Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭДЭВ: Ломбардад алдсан эд зүйлийг тань худалдан борлуулсан бол танд тодорхой хувийг нь олгодог гэдгийг мэдэх үү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 52 секунд

Та өмнө нь ломбардад эд зүйлээ тавиад, алдаж байсан уу. Тэгвэл Монгол Улсын стандартад тухайн ломбард таны эд зүйлийг худалдан борлуулсан бол борлуулсан орлогын үнийн дүнгээс гэрээний үүрэг болон бусад зардлыг хасуулаад үлдсэн хэсгийг зээлдэгчид буцаан олгоно гэж заасан байдаг. Гэвч иргэд үүнийг мэддэггүйгээс үүдэн хохирч үлддэг нь нийтлэг жишээ болжээ.

Энэ тухай MNS 5274:2017 стандарт, "Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага"-д дурдсан байдаг. Тодруулбал,

Монгол Улсын стандарт хэмжилзүйн газрын MNS 5274:2017 стандартын 6.8 "Борлуулсан орлогын үнийн дүнгээс гэрээний үүргээ хангуулаад холбогдох бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг зээлдэгчид буцаан олгоно" хэмээн заажээ.

Тэгвэл иргэд энэ стандартын талаар мэддэг үү,

-Та ломбард эд зүйлээ тавьж байсан уу?

-Иргэн А: Тийм. Манай аав, ээж ч бас ломбардад ямар нэг эд зүйлээ тавьж байсан.

-Иргэн Н: Ломбардаар үйлчлүүлж байсан.

-Иргэн Х: Ганц, хоёр удаа утас, нөүтбүүкийг тавьж байсан.

-Ломбардад тавьсан эд зүйлээ алдаж байсан тохиолдол бий юу?

-Иргэн А: Алдаж байсан. Ээж ээмэг, бөгж зэргээ алдаж байсан.

-Иргэн Н: Алдаж байгаагүй. Хугацаандаа мөнгөө төлж байгаад л авч байсан.

-Иргэн Х: Үгүй ээ.

-Тэгвэл ломбардад тавиад алдсан эд зүйлийг тань тухайн ломбард худалдан борлуулсны дараа орлогын үнийн дүнгээс гэрээний үүргээ хангуулж, бусад зардлыг хасаад үлдсэн хэсгээ танд олгодог гэдгийг мэдэх үү?

-Иргэн А: Сонсож байгаагүй юм байна. Тийм стандарт байдаг юм уу.

-Иргэн Н: Ёстой мэдэхгүй. Одоо л сонсож байна.

-Иргэн Х: Мэдэхгүй юм байна.

Тэгвэл дээрх стандарттай холбоотойгоор ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Л.Бат-Оргилоос тодруулга мэдээлэл авсан юм.

Тэрбээр "Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2023 оноос дагаж мөрдөгдөж эхэлсэн. Тухайн хууль хэрэгжиж эхэлснээр мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн тогтоолоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4,5 хувиар тогтоосон.

Мөн түүнчлэн Монгол Улсын стандарт хэмжил зүйн газрын MNS 5274:2017 стандартад зааснаар иргэн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа ААН буюу ломбардны үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагад эд зүйлээ барьцаанд тавиад алдсан тохиолдолд тухайн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа ломбард нь тухайн иргэний эд зүйлийг борлуулсан орлогын үнийн дүнгээс гэрээний үүргээ хангуулаад, холбогдох бусад зардлыг хасаад үлдсэн хэсгийг зээлдэгчид буцаан олгоно" гэж заасан байдаг" гэлээ.

Бид хэд хэдэн ломбардаас энэ стандартын талаар гэрээнд тусгадаг эсэхийг нь тодруулахад хариулт өгөхөөс татгалзав.

Иймд иргэд та бүхэн ломбардаар үйлчлүүлэх гэж байгаа бол барьцаалан зээлдүүлэх гэрээтэй сайтар танилцаж, дээрх стандартын талаар холбогдох зүйл заалт байгаа эсэхэд анхаарах нь зүйн хэрэг. Хэрэв гэрээний заалтад дээрх стандартын шаардлага дурдагдсан бол та хохирч үлдэхгүй бөгөөд тухайн эд зүйлийнхээ үнийн дүнгээс тодорхой хувийг авах боломжтой юм.

Н.Учрал: 2015 оноос хойш ЭМ-ийн салбарын  цахимжилт гүйцэт хэрэгжээгүй тул АТГ-аар шалгуулна
Н.Учрал: 2015 оноос хойш ЭМ-ийн салбарын цахимжилт гүйцэт хэрэгжээгүй тул АТГ-аар шалгуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.