"Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилсон талаар бид мэдээлсэн билээ. Тэрбээр түр хорооны хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр хэлэхдээ,
"Ногоон автобусны худалдан авалтад хяналт шалгалт хийх Түр хорооны дараагийн хурлыг энэ сарын 25-нд хийнэ. Түүнээс өмнө мэргэжлийн байгууллагуудаас шинжээчдийг томилох ёстой.
Шинжээчдийн хүсэлтийг тухайн байгууллагууд Түр хороонд өгнө. Гурав хоногийн хугацаанд шинжээчдийн нэр орж ирснээр батлагдана. Сонсголыг дөрөвдүгээр сард багтааж зохион байгуулна. Учир нь ард түмний хүлээлт их байгаа.
Бүх материалыг цуглуулж эхлэхээр худалдан авалтад холбогдсон албан тушаалтнуудыг дуудаж нээлттэй сонсгол зохион байгуулна. Хамгийн гол асуудал нь ард иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх юм.
Эрх барьж буй МАН өөрсдийн гишүүдийг өмгөөлж хамгаалах асуудал байхгүй. Яг хуулийн дагуу нээлттэй сонсголыг явуулна" хэмээлээ.