УИХ-ын дарга Г.Занданшатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт бараалхлаа. Дэлхий нийтээр тулгараад байгаа геополитикийн амаргүй цаг үед Монгол Улсад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж буй нь түүхэн ач холбогдолтой.
Манай улсын гуравдагч хөрш болох ХБНГУ нь Европын орнуудаас Стратегийн түншлэл байгуулсан анхны улс болж байгаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ, харилцан итгэлцлийг илтгэж буй хэрэг билээ.
Стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын улс төрийн манлайлал, тэр дундаа парламент дахь найрамдлын бүлэг хоорондын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Иймд ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн найрамдлын бүлгийг өргөжүүлж, шинээр Герман-Монголын парламентын найрамдлын бүлгийг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.