Хөдөө орон нутагт их хэмжээний цас орсны улмаас нөхцөл байдал хүнд байна. Үүний нэг нь Булган аймгийн Баяннуур сум юм. Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор тус сургуулийн 23 сурагч сар шинийн баярын дараа хичээлдээ очих боломжгүй болжээ. БШУ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 19-ний өдрөөс зам, давааг нээх ажлыг шуурхай эхлүүлж, 2-7 хоногийн дотор хүүхдүүдийг сургуульдаа явах боломжоор хангахаар төлөвлөж байна.
Тус сургуулийн дотуур байр нь 50 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 71 хүүхэд амьдарч байгаа тул хүсэлт гаргасан 27 хүүхдийг хамруулах боломжгүй байгаа аж. Тиймээс сургуулийн удирдлагуудын зүгээс 100 хүүхдийн дотуур байртай болох хүсэлтээ БШУ-ны сайдад уламжилжээ.
Мөн цэцэрлэгийн хувьд 130 хүүхэд бүртгэлтэй. Цас зуд ихтэй, хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор хүүхдийн ирц бага байгаа ч хичээл сургалтын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа талаар сургуулийн удирдлагууд мэдээллээ.