Эмийн үнийн өсөлт, чанарын асуудлыг хянан шалгах түр хороо ирэх дөрөвдүгээр сард нээлттэй сонсгол хийхээр төлөвлөж буй. Уг асуудлаар УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн М.Оюунчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Мягмар гарагт болсон танай түр хорооны хуралдаан хаалттай болж, шинжээчдийн мэдээллийг сонссон. Ямар асуудлуудыг хэлэлцэв. Боломжит хэмжээнд нь та мэдээлэл өгөхгүй юу?
-Эмийн сонсгол болох хугацаа маш ойртсон байна. Сонсголыг дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулах зорилготой ажиллаж байгаа. Мягмар гарагийн хуралдаан хаалттай болсон учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ шинжээчдийн бидэнд өгсөн анхаарал татсан, ноцтой гэж хэлж болох мэдээлэл гэвэл, шаардлагатай баримт материалуудыг зарим эрүүл мэндийн байгууллагууд өгөхгүй эсвэл архивт байгаа материал нь олдохгүй, устсан гэх явдал. Албан бичгээр үүнийгээ өгсөн эсэхийг шинжээчдээс тодруулахад өгөөгүй гэсэн.
Мөн зарим аймгийн удирдлагууд тухайн аймгийн Эрүүл мэндийн төвүүд, эмийн худалдаа, ЭМДС-аас санхүүжсэн эмтэй холбоотой мэдээллийг авах хүсэлтээ удаа дараа гаргасан боловч өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна. Хэд хэдэн аймаг бий. Тиймээс өнөөдөр дахин албан бичиг явуулна. Гурав хоногийн дотор хариу өгөхгүй бол нэр, устай нь олон нийтэд зарлана. Жишээлбэл,
Эмийн үнэ, чанартай холбоотой болон ЭМДС-ийн хөнгөлөлтөд хамрагдсан эмийн мэдээлэл архивт заавал байх ёстой. Архивын материал устаж, алга болох ёсгүй. Бидний ажилд хайнга, хүндэтгэлгүй хандаж байгаа бол хариуцлага тооцох эрх нь УИХ-д байгаа.
Шинжээчдийн хувьд нотлох баримтад үндэслээд, эмийн үнэ, чанартай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэх үүрэгтэй. Ноцтой хэд хэдэн асуудал байна. Тухайлбал,
Гааль, Эмийн агентлаг, ЭМДЕГ, Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээлэл нь хоорондоо уялдаагүй, тоо нь зөрчилтэй байгаагаас болж, ажиллагаа шаардах ажил олон байгааг шинжээчид хэлсэн. Үүнээс гадна хамаарал бүхий этгээдэд 900 гаруй хүн, 1000 гаруй компани ч гэдэг юм уу олон асуудал гарч ирж байна.
Тиймээс эмийн үнэ, чанарт нөлөөлж, монополь байдал тогтоож буйг хардах төдий бус баримтаар тогтоож, гэрчээс мэдүүлэг авч сонсголоор ярих нөхцлийг бүрдүүлэх ёстойг шинжээчдэд захьж байгаа. Түүнчлэн, шаардлагатай материалуудаа өгдөггүй байгууллагуудыг УИХ-ын чуулганы үеэр зарлана.
-Та яриандаа, шаардлагатай материалуудыг өгөөгүй аймгууд байна гэсэн. Аль аймгууд багтаж байгаа вэ?
-Түр хорооны хурлын үеэр Төв, Баянхонгор, Хөвсгөл гээд хэд хэдэн аймгийн нэрийг шинжээчид танилцуулсан. Эмийн үнэ, чанар гэдэг нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндтэй холбогдох асуудал. Монополь үүссэн гэдэг нь харагдаад байгаа. Дээрээс нь Монголд импортоор орж ирж буй эм өндөр үнэтэй хэрнээ яагаад чанар муутай байна. Авах бүрд өөр өөр үйлчилгээтэй байгаа буюу гарал үүсэлд нь зөрчилтэй зүйл олон бий. Тиймээс үүнийг нотлох баримтаар гаргаж ирэхээр шинжээчид ажиллаж байна.
-Танай түр хорооны үйл ажиллагаа шуурхай байж чадаж байна уу. Өмнөх сонсголууд хугацаанаасаа хоцорч эхэлж байсан. Эмийн сонсголыг дөрөвдүгээр сардаа хийж амжихаар байна уу?
-Түр хорооны хуралд би шүүмжлэлтэй хандсан л даа. Түр хорооны дарга маань шинжээчдэдээ хяналт тавьж, ажилладаг. Нүүрсний түр хороо гэхэд л материалаа ирүүлэхгүй байгаа байгууллагуудад ажиллаж, хариуцлага тооцох байдлаар ажилладаг байсан. Энэ талд Эмийн түр хороо удаашралтай байгааг бусад гишүүд ч хэлсэн. Тодруулбал,
“Шаардлагатай материалаа ирүүлээгүй бол эртхэн хэлээд, Түр хорооны даргын гарын үсэгтэй бичиг явуулж, энийг нь тоогоогүй бол дараагийн арга хэмжээг авах бүрэн эрхтэй. Үүнийг цаг хугацаанд хийгээгүйгээс хугацаа алдсан. Уг нь бид гуравдугаар сарын сүүлээр хийе гэж байсан ч дөрөвдүгээр сарын дунд хэсэгт хийхээр болж байна.
Иргэд ямар их хүлээлттэй байгаа билээ. Тиймээс яаравчилж, шуурхай ажиллах чиглэлийг Түр хороонд өгсөн. Энэ Бямба, Ням гарагт ч ажиллахаар төлөвлөж байна.
Ярилцсанд баярлалаа.