Цар тахлын улмаас өнгөрсөн хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагууд цахим, теле хичээлээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан билээ. Харин удаан хугацаанд танхимаар хичээллээгүй сургууль, цэцэрлэгүүд энэ хичээлийн жилд халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж хичээллэхээр болсон юм. Үүсээд буй нөхцөл байдлын улмаас төрийн бус өмчийн сургуулиуд ямар бодлого, чиглэл барьж, үйл ажиллагаагаа явуулах болсон талаар Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны тэргүүн Б.Одхойтой ярилцлаа.
ТҮЛХҮҮР МЭДЭЭЛЭЛ:
- Дотооддоо халдвар тархаж хүнд нөхцөлд байгаа улс орнууд ч гэсэн хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулж буй туршлага олон байна.
- Хувийн сургуулиудын 90 хүртэлх хувь нь жилийн 5 сая хүртэл төлбөртэй, 7 хувь нь 10 сая хүртэл, үлдсэн 3 хувь нь 10 саяас дээш төлбөртэй.
- Нэг ангид суралцах хүүхдийн тоог 20-25 сурагчаас хэтрэхгүй байлгаж, илүү тооны хүүхэдтэй ангиудаа хоёр ээлжээр хичээлүүлнэ.
- Эцэг эхчүүд гэрээний үүргээ цаг хугацаандаа биелүүлэхгүй байгаа нь үр хүүхдэдээ очих үр ашгийг ухрааж байдаг.
- Хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө сараар авах боломжгүй.
-ХУВИЙН ХЭВШЛИЙН СУРГУУЛИУД ӨНГӨРСӨН ХАВРЫГ САНХҮҮГИЙН ХҮНДРЭЛТЭЙГЭЭР ДАВАН ТУУЛСАН-
- Сайн байна уу. Танд өдрийн мэнд хүргэе. Цар тахлаас үүдэж хувийн сургуулиудад ямар асуудал тулгамдаад байна вэ?
- Сайн байна уу. Өнөөдөр улсын хэмжээнд нийт 150 гаруй төрийн бус өмчийн сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Бидэнд тулгамдаж буй асуудал нь зөвхөн төрийн бус өмчийн сургуулиудад хамааралтай гэхээсээ илүүтэй дэлхий нийтийн боловсролын салбарт, цаашлаад цэцэрлэг, сургуульд суралцдаг сурагч, оюутан хүүхэдтэй гэр бүлүүдэд удаан тулгарч буй асуудал гэвэл зохистой.
Халдвар дотооддоо тархаагүй хэдий ч удаан хугацаанд хөл хорио тогтоосны улмаас Монгол Улсын хэмжээнд нийт суралцагчдын ар гэрийн боломж, бололцоо харилцан адилгүй, газар зүйн байршил, цахим сургалтын чанар хүртээмж асар зөрүүтэйн улмаас сурлагын чанарын ялгаа нийгэмд улам их болж байна. Үүний тод жишээ бол гэртээ теле хичээл үзэх боломжгүй, интернетгүй, компьютергүй маш олон хүүхдүүд нийгмийн ялгаварлал, сурлагын хоцрогдол руу шууд түлхэгдэж байгаа явдал бидний сэтгэлийг ихээр зовоож байна.
Хагас жилийн хугацаанд хичээл сургалт танхимаар орохгүй завсардсанаар хүүхдийн оюуны болон нийгэмшихүйн хөгжилд асар том ангал үүсгэж байгааг бид тооцохгүй, тоохгүй байж болохгүй. Дотооддоо халдвар тархаж хүнд нөхцөлд байгаа улс орнууд ч гэсэн хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд нөөц бололцоогоо бүрэн ашиглан, цэцэрлэг сургуулиа ажиллуулсаар байгаа туршлага олон байна. Бид ч цар тахлын үед ажиллах журмаа нарийн боловсруулж есдүгээр сарын 1-нээс хичээлээ эхлүүлж байгаа нь маш зөв шийдвэр болсон гэж үзэж байна.
Хөл хориотой холбогдуулан хувийн сургуулиудын хувьд бол санхүүгийн хүндрэл үүссэн үү гэвэл үүссэн. Хэвлэл мэдээлэл, иргэд, олон нийт хувийн сургуулийн талаар буруу ташаа ойлголттой байгаагаас үүдээд боловсролын ачааллыг үүрэлцэж, боловсролд хөрөнгө оруулалт хийж буй хувийн хэвшлийн байгууллагууд өнгөрсөн хаврыг хүндрэлтэйгээр давсан.
- Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоонд гишүүнээр элссэн хэдэн сургууль байдаг вэ?
- Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоонд нийт 80 сургууль гишүүнээр элсэн үзэл бодлоо нэгтгэн хамтран ажиллаж байна. Салбарын хөгжил гэдэг бол хамтын хариуцлага байдаг. Төрийн болон төрийн бус ялгаагүй бүгд л боловсролын салбарыг дэлхийн түвшинд гаргахыг зорьж байгаа энэ үед хамтын ажиллагаа, хамтын хөгжил, хамтын хариуцлагатай байх нь маш чухал.
-ХУВИЙН СУРГУУЛИУДЫГ ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛИАС ЯЛГАЖ, САЛГАЖ ОЙЛГОДОГ ҮЕ ӨНГӨРСӨН-
- Төрийн болон төрийн бус өмчийн сургуулиуд хоорондоо хэр уялдаатай ажилладаг вэ?
- Төрийн бус өмчийн сургуулиудыг төрийн сургуулиас ялгаж, салгаж ойлгодог, боловсролын үйлчилгээнээс тусдаа зүйл мэт ойлгодог байсан үе өнгөрч, сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа, уялдаа холбоо улам нэмэгдсээр байна. Манай зарим сургуулиуд төрийн өмчит сургуулиудтай хамтран төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, сайн туршлага түгээн дэлгэрүүлэх ажлуудыг зохион байгуулж байна. Гэхдээ ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагаа болон түүний үр дүн нь бидний хувьд тухайн төрийн өмчийн сургуулийн удирдлагын хандлага, тогтвортой байдал зэргээс шууд хамаардаг тал бий. Үүнд холбогдох яам болоод Нийслэлийн Боловсролын газар анхаарлаа хандуулж, боломж бололцоогоор хангаж тодорхой хөшүүргүүдийг бий болгох хэрэгтэй байна.
- Танай холбоонд гишүүнчлэлтэй хувийн сургуулиудын нэг жилийн сургалтын төлбөр дунджаар хэдээс хэдэн төгрөг байна вэ?
- Сургуулиуд төлбөрөө өөр өөрсдийн онцлог, дотоод болон гадаад багш ажилтны тоо, барилга байгууламж, орчин, хүртээмж, нэмэлт хөтөлбөр зэрэг олон зүйлээс хамааран тогтоодог. Одоогийн байдлаар 158 сургуулийн 90 хүртэлх хувь нь жилийн 5 сая хүртэл төлбөртэй, 7 хувь нь 10 сая хүртэл, үлдсэн 3 хувь нь 10 саяас дээш төлбөртэй байна. Тогтоосон сургалтын төлбөр нь сургуулийн онцлогоос шалтгаалан боловсролын үйлчилгээнд шаардагдах багшлах хүний нөөцийн цалин, нийгмийн хангамж, сургалтын орчинг бүрдүүлэх, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх гээд хүүхдэд боловсролын үйлчилгээг тогтвортой хүргэх бүхий л зардалд зарцуулагддаг.
-ЭРСДЛИЙГ ТООЦОЖ, ЖУРМЫН ДАГУУ ХИЧЭЭЛЛЭНЭ-
- Хувийн сургуулиуд энэ хичээлийн жилд сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ?
- Хувийн сургуулиудын хувьд төрийн өмчийн сургуулиудыг бодвол хүүхдийн тооны ачаалал болон өдрийн ээлж бага, нэг ээлжээр цөөн суралцагчтай буюу анги дүүргэлт багатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг гэх мэт давуу талтай. Ариутгал халдваргүйжүүлэлтийг өндөр хэмжээнд байлгаж, журмын дагуу зай барин хичээллэнэ.
Нэг ангид суралцах хүүхдийн тоог 20-25 сурагчаас хэтрэхгүй байлгаж, илүү тооны хүүхэдтэй ангиудаа 2 ээлжид оруулж хичээллэнэ.
Мэдээж багшийн цалингийн зардал энэ тохиолдолд нэмэгдэнэ. Өнгөрсөн хичээлийн жилд хөл хорионы үед ихэнх хувийн сургууль теле хичээл бус харин өөр өөрсдийн хөтөлбөрийн онцлогтоо тохирсон цахим сургалтуудыг явуулсан. Тиймээс энэ удаад ч бас танхимаар орох боломжгүй сургалтуудаа цахимаар явуулах арга хэрэгслүүд олон бий. Мэдээж эрүүл аюулгүй байдал, учирч болох эрсдлүүдийг маш сайн тооцон, холбогдох тушаал, дүрэм, журмын дагуу ажиллана.
- Сургалтын төлбөртэй холбоотойгоор эцэг эхүүдээс ямар хүсэлтүүд ихээр ирж байна вэ?
- Энэ хичээлийн жилд эцэг эхээс ирсэн хүсэлтэн дээр тулгуурлан БШУЯ хувийн сургуулиудыг төлбөрөө сар, улирлаар авах боломж бий эсэх талаар бидэнтэй зөвлөлдсөн. Гишүүн сургуулиудынхаа хэмжээнд энэ асуудлыг судалж үзэхэд уян хатан хандаж улирлаар урьдчилж авах, хоёр хувааж авах байдлаар ажиллаж байна. Сургуулиудын үйл ажиллагаа, санхүүгийн хувьд сургалтын төлбөрөөс бүрэн хараат байдаг. Тиймдээ ч сар бүр цалин хөлс, урсгал, тогтмол зардал гээд асар өндөр зардлууд байнга гарч байдаг учир сараар төлбөрийг хувааж авах боломжгүй.
Ер нь хувийн сургуулиуд нь мөнгө авахын тулд биш хүүхдэд мэдлэг боловсрол олгохын тулд өөр өөрийн үзэл баримтлал, хөтөлбөрийн онцлогт тохируулан ажилладаг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүүхдийнхээ багш нарыг тогтвортой ажиллуулах гэдэг бол эцэг эхээс ирдэг хамгийн түгээмэл хүсэлт, мэдээж үүн дээр нэмээд сайн хөтөлбөрөөр, сайн орчинд хичээллүүлэх гээд олон шаардлагууд тавигддаг. Тогтсон, сургаж авсан сайн багшлах боловсон хүчнээ тогтвортой ажиллуулж, орчин нөхцлөө байнга сайжруулахын тулд сургуулиудад санхүүгийн тогтвортой байдал хэрэгтэй. Энэ хүчин зүйлүүд хүүхдийнх нь боловсролд л зориулагдаж, хөрөнгө оруулалт болдог учраас сургалтын чанар, санхүүгийн тогтвортой байдал, зөв бодлого чиглэл, эцэг эхийн дэмжлэг бүгд хоорондоо шууд хамааралтай. Эцэг эхчүүд санхүүгийн хувьд гэрээний үүргээ цаг хугацаандаа биелүүлэхгүй байгаа бол сургуулийн хөгжлийг хойш нь татаж, үр хүүхдэдээ очих үр ашгийг цаг хугацааны хувьд ухрааж байна гэж ойлгох хэрэгтэй.
-НЭГ ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ЕСӨН ЦАГИЙГ ЗАРЦУУЛДАГ-
- 2019-2020 оны хичээлийн жилийн сүүлийн улирлуудад хөл хорио тогтоосны улмаас хичээл телевизээр явж, цахим хэлбэрт шилжсэн. Ингэснээр зарим эцэг эхүүд сургалтын төлбөрөө буцааж авах хүсэлт гаргасан ч хувийн сургуулиуд “Цахим хичээл орох нь танхимаар орохоос ачаалал ихтэй байна” хэмээн сургалтын төлбөрийг буцаах боломжгүйг хэлсэн. Энэ жил сургалтын төлбөрөө дахиад 100 хувь төлөх үү?
- Дээр дурдсанчлан сургалтын төлбөр нь боловсролын үйлчилгээг тасралтгүй хүргэх, тогтвортой үйл ажиллагааг хангахад шаардагдах бүхий л зардалд зарцуулагддаг тул сургалтын төлбөр танхимаар ороогүй хоногийн тоогоор буцаагдана гэдэг нь байж болохгүй зүйл. Гэхдээ өнгөрсөн хавар сургуулиуд өөр өөрсдийн боломжид тулгуурлан эцэг эхдээ тодорхой хөнгөлөлтүүдийг өгсөн, бас огт өгөх боломжгүй сургуулиуд ч байсан. Гэхдээ энэ хөнгөлөлт өндөр байх боломж маш хомс. Жишээ нь, өнгөрсөн хавар багш нэг цахим хичээлийг бэлтгэж, зохион байгуулахын тулд нийт есөн цаг зарцуулж байгаа судалгаа гарсан.
Хичээлээ технологи ашиглан бэлдэх, сайжруулах, цахимаар хүүхдүүдийнхээ боломжит цагт тохируулан заах, шаардлагатай бол группээр хувааж заах, гэрийн даалгавар цахимаар өгөх шалгах, хүүхэд бүрд үнэлгээ өгөх гээд маш их цаг ордог ба энэ нь ажлын цаг өдөрт баригдаагүй. Гэтэл жирийн үед багш нэг хичээлд 3-4 цаг л зарцуулах жишээтэй.
Тэгэхээр ийм нөхцөлд ажиллах болоход сургалтын төлбөр буурах логик байхгүй байгаа биз. Харин ч сургууль эрсдлийн үед хүүхэд бүрд илүү ойртож ажиллаж байна гэсэн үг. Цаашлаад сургууль барилга байшингийнхаа тог дулаанаа таслаад хамаг үүд хаалгаа хаагаад суухгүй нь ойлгомжтой. Сургалтын цахим технологи болон өдөр тутмын ариутгал халдваргүйтэлтэй холбоотой зардал ч мөн ихэсч байна. Дахин эрсдэл тохиолдоход харин хэрхэн ямар байдлаар хамтран ажиллах вэ?, цаашлаад хэрхэн цахим сургалтаа сайжруулах уу? Яаж үр хүүхдээ энэ нөхцөл байдалд тохируулан сайн сургах вэ гэдэгт анхаарч эцэг эх сургууль хамтарч ажиллах нь чухал болохоос ангидаа ирж суугаагүй юм чинь төлбөр төлөхгүй гэдэг байдлаар асуудалд хандаж, сургуулиа болон тэнд ажиллаж буй багш ажилчдыг нь санхүүгийн хүндрэлд оруулахгүй байх хэрэгтэй. Сургууль багш нарын зүгээс ч мөн өнгөрсөн хугацаанд явуулсан цахим сургалтаа хэрхэн улам ахиулж хүүхдүүдээ хоцрогдолгүй байлгах вэ гэдэг дээр анхаарч, нөөц төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэж бодож байна.
- ЭМЯ-наас ирэх 10, 11 саруудыг өндөр эрсдэлтэй үе гэж мэдээлсэн. Тэгэхээр эдгээр саруудад дахин хөл хорио тогтоохыг үгүйсгэхгүй. Дахин хөл хорио тогтоовол хувийн сургуулиуд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
- Монгол Улс дэлхий нийтэд халдвар маш эрчимтэй тархсан эхний найман сарын хугацаанд дотооддоо халдвар алдаагүй цөөхөн улсын нэг болж үлдэж чадсан, энэ менежментээ бариад хилээ нээгээгүй тохиолдолд халдвар тархах эрсдэл маш бага гэдгийг бид өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдлаас харж авлаа шүү дээ. Тэгээд ч бид өмнөх жилийг бодвол илүү бэлтгэл хангагдсан. Мөн ийм цаг үед ажиллах тал дээр харьцангуй туршлагажсан гэж ойлгож болно.
Учир нь яамнаас хэрэгжиж буй теле хичээлийн агуулга нь хувийн хэвшлийн сургуулийн хөтөлбөрийг баяжуулж орж байгаа агуулга болон цаг хугацааны хувьд зөрүүтэй байдаг учир сургуулиуд өөрсдийн бэлтгэсэн цөм болон нэмэлт хөтөлбөрүүдээ цахим сургалтаар илүү туршлагатай, илүү үр дүнтэй өгч ажиллана гэдэгт итгэлтэй байна.
-СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ САРААР БУС УЛИРЛААР ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ-
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хэлэхдээ “Хувийн өмчид суурилсан цэцэрлэг, ЕБС, МСҮТ, их, дээд сургуулиудын төлбөрийг уян хатан байхаар зохицуулалт хийнэ. Эцэг, эх, асран хамгаалагчид хүндрэл учруулахгүйгээр төлбөрийг сар, улирлаар хийж болох зохицуулалт хийх ажлыг зохион байгуулна” гэсэн. Хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө хэрхэн авахаар зэхэж байна вэ? Сар, улирлаар авах уу? Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
- Ихэнх хувийн сургууль төлбөрийн нөхцлийн хувьд сургалтын төлбөрөө уян хатан байдлаар хувааж авдаг, цөөн тооны сургууль 100 хувь урьдчилж авдаг гэсэн мэдээлэл байна. Иймээс сургууль бүр өөрсдийн суралцагчийн гэрээнд заасан журмаараа эцэг эхчүүдтэй хамтарч ажиллаж байна. Харин сургалтын төлбөрөө сараар авах боломжгүй.
Түүнчлэн БШУЯ-наас “Эцэг, эхчүүд тухайн сургуультай байгуулж байгаа гэрээн дээрээ тохиролцох хэрэгтэй” гэсэн. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? Хувийн сургуулиуд эцэг эхчүүдтэй байгуулж буй гэрээндээ тохиролцох боломжтой юу? Хувийн сургуулиудын холбооноос үүнийг юу гэж харж байна вэ?
Мэдээж энэ бол боломжтой зүйл. Эцэг эх, асран хамгаалагчид ч мөн тухайн сургуулийн онцлог, төлбөрийн нөхцөл шаардлагыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулж байгаа тул боломжтой хэмээн харж байна. Сургууль бүр өөр өөрсдийн хүрээнд энэ асуудлаа шийдэж байгаа. Мөн гэрээгээ сунгаж байгуулахдаа тухайн эцэг эх өмнөх жилүүдэд гэрээний биелэлтэнд хэр хариуцлагатай хандаж байсан гэдгийг тооцож үзэх байх.
Б.ЛХАГВАЦЭРЭН
www.ubn.mn