Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Алтанхөлөг, Б.Өлзий-Орших: ДЭЛХИЙН АВАРГА болоход ганцхан жил дутуу гэж бодож байгаа ч хоёулаа гэмтэлтэй байгаа тул оролцож чадах эсэхээ хэлж мэдэхгүй байна

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
13 минут 35 секунд

Цар тахлын үед үзэгчдийг байлдан дагуулсан “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн оролцогчид болох “Moondance” хамтлагийн бүжигчин Б.Алтанхөлөг болон Б.Өлзий-Орших нарыг энэ удаагийн "UBN STORY" булангийнхаа ээлжит зочноор урилаа. Тэд жил хагасын өмнө өөрсдийн бүжгийн студи болох “Uniq” dance studio-г үүсгэн байгуулсан бөгөөд тэдний шинэхэн бизнесийн талаар болон бусад сонирхолтой асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Юун түрүүнд ярилцлагаа та хоёрын бүжгийн урлагт хөл тавьсан үеэс эхэлье. Тэр дундаа латин бүжгээр яагаад хичээллэх болов?

-Б.Алтанхөлөг: Би цэцэрлэгт байхдаа цэнгээнт бүжгээр бүжиглэж эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй бүжиглэж байна. Хүүхэд байхаасаа л энэ урлагт дурласан болохоор одоог хүртэл холдож чадалгүй амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгоод явж байна. Тийм ч учраас өөрийнхөө сурсан мэдсэнээ хүмүүст заахын тулд бүжгийнхээ клубийг нээсэн.

-Б.Өлзий-Орших: Миний хувьд 2013 оны хавраас эхэлж бүжгийн спортоор хичээллэсэн. Хүүхэд байхдаа чөлөөт бүжиг болон монгол бүжгээр хичээллэж, сургуулийнхаа урлагийн тэмцээнд идэвхтэй оролцдог байсан. Түүнээс хойш 10 жилийн хугацаанд бүжгийн спортын гайхамшгийг мэдрээд явж байна даа.

-"Moon dance" хамтлагийн тухайд Дэлхийн аваргаас чамгүй олон шагналт байр эзэлсэн. Ер нь бүжигчин хүний хувьд дэлхийн аваргад оролцох мэдрэмж ямар байдаг вэ. Бас бүжгийн урлагт хайртай, "Moon dance"-д дуртай хүн бүр та бүхнийг алтан медаль аваасай гэж хүсдэг. Тэгвэл та хоёрын бодлоор алтан медаль авахад хэр ойрхон байна?

-Б.Алтанхөлөг: Хамгийн анх Дэлхийн аваргад оролцохдоо медаль авна гэсэн зорилго тавьж байгаагүй. Харин бид тийм том тэмцээнд оролцож байгаадаа л сэтгэл хангалуун байдаг байлаа. Гэтэл дараа дараагийн тэмцээнүүдээс эхлээд бидний зорилго нэг, нэг шатаар ахиж эхэлсэн. Тэр зорилгоо биелүүлсэний дараа дахиад л дараагийнхаа зорилгыг тодорхойлно. "Эхний зорилго маань биелчихлээ, одоо яах вэ" энэ асуулт биднийг тэмцээнд оролцсоны дараа хамгийн түрүүнд гарч ирдэг. Хүн гэдэг амьтан өсөж, дэвжих эрмэлзэлтэй. Нэг байрандаа байгаад л байвал амьдрал утгагүй шүү дээ. Бид 3, 4 жил дараалаад финалд үлдсэн. Хэдий финалд шалгарсан ч медаль авч чаддаггүй байлаа. Тэгээд л медаль авахын тулд яах ёстойгоо эрж хайж эхэлсэн. Гаднаас туршлага солилцоод үзье, дахиад өөр багш авчиръя, дэлхийн номер нэг багш хаана байна, ямар тамирчид түрүүлж байна гээд судалдаг байсан.

-Б.Өлзий-Орших: Тэгээд бид хамгийн сайн бүжгийг ямар хүн дэглэж байгааг судалж, тэр хүнийг хайж, олж уулзсан. Бидэнтэй ажиллахдаа ч маш дуртай байсан. Тэгээд л бид одоогоос яг 2 жилийн өмнө ДАШТ-ээ ороод мөнгөн медаль хүртэж байлаа.

Мөнгөн медаль авсны дараа хүн өөрөө өөртөө улам илүү итгэлтэй болдог юм байна лээ. Одоо бол алтан медаль авахад ганцхан жил байна гэж бодож байгаа шүү.

-Тэгэхээр өнгөрсөн цаг хугацаа маш дурсамжтай байжээ. Бас дээр нь дэлхийн аваргад оролцоход багшаас гадна тууштай бэлтгэл чухал шүү дээ. Тиймээс л та бүхэн мөнгөн медаль хүртсэн байх?

-Б.Алтанхөлөг: Тийм шүү. Одоо бодоход үнэхээр л хөгжилтэй санагддаг. Мөнгөн медаль авахдаа Нидерланд, Герман хоёр улсын хилээр өдөр шөнөгүй л орж гардаг байлаа. Өглөө нь Герман руу орж бэлтгэлээ хийгээд орой нь Нидерланд руу орж унтаж амардаг байсан. Өдөрт 10 цаг бэлтгэл хийнэ.

Анх бэлтгэлээ хийхдээ амрах ч чөлөөгүй, тасралтгүй бэлддэг байсан. Гэтэл удаан хугацаанд ингэж бэлдэхээр хүн бухимдаж эхэлдэг юм билээ. Тасралтгүй бэлтгэл хийж байгаа болохоор ядарна, өлсөнө, цангана. Даанч түүнийгээ хэлж чадахгүй, тэгж хэлэх ч эрх байхгүй шүү дээ. Гэтэл яг ийм байдалтай удаан явтал бидний харц хүртэл өөрчлөгдөж эхэлсэн. Тэгээд хоорондоо ярилцаад дүрэм гаргахаар шийдээд 50 минут үр дүнтэй бэлтгэлээ хийж, 10 минут амарч байхаар болсон. Хоёр улс дамжин, тэр урт хугацаанд бэлтгэл хийж байсан болохоор хүн болгон үгээ хэлэх нь аргагүй шүү дээ.

-Яагаад заавал гадаадад бэлтгэл хийх хэрэгтэй юм бэ?

-Б.Өлзий-Орших: Гадаадад бэлтгэл хийх нь маш үр дүнтэй. Учир нь гадаадад бэлтгэл хийвэл бид гар утаснаасаа хол байна бас нийгмийн харилцаагаа хойшлуулаад багийнхаа уур амьсгалд илүү их ач холбогдол өгч чаддаг. Тиймээс Монголдоо биш гадаадад бэлтгэл хийхийг илүүд үздэг гэсэн үг.

Түүнээс гадна Монголд бэлтгэлээ хийхдээ бид шөнөөр ердөө 3-хан цагийн л бэлтгэл хийдэг. Өдөртөө хүн бүр өөр өөрийн гэсэн ажилтай байдаг учраас цаг заваа зохицуулаад бүрэн цуглах боломж байдаггүй. Бэлтгэл хийдэг цаг маань ихэвчлэн 22.00 цагаас эхлээд шөнийн 00.00, 01.00 цаг хүртэл үргэлжилдэг байсан. Гэхдээ оюутан байхдаа шөнийн 03.00, 04.00 цаг хүртэл бэлтгэлээ хийдэг байсан.

-Б.Алтанхөлөг: Нээрээ л оюутан байхад хаа байсан Буянт-Ухаагаас бэлтгэлээ тараад гэр рүүгээ харьдаг байлаа. Шөнийн 04.00 цагт тарахаар бараг л өглөөний 05.00, 06.00 цагт гэртээ орно. Заримдаа бүр хичээлээ тасална. Унтахгүй явах ч үе бишгүй тохиолддог байсан даа. Одоо бодохоор тухайн үед их л махруу байсан юм шиг байна лээ.

-Бэлтгэлийн хугацаа маш урт байдаг юм байна. Бас дээр нь их хүнд бэлтгэл хийдэг гэж сонссон. Бэртэл гэмтэл хэр их гардаг вэ?

-Б.Өлзий-Орших: Хүн өдөрт бэлтгэл хийхдээ 2-3 цаг зарцуулах ёстой байдаг. Гэтэл 10 цагийн бэлтгэл бол асар хүнд. Ялангуяа эмэгтэйгээ газар суулгаад эргүүлдэг хөдөлгөөнийг 50 минутын турш бэлдэхэд бүх залуучуудын нь гар шалбараад, охидын хумс, хуруу нь хугарахаас эхлээд маш хэцүү. Дээр нь хайрцгаасаа гарахад эсхүл нэг хөдөлгөөн л зөрөхөд бусдыгаа мөргөж, гэмтээх эрсдэлтэй байдаг.

Тэгээд өглөөнөөс орой болтол эмэгтэйчүүд маань өндөр өсгийт дээр бүжиглэж байгаа болохоор хөлийнх нь ул, өсгийн дээр цэврүү үсэрчихдэг. Ийм нөхцөлд маргааш нь дахиад бэлтгэлээ хийнэ гэдэг маш хэцүү. Залуучууд нь ч ялгаагүй 4, 5 см өсгийтэй гутал өмсөөд бүжиглэнэ гэдэг хэцүү шүү дээ.

-Үргэлжлүүлээд “Ододтой бүжиглэе” шоуны талаар ярилцъя. Уг шоунд оролцохын өмнөх та болон дараах та ямар ялгаатай байна?

-Б.Алтанхөлөг: “Ододтой бүжиглэе” шоунд орохоос өмнө өөр зорилготой байсан. Бүжгийн студи нээнэ гэж бодоогүй байсан болохоор ч тэр үү, өөр юм хийх үү, хаашаа чиглэх үү гэж боддог байсан. Харин шоунд орсны дараа бүжиг сонирхох хүмүүсийн тоо ихэссэн. Бүжгийн спорт гэж энийг хэлдэг юм байна, би ч бас бүжиглэж чадах юм байна гэсэн итгэлийг хүмүүст өгч чадсан. Түүнээс гадна шоунд оролцож байсан одод болон тамирчид маань бүгд л бие махбодын хувьд маш гоё галбиржаад, бүжиглэх ур чадвар нь долоо хоног бүр нэмэгдэж байсан болоод ч тэр үү бүжигт дурлах хүмүүс нэмэгдсэн.

Мөн ододтой бүжиглэж буй мэргэжлийн бүжигчид маань ч өөрсдөө олонд танигдаж, олны танил болцгоосон. Яагаад гэвэл долоо хоног бүр телевизээр гарч, цахим орчноор хүртэл бичлэгүүд нь гарч байсан болохоор тэр байх. Бас заримдаа ганц нэг газраас хамтран ажиллах санал ирж бүр кинонд тоглох хүсэлт ч ирдэг болсон.

-Б.Өлзий-Орших: Мэдээж шинэ төрлийн шоу нэвтрүүлэг гараад эхлэхээр хүмүүс илүү их анхаарлаа хандуулж эхэлсэн байх. Тиймээс л одод төдийгүй бүжигчдийг ч мөн яг адил үнэлж, түүнийгээ дагаад хандлага нь ч мөн өөрчлөгдөж эхэлсэн юм болов уу гэж бодож байна.

-Та хоёр хамтраад “UNIQ” студийг байгуулсан шүү дээ. Яагаад өөрсдийн гэсэн бизнесийг эхлүүлж, бүжгийн клуб нээхээр болов?

-Б.Өлзий-Орших: Бид хоёр клубээ нээгээд жил 4 сар болж байна. “Ододтой бүжиглэе” шоунаас хойш бүжгийн спортод дурласан хүмүүс асар их болсон. Тиймээс бүжигт хайртай, дуртай бүх хүнийг энэ урлагаар дамжуулж, эрүүл амьдралтай болгохын төлөө студиэ нээсэн. Шоунаас хойш бидний амьдралын хэв маяг нэлээн идэвхтэй байсан. Тийм учраас бид хоёр хамтарч бүжгийн клуб нээгээд илүү олон хүнд бүжгийн гайхамшгийг зааж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн гар нийлээд явж байна.

Бид хоёр чинь арга билгийн цагаан хар хоёр загас шиг нэг нэгнийхээ дутууг нөхөөд явж чаддаг.

-Б.Алтанхөлөг: Бид хоёр анх клуб нээх төлөвлөгөөгүй байсан. Харин хамт заал түрээслээд бүжгийн сургалт явуулъя гэж тохирсон юм. Гэтэл нөгөө заалны эзэн маань дахиж утсаа аваагүй, алга болчихсон. Эр хүнд хор шар гэж байдаг шүү дээ. Магадгүй тэр хор шар маань өөрсдийн клубээ нээхэд маань түлхэц болсон байх.

Гэхдээ клубээ нээхэд олон бэрхшээл тулгарсан л даа. Яг ковидын дараа мөнгө, санхүүгийн асуудал тулгарч байсан. Бас хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах ч хүн байгаагүй. Харин азаар Солонгос улсад ажилдаг багын найз маань анхны хөрөнгө оруулалтыг маань хийж өгч студиэ нээсэн дээ.

-Бүжгийн спортод хайртай, дуртай олон хүн бий. Тэдэнд хандаж энэхүү спортын давуу талыг хэлж өгөөч?

-Б.Алтанхөлөг: Бүжгийн спортоор хичээллэсэн эмэгтэй хүний бие маш гоё галбирждаг. Энэ нь эмэгтэй хүн бүжгийн спортоор хичээллэхийн давуу тал болдог.

-Б.Өлзий-Орших: Эрэгтэй хүүхдүүдийн хувьд эмэгтэй хүнийг хүндэлж сурдаг. Жишээ нь 6, 7 наснаасаа эхлээд эсрэг хүйстэнтэйгээ бүжиглээд эхлэхээр партньерынхаа гарыг хайрлаж, чанга атгаж ч чаддаггүй. Аль болох зөөлөн барих, яаж баривал илүү эвтэйхэн байх бол гэж бодож эхэлдэг. Мөн эмэгтэй хүнийг ойлгодог болно, эмэгтэй хүнийг би яаж авч явах ёстой вэ гээд наад захын зүйлд суралцдаг.

-Энэ хүрээд ярилцлага маань өндөрлөж байна. Та хоёр цаашдынхаа зорилгоос хуваалцахгүй юу?

-Б.Өлзий-Орших: Дэлхийн аваргын алтан медаль авъя гэсэн том зорилготой байна. Гэхдээ тамирчин болгонд тулгардаг хүндрэл бэрхшээл байдаг. Бид хоёр хоёулаа адилхан өвдөгний бэртэлтэй болсон. Энэ бэртлээсээ болоод энэ жил гараанд гарч бүжиглэх үү, сэлгээнд суух уу эсвэл багшдаа туслаад туслах дасгалжуулагч хийх үү гэсэн сонголттой нүүр тулаад байна. Ерөнхийдөө хамгийн том зорилго маань дэлхийн аварга болох гэж хэлж болно.

-Б.Алтанхөлөг: Хэрэв тэмцээндээ өөрсдөө оролцож алт авч чадахгүй бол дүү нараа бэлдэж байгаад "алтан медаль авч өг" гээд л сууж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Хонгорзул

Улаанбаатарт маргааш өдөртөө -17 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
Улаанбаатарт маргааш өдөртөө -17 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.