Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Батзориг: Цаг нь болохоор өөрчлөгдөөд явах хандлага байтал “Цагаан сараар хэмнэ“ гэж шаардаад байх шаардлагагүй

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 58 секунд

Эдийн засагч, судлаач Г.Батзоригтой ярилцсанаа хүргэе

-Тун удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Олон нийтийн дунд баяраас баярын хооронд амьдарч байна гэх шүүмжлэл ч байдаг. Сар шинийн баярт л гэхэд 1 орчим их наяд төгрөгийг улсаараа зарцуулж байна гэх тооцоолол ч бий. Энэ мэтчилэн баяр ёслолд зарцуулж буй зардал эргээгээд эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Монгол бол эрс тэс уур амьсгалтай орон шүү дээ. Өвлийг давж хавар цагтай золгож байгаа гэдэг агуулгаараа иргэдэд хүлээлт болдог. Үүнийг ч ойлгох хэрэгтэй. Нөгөө талдаа тухайн цаг үеэ дагаад баяр ёслол ч өөрчлөгдөн шинэчлэгдэж байх ёстой. Энэ өөрчлөлтийг хүлээж авна, авахгүй гэсэн хоёр талд хуваагдаад байгаа юм шиг санагддаг. Өмнө олон нийт өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан бол одоо өрхүүдийн 60 орчим хувь нь тэмдэглэж байна. Зарлага гаргахгүйгээр тэмдэглэж байгаа өрхүүд ч бий. Хувь хүн бүр өөрсдийн ялгаатай шийдлүүдээр тэмдэглэж байна.

Баяр гэдэг бол мэдээж худалдан авалтыг бий болгож байдаг. Ялангуяа монгол шиг улирлын нөлөөтэй бизнес явуулдаг зах зээл дээр хэвийн боовны нийт борлуулалтын 80 хувь нь цагаан сараар үлдсэн хувь нь хурим, бусад арга хэмжээнүүдийн үеэр борлуулагддаг. Өөрөөр хэлбэл, бизнесийн онцлог, орлого нь баяр ёслолуудтайгаа уялдаатай явдаг байх жишээтэй. Тиймээс бид баяр ёслолыг зөв, буруу гэхээс илүүтэй одоогийн нөхцөл байдалд хэрхэн, яаж шинэчлэх вэ гэдгийг олж харах ёстой.

-Шинэчлэл гэдэг нь?

-Нэгдүгээрт, өрх гэр бүлүүд амьдрахад улам л хэцүү болоод байна шүү дээ. Яагаад гэвэл эдийн засаг сүүлийн арван жилд тогтворгүй болчихлоо, хоёр хөршийн гадаад худалдааны чиглэлд явуулж байгаа бодлого хүнд болоод ирлээ. Өөрөөр хэлбэл, өмнөх буюу 2010-2020 оны хооронд амьдарч байсан үе биш болсон. Үүнийг ойлгох ёстой. Цар тахлаас хойш нөхцөл байдал өөр болж байна. Нэг мэдэхэд Орос бензинээ таслах, Хятадын талаас Эрээний хилээ хаах нөхцөл байдал хэзээ ч бий болж болох эрсдэлтэй. Тэгэхээр энэ үед 2010 оных шиг тааламжтай, хүссэнээрээ хэрэглэдэг үе биш болчхоод байна. Гадаад нөхцөл байдлаас маш хүчтэй хамаардаг болчхоод байна. Ийм үед ард иргэд маань илүү хэрсүү байж, гадаад худалдааны бодлого маань маш тогтвортой байх ёстой.

Хоёрдугаарт, өрх гэр санхүүгийн хувьд бие даасан хуримтлалтай бөгөөд хүнд хэцүү нөхцөл бий болоход түүнийг даваад гарах боломжтой байж цааш явна. Миний хэлэх гээд байгаа санаа бол, цагаан сараар хэмнэх ёстой гэж ярьж байгаа ч гэсэн том зургаараа харахад, дэлхий ертөнц юу болж байна, хаашаа яваад байна, ажил нугалж байгаа үе чинь яаж амьдраад байна, амьдрах боломж байгаа юу гэдэг талаас нь харах ёстой. Хүссэн хүсээгүй энэ баяр ёслол залуусын үе дээр шинэчлэгдээд явах нь ойлгомжтой. Энэ нь санхүүгийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад явах болов уу гэж бодож байна. Одоогийн залуучуудыг харахад санхүүгийн нөхцөл байдалдаа тохируулаад л тэмдэглээд явдаг болсон байна шүү дээ. Цаг нь болохоор шинэчлэгдэх зүйлийг заавал одоо хэмнэх ёстой гэдэг байдлаар шаардаад байх шаардлагагүй.

-Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих гэдгийг учиртай ойлгох цаг нь болсон-

-Нөгөө талдаа зөвхөн сар шинийн баяраар 500 орчим тэрбум төгрөгийг импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулах төлөв гарч байна. Энэ хэмжээний мөнгөн дүнг бид дотооддоо эргэлдүүлэх боломж байна уу?

-Бид ер нь улсаараа л мөнгөтэй болох ёстой. Нүүрснээс гадна бусад салбаруудаасаа мөнгө олох ёстой болохоос импортоос хамааралтай улс байж хүчээр чадваргүй байгаа дотоодын аж ахуйн нэгжүүдээ хүчээр дэмжиж болохгүй байхгүй юу. Эцэст нь хэрэглэгч л хохирно шүү дээ. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байна гээд нэг бүтээгдэхүүн худалдаад авчихья л даа. Тухайн бүтээгдэхүүн нь үнэтэй, хямд, чанартай, чанаргүй гээд ямар ч байхыг үгүйсгэхгүй. Ардчилсан чөлөөт эдийн засагтай нийгмийн гол онцлог бол хүнд сонгох эрхийг нь өөрт нь өгөх явдал. Тэгэхээр бид иргэдийн сонгох эрхийг нь хүндэтгэх ёстой буюу тэр хүн хятадын аль эсвэл дотоодын бараа худалдан авах эсэх нь өөрийнх нь л сонголт. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогыг хүчээр бариад байхын олон сөрөг талтай. Гэтэл ийм байдлаар бий болсон бүтээгдэхүүнд өнгөрсөн хугацаанд хөнгөлөлттэй зээл олгож, Хөгжлийн банк хүртэл зээл олгосон. Энэ бүхний цаана бий болох боломжийг дандаа компаниудын эзэд нь ашиглаад явчихаж байгаа байхгүй юу. Эцсийн эцэст хэрэглэгчдэд юу ногдсон юм, юу сайжирсан юм. Үүнийг байнга бодож үзэх ёстой.

Импортын бараанаас хараат бус болох, дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ 80-90 хувьтай хангах үе нь биш байгаад байна. Тэгвэл ийм үе хэзээ ирэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Бид уул уурхайгаас олсон орлогоо IT, аж үйлдвэр зэрэг салбарууд руу хөрөнгө оруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр бий болгож, дотооддоо болон гадагш борлуулалт хийж байж хангалттай валютын орлоготой болно. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжье гэсэн ч түүхий эдийнх нь 90 орчим хувь нь гадаадаас л хамаатай байгаа шүү дээ. Тэгэхээр эргээгээд дотоодоо дэмжье гэсэн ч түүхий эдээр дамжаад гадагш урсгал нь чиглээд байгаа байхгүй юу. Наад зах нь зүү, утас ч үйлдвэрлэж чадахгүй байгаа. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих гэдгийг учиртай ойлгох цаг нь болсон. Хэрэглэгч сонгох эрхээ өөрөө эдэлнэ. Бид өөрсдийн аж үйлдвэртэй, хэрэглээний эдийн засгаас үйлдвэржсэн эдийн засагтай болж байж үүнийг хэлэх боломжтой болно. Жил бүр цагаан сарын баярт зориулаад 300 орчим сая ам.доллар гадагш урсаж байна. Энэ мөнгө дотоодын үйлдвэрлэгчдэд очсон ч түүхий эдээрээ гадагш гарчихвал ямар ч ялгаагүй болчихож байгаа юм.

Мэдээж дотоодын компаниуддаа "шингээлээ" гэж бодоход ААН-үүдийн борлуулалтын орлого нэмэгдэнэ, ашиг, ажилчдын цалин орлого нэмэгдэнэ, амжиргаа сайжраад явах боломжтой. Гэхдээ хүчээр тийш нь чиглүүлээд байж болохгүй. Одоо дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ гээд импортын барааны татварыг нэмэгдүүлэхээр яриад байна шүү дээ. Гэтэл тэр бодлогын эсрэг талд дахиад л хэрэглэгч хохирогч болно. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрлэлийг дэмж гэсний төлөө хэрэглэгч импортын нэмэлт татварыг төлж байгаа байхгүй юу. Тиймээс энэ асуудлыг муйхраар шийдэж болохгүй. Импортын бүтээгдэхүүнд өндөр татвар тавиад харилцагч хохирдог байдлыг бий болгох муйхар бодлого гаргаж болохгүй.

-Ногдол ашиг тараах бол жил бүр л тараа. Сонгуулийн дараах хоёр жилд тараагаагүй мөртлөө сонгууль ойртсон үед тарааж байна гэдэг нь улс төрийн шийдвэр-

-Саяхан 1072 хувьцааны ногдол ашиг тараалаа. Гэхдээ үүнийг сонгуулийн угтсан аль эсвэл цагаан сарын өмнө мөнгө тараадаг "жишиг" болсон зүйл шийдвэр боллоо гэж харах хүмүүс байна?

-Хөдөө, хотын амжиргааны ялгаа маш өндөр болчихсон байна. Ялангуяа аймгуудад ядуурал маш өндөр байна. Ажлын байр, тогтвортой орлого бий болох боломж алга. Тогтвортой орлого байхгүй байна гэдэг нь тэнд амьдрах боломж бага байна гэсэн үг. Өнөө маргаашаа л болгож амьдарч байна. Хотод ч гэсэн ялгаагүй. Одоо жаахан бодит байдал руугаа бууя. Баян, хоосны ялгаа эрчимтэй газар авчихсан байна. Ядуурлын асуудал 20-30 жил өвлөгдөн уламжлагддаг зүйл шиг болох гээд байна. Ядуурлаас ядуурал бий болно.

Жишээлбэл, Энэтхэгт ядуу хүн дундаж давхарга руу орохын тулд 9 үе дамждаг. Голландад 7, Норвегид таван үе дамждаг. Тэгвэл монголд хэдэн үе дамжих вэ. Ийм суурь асуудлуудтайгаа тэмцэх хэрэгтэй. Хүн хүссэн үедээ дэлгүүр ороод юм авах, өлссөн үедээ дэлгүүр ороод юм авах хоёр чинь ялгаатай шүү дээ. Тэр шиг мөнгө хамгийн хэрэгтэй үед нь түүнийг нь тарааж байгаа байхгүй юу. Юу хэрэгтэй байна вэ гэдгийг нь харчихаад байна шүү дээ. Ажлын байр, үйлдвэр, тогтмол орлого шийдэж чадахгүй байгаа ч мөнгийг нь шийдэж чадна гэх хувилбар. Энэ бол цэвэр улс төрийн шийдвэр гаргалт. Ногдол ашиг тарааж байгаа компанийг буруутгахгүй. Ногдол ашиг тараадаг компаниуд олон бий. Гэхдээ түүнийгээ жил болгон тараах ёстой. Гэтэл сонгуулийн дараах хоёр жилд тараагаагүй ногдол ашгаа сонгууль ойртсон үед тарааж байна гэдэг нь шийдвэрийн хувьд эргэлзээтэй. Улс төрийн шийдвэр гэж хэлэхэд хилсдэхгүй.

-Ногдол ашиг тараасан ч цаг үе нь оновчтой байх хэрэгтэй юм шиг. Иргэдийн гар дээр их, бага гэлтгүй мөнгө очихтой зэрэгцээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх вий гэсэн "айдас" ч иргэдэд бий болдог л доо?

-Өнгөрсөн жил АПУ ХК ногдол ашиг тараасан. Хаанбанк ч удахгүй тараах байх. Гэхдээ энэ мэтээр бид сүр дуулиан болдог уу. Болдоггүй шүү дээ. Харин сошиалаар пропопаганда маягийн юм явж түүнийгээ улс төржүүлээд ногдол ашиг тараалаа гэдгээ санал авах хэрэгсэл мэт пиар хийчихдэг. Гэтэл энэ нь худалдаачдад буруу хүлээлт, зах зээл үүсгэчихдэг. Цагаан сарыг, иргэдийн гар дээр их, бага гэлтгүй мөнгө очиж буйг далимдуулаад барааны үнээ нэмчихье гэдэг сэтгэлзүй бий болчихож байгаа юм. Үүнийг зорилготойгоор хавтгайруулах нь санал авах хэрэгсэл гэж харж байгаа боловч эдийн засагт ирэх хүлээлт, нөлөөлөл нь маш сөрөг. Өөрөөр хэлбэл, хүлээлт өөрөө эдийн засагт асар их хэмжээгээр нөлөөлөх басхүү тодорхой шийдвэр гаргалтад нөлөөлөх зүйл болчхоод байгаа юм.

-Тэр хортой "хүлээлтийг" хязгаарлах боломжгүй гэж үү?

-Хүлээлтийг удирдаж болно. Ялангуя мөнгөний бодлогод сайн хэрэглэдэг. Гэхдээ монголд яагаад хэрэгждэггүй вэ гэхээр иргэдийн бодлогын хөтөлбөрт итгэх итгэл алдарсан. Жишээлбэл, ханш өсөхгүй гэж Монголбанк нь ярьж ярьж байснаа ханш өсчихөөр хүн түүнд дараагийн удаад итгэхээ байчихаж байгаа юм. Хүн хоорондын л харилцаа шүү дээ. Би чамд чадна гэж хэлчихээд чадахгүй байвал чи дараагийн удаа надад итгэх үү. Үүний адилаар төр, ард иргэд хооронд бий болж буй харилцаан дээр залгамж халаагүй, популист бодлого үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр хэчнээн сайхан шийдвэр гаргалаа ч хүн түүнд нь итгэхээ байчихаж байгаа юм. Итгэхээ байна гэдэг нь нөлөөлөл нь бага байна гэсэн үг. Тиймээс судалгаатай, суурьтай, залгамж халаатай "үнэн" бодлого явуулсан цагт сая нэг хүлээлтийг удирдах боломж бий болно.

Ярилцсанд баярлалаа

Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг маргаашаас эхлэн зөвхөн чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвд олгоно
Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг маргаашаас эхлэн зөвхөн чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвд олгоно
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.