Дэлхий дээрх нийт хүн амын дундах нас баралтын тэргүүлэх 8 шалтгааны 6 нь тамхинаас шалтгаалсан байдаг. Өөрөөр хэлбэл дэлхий дээр жил бүр 8 сая хүн тамхинаас болон дам тахидалтаас үүдэн нас бардаг байна. Тиймээс сүүлийн жилүүдэд зарим улс орон цахилгаан тамхийг хуульчилж, янжуур тамхинаас гарах бас нэг шалгарсан арга гэж нэрлээд буй.
Хэдхэн жилийн өмнө манай улсад цахилгаан тамхи хэрэглээнд нэвтэрч, энд тэндэхийн дэлгүүр, худалдааны төвөөр худалдан борлуулагдаж эхэлсэн. Гэвч эхэндээ томчууд л хэрэглэдэг байсан бол сүүлдээ бага насны хүүхдүүд тэр дундаа өсвөр насныхны хэрэглээ болж эхэлжээ.
Нэгэн жишээ дурдахад, "ЕБС-ийн 200 гаруй сургууль дээр судалгаа хийхэд дунджаар 9000 орчим хүүхэд электрон болон утаат тамхи хэрэглэж байна" гэх судалгаа гарчээ. Угтаа электрон тамхийг зөвхөн насанд хүрэгчдэд, томчуудад зориулж бүтээсэн.
Харамсалтай нь электрон тамхийг манай улсад хуульчилж өгөөгүй тул өсвөр насыхан үүнийг хэрэглэхэд хэн ч анхаарахгүй байгаа хэрэг. Хааяа нэг аймаг, орон нутаг, нийслэлийн Засаг дарга нар насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи болон дагалдах хэрэгсэл зарахгүй байх захирамж гаргадаг ч энэ нь төдийлөн үр дүнгээ өгдөггүй. Учир нь үүнд хяналт тавих хэн нэгэн байхгүйгээс гадна хуулийн өмнө хариуцлага хүлээхгүй тул ил, далд хэлбэрээр насанд хүрээгүй хүүхдүүд хэрэглэсээр бас худалдан борлуулсаар л байна. Үүнээс үзэхэд электрон болон цахилгаан тамхийг хуульчлах зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна гэсэн үг.
Элэектрон тамхийг хуульчилсан 100 гаруй улсын туршлага бий. Тухайлбал,
Шинэ Зеланд, Их Британи, Герман, Франц, Унгар, Польш, Украйн, ОХУ, Казахстан, Румын, БНХАУ гэх мэт улсууд байдаг байна. Өөрөөр хэлбэл дэлхий даяар зөвхөн цахилгаан тамхинд зориулсан хуулийн зохицуулалт хийгдэж байгаа нь олон улсууд цахилгаан тамхийг хүлээн зөвшөөрч байгааг илтгэж буйн хэрэг. Үүнийг ч хуульчилж өгснөөр өсвөр насны хүүхдүүд электрон тамхийг хэрэглэхгүй байх бас нэг хүчин зүйл болох юм.
Цахилгаан тамхийг одоогоор бүрэн төгс судалж амжаагүй. Цаашид ч судлах шаардлагатай. Гэтэл насанд хүрээгүй хүүхдүүд электрон тамхи хэрэглэх нь тодорхой хэмжээний сөрөг үр дагавартай ч байж болох. Энэ талаар Их Британийн Ерөнхий Сайд Риши Сунак,
“Вэйп бүтээгдэхүүнд урт хугацааны судалгаа шаардлагатай ба одоогоор янжуур тамхидалтыг бууруулах гол бүтээгдэхүүн болж байгаа ч хүүхдүүд хэрэглэхийг зөвшөөрөхгүй” хэмээжээ.
Түүнчлэн Их Британийн цахилгаан тамхи хэрэглэгчдийн 53 хувь нь өмнө нь янжуур тамхи хэрэглэдэг байсан гэх судалгаа бий.
Дээрх судалгааг Их Британийн Action On Smoking And Health UK-ээс гаргаж байсан бөгөөд нийт цахилгаан тамхи хэрэглэгчдийн 53 хувь буюу 1,7 сая насанд хүрэгчид нь өмнө нь янжуур тамхи хэрэглэдэг байсан аж. Хамгийн чухал нь янжуур тамхинаас гарах зорилгоор хэрэглэсэн гэдгийг үүнээс харж болох юм.
Түүнчлэн бага насны хүүхдүүдийн бие физологийн онцлог нь насанд хүрэгчдийнхээс өөр байдаг. Тиймээс цахилгаан тамхи хэрэглэх нь хүүхдүүдийн бие махбодод эрсдэл учруулахыг ч үгүйсгэхгүй. Тийм ч учраас цахилгаан тамхины хэрэглээнд хязгаарлалт хийж, хуульчилж, зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдсан бүтээгдэхүүн гэдэг суртал ухуулгыг өсвөр насныхан хийгээд хүүхдүүдэд ойлгуулах ёстой. Мөн зах худалдааны төв, хүнсний дэлгүүр, супермаркет, сүлжээ дэлгүүрүүд ч үүнд анхаарал болгоомжтой хандаж, насанд хүрээгүй хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд онцгойлон анхаарч, цахилгаан тамхийг насанд хүрээгүй хүүхдүүдэд худалдан борлуулахгүй байх шаардлага гарч байна. Учир нь цахилгаан тамхи бол зөвхөн томчуудад зориулагдсан. Хүүхдүүдэд биш...