Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жолооч Э.Бат-Орших: “Бэлнээр авсан мөнгөнүүд юм болдоггүй“ гэснийг иргэд буруу ойлгоод байна. Памперс, талх тариагаа боодлоор нь биш, ширхэглэж авдаг

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
11 минут 17 секунд

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong bus” үйлдвэрийн 600 автобусыг оруулж ирж, эхнээс нь үйлчилгээнд гаргаад буй. Дээрх 600 автобусыг үйлчилгээнд бүрэн гаргахад жолооч хомстол их байгаа нь тулгамдсан асуудал болж байгааг Хотын удирдлагууд мэдэгдсэн. Тэгвэл UBN сайт автобусны жолоочийн ажлын орчин нөхцлийг сурвалжиллаа.

Манай сурвалжлах баг Төв номын сангийн автобусны буудлыг зорилоо. Автобусны буудал дээр 10 гаруй минут зогссоны дараа Ч:52 буюу “3,4-р хороолол-Зайсан” чиглэлийн автобусанд суулаа. Өдрийн цаг байсан тул ачаалал харьцангуй бага, замын хөдөлгөөн ч сийрэг байлаа. Автобусны жолоочийг Э.Бат-Орших гэх аж. Түүнтэй хэсэг хугацаанд ярилцсан юм.

-Манай үзэгч, уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Энхболдын Бат-Орших гэдэг. “Трансбус” ХХК-д 3 жил, Нийтийн тээврийн салбарт 4 дэх жилдээ ажиллаж байна. Миний хувьд 2012 онд “Соёмбо” дээд сургуулийг Төрийн захиргаа, нутгийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн.

-Дээд боловсролтой хүн байна шүү дээ. Яагаад нийтийн тээврийн салбарыг сонгох болов?

-Тийм. Амьдрахын эрхэнд автобус жолоодоод явж байна даа. Яг мэргэжлээрээ ажиллах гэхээр ажлын үнэлэмж, цалин муу. Хоёрдугаарт, дээш нь татаад авах дарга цэрэг, ах дүү, амраг садан байхгүй. Гуравдугаарт, бусдын адил амбицлаад карьер хөөгөөд явах мөнгө, бизнес байхгүй. Энэ утгаараа миний сонгосон мэргэжлээр ийм хүмүүс хол явдаггүй. Тийм учраас боломжит хувилбар буюу арай ахиу цалинтай юм болов уу гэж нийтийн тээврийг сонгосон доо.

-Таны өнөөдрийн ажил хэрхэн эхлэв?

-Өглөө 05:00 цагт босож, зам дагуух жолооч нараа аваад, бааз дээрээ очсон. Автобусаа сайхан халаагаад, шугамд явах бэлтгэлээ хангаж, Хорооллын эцсээс авснаар ажил эхэллээ. Өглөө түгжрэлтэй байсан ч одоо харьцангуй гайгүй байна. Бид өглөөнөөс орой хүртэл бүтэн өдрөө даадаг. Ээлжийн жолоочтой нь маргааш амарна. Ээлжгүй бол үргэлжлүүлээд л явна. Ийм л амьдралын циклээр явж байна.

-Ар гэрийнхнийхээ талаар яривал?

-Эхнэр болон 2-10 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Ажлын нөхцлөөс болоод, дунд хоёр хүүхэд маань “Аав гэртээ ирсэн, ирээгүй” гээд маргалддаг. Том нь арай юм ойлгодог болохоор орой 00:00 цаг өнгөрөөгөөд очиход, утас, зурагт үзсэн ээжтэйгээ намайг хүлээгээд байж байдаг.

Энэ тохиолдолд яалт ч үгүй гэр бүлд эзлэх миний орон зай хумигдаж байгаагийн нэг илрэл гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Оршихынх биш, н.Ганхишигийнх гээд ээжээрээ толгойлох хэмжээнд хүрээд байгаа юм.

Мөрөөрөө ажлаа хийж яваа хэрнээ доромжлуулахыг хүсдэггүй л байхгүй юу

-Олон нийтийн зүгээс автобусны жолооч нарыг соёлгүй, бүдүүлэг гэх мэтээр шүүмжилдэг. Энэ талаар тайлбарлаач. Нөгөө талаасаа зорчигчид өөрсдөө соёлтой боловсон зорчиж чаддаг уу?

-Олон мянган жолооч дунд над шиг дээд боловсролтой, надаас ч илүү боловсролтой хүн өчнөөн бий. Сайнтай, муутай гэдэг шиг зан, характерийн хувьд сайн нь ч бий, саар нь ч байгаа. Тэр бүхэнд нэг талыг бариад, “Бүх жолооч муухай” гэдэг утгаар хандаж болохгүй. Би бол аль болох хүн бүхэнтэй ялангуяа, эхний зорчигчидтой “Сайн байна уу, Өглөөний мэнд” харин сүүлийн зорчигчдоо “Баяртай, сайхан амраарай” гэх мэтээр мэндэлж, үдэхийг зорьдог.

Ихэнх зорчигчид “Овоо босгоогүй байж, шаазгай юун дээр суух вэ” гэдэг шиг зөв зүгээр ажлаа хийгээд явж байхад “Яасан удаан явдаг юм, бид хөлдөж үхлээ”, “Яасан хүйтэн, эвдэрхий автобустай юм” гээд л дайрна. “Та юу яриад байгаа юм бэ, боломжоороо яваад л ирлээ” гэхээр бид өөрсдөө түгжрүүлээд, удаад байгаа юм шиг загнадаг.

Мөрөөрөө ажлаа хийж яваа хэрнээ доромжлуулахыг хүсдэггүй л байхгүй юу. Бид ч гэсэн адилхан хүн. Өт хүртэл биед нь хүрэхээр өрвөлздөг биз дээ. Эцсийн вариантад уурлахаас өөр арга бидэнд байдаггүй.

-Хамгийн сүүлд тохиолдсон зорчигчдын эерэг, сөрөг кэйсүүдээс дурдвал?

-Сөргөөр нь эхлээд гоёор нь дуусгая. Сарын өмнө юм уу даа, автобусны буудлынхаа хармаа руу орох гэтэл хүмүүс бөөгнөрөөд, дугуйн доор орчих гээд зам дээр зогсож байсан. Би нэгдүгээр эгнээнд зогсож болохгүй учраас хармаа руугаа хүчээр шахаад зогстол нэг эгч “Чи намайг дайрчихлаа, би гомдолтой байна” гээд ороод ирсэн. “Та юу яриад байгаа юм бэ, энд байсан бүх хүн харсан. Таны буруу” гэж маргалдсан тохиолдол байна.

Эсрэгээрээ эерэг зүйл ч байна. Хоёр хоногийн өмнө 3-р ангийн гэмээр махлаг хүү гүйсээр байгаад, хаалга алдалж зогсоод “Ах аа, та намайг Дэнжийн 1000 хүргэж өгөх үү” гэдэг юм даа /инээв/. “Үгүй ээ, чамайг Зайсан руу хүргэж өгч чадна” гэсэн чинь цаашаа эргэж харснаа “Өө, энэ ах хүргэж өгөхгүй гэнэ ээ” гэсэн юм. Хүүхэд тийм хөөрхөн, цагаахан сэтгэлтэй. Шугамд явж байхад ийм зүйл багагүй тохиолдоно.

Жолооч нарын ажил, зовлонг ойлгодог зарим хүн орж ирээд, хоёр чихэр байсан ч “Май, миний дүү замдаа хүлхээд яв” гээд өгдөг. Ундаа байсан ч “Цангаагаа тайлаарай” гээд өгөх үе ч бишгүй бий. Энэ бүхнээс муухай энергээ авч хаяад, эрч хүчээ нөхдөг.

Санаатайгаар картаа цэнэглэдэггүй хүмүүс цөөнгүй

-Төлбөр төлөлт тулгамдсан асуудал хэвээр байгаа шүү дээ. Зорчигчид картаа хэр уншуулж байна. Та бүхэн “Дэмбээ” гэж ярьдаг бэлэн мөнгөнийхөө талаар ярихгүй юу?

-“Картаа уншуул” гэсэн шаардлагыг байнга тавьдаг. Гэвч “Үлдэгдэл хүрэлцэхгүй” карттай хүн маш олон. Санамсаргүй гэхээс илүүтэйгээр санаатайгаар картаа цэнэглэдэггүй хүмүүс цөөнгүй. Өмнөх автобусанд ороод “Үлдэгдэл хүрэлцэхгүй” гэдгээ мэдсэн хэрнээ дараагийн автобус руу дахиад л ордог. Нүүрэн дээр нь бичээстэй байдаг. Бид өдөр бүр олон хүнтэй харьцдаг учраас мэднэ шүү дээ.

Тэдэнд улаан цайм “Мөнгө өө өг” гэж хэлэх эрх байхгүй. “Картаа цэнэглээрэй” л гэдэг албан ёсны шаардлагаа л тавина. Өөр яах ёстой юм бэ, халаас руу нь дайраад “Мөнгө өө аваад ир” гэхгүй.

-Нууц биш бол өдөрт бэлнээр хэдэн төгрөгтэй бууж байна вэ. Хүмүүс ярихдаа ойролцоогоор 200-аад мянган төгрөгтэй буудаг гэж ярих юм билээ. Та НИТХ-д шаардлага хүргүүлэх үеэрээ “Тэр 500 төгрөг юм болдоггүй” гэж ярьсан шүү дээ?

-Өө, за. Би тэр хэлсэн үгэндээ залруулга хиймээр байгаа юм. Хүмүүс бодохдоо, гэртээ памперстай очно гэхийг боодлоор нь аваад очдог гэж бодоод байгаа юм билээ. Нэг нөхөр бүр бодоод гаргасан байна лээ. Жишээлбэл,

Памперс нь 50 мянга, нүүрс нь 70 мянга, хоол хүнс нь 50-60 мянга гэх мэтээр. Ингээд бодвол хүмүүсийн таамаглаад байгаа 200 мянга чинь үнэний ортой болчихож байгаа юм. Тэгвэл үгүй ээ, тийм биш гэдгийг хэлье. Олон хүний асуудлыг хэлж байгаа. Хоёрдугаарт, хэрэглээний зүйлсээ бүтнээр нь авна гэж ерөөсөө хэлээгүй. Нэг ширхэг памперс 800 төгрөг, шуудай нүүрс 2375 төгрөг, нэг талх 2500 төгрөг. Өөрөөр хэлбэл, амьжиргаа залгуулах дэм болдог гэх утгаар л ярьсан болохоос цалингаас гадна аймаар их орлоготой гэж би яриагүй.

Зорчигчид бэлэн мөнгө өгдөгийг зорчигчид өөрсдөө мэддэг үү гэвэл мэддэг. Компанийн удирдлагууд, Нийтийн тээврийн газар тэр ч бүү хэл, Хотын дарга ч мэдэж байгаа. Энийг яаж зөв зохицуулж, орлогыг нэмэгдүүлэх вэ гэдэг нь бодлогын түвшинд яригдах асуудал. Жолооч ганцаараа идэж уугаад дампууруулаад байгаа зүйл байхгүй.

Зорчигчдын бэлнээр өгдөг мөнгөний ихэнх нь бүрэн 500 төгрөг байдаггүй. 100-200 зарим нь 10, 20-тын дэвсгэрт боогоод эсвэл хоёр өөр мөнгө нийлүүлээд, голд нь цаас чихчихсэн л байдаг. Энд байгаа нүх сүв рүү хийчхээд, гялс явчихдаг. Тэр бүхний араас “Хөөе, энэ чинь дутуу байна” гэж хэлэх эрхгүй.

МЕТРО ХОТ: Бүгд л яарч байгаа шүү, нийслэлчүүд ээ

-Эдгээрээс гадна замын хөдөлгөөний оролцоход ямар асуудлууд тулгарч байна. Автобусны жолооч нар дүрэмгүй мэт уралдаж давхидаг, шахдаг гэх шүүмжлэлүүд байдаг?

-Жолооч нар автобусанд аягүй хүндлэлгүй ханддаг. Автобусыг хамгийн боломжит түргэн хугацаанд явуулахын тулд замуудын аль эгнээ нь хэдэн цагийн үед хурдан нэвтрэхийг нийтийн тээврийн жолооч нар бүгд мэднэ. Аминдаа нэг ч гэсэн хүнийг таван минутын өмнө ч болтугай хүргээд өгөхийн тулд явж байгаа нь тэр. Үүнийг л манайхан галзуу юм шиг давхилаа, бүдүүлэг байна гэдэг. Мөн автомашинд 1-4 хүн л зорчдог. Харин автобусанд үүнээс олон хүн зорчиж явааг бодож, хүндлэлтэй хандахыг хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Алтанхөлөг, Б.Өлзий-Орших: ДЭЛХИЙН АВАРГА болоход ганцхан жил дутуу гэж бодож байгаа ч хоёулаа гэмтэлтэй байгаа тул оролцож чадах эсэхээ хэлж мэдэхгүй байна
Б.Алтанхөлөг, Б.Өлзий-Орших: ДЭЛХИЙН АВАРГА болоход ганцхан жил дутуу гэж бодож байгаа ч хоёулаа гэмтэлтэй байгаа тул оролцож чадах эсэхээ хэлж мэдэхгүй байна
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.