаа юм.