Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал тойргоос хамааралгүйгээр явагдах ёстой. Бид нэг л ЭХ ОРОНТОЙ

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
27 минут 21 секунд

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай бүсчилсэн хөгжил, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээнийх нь талаар ярилцлаа.

Тэрбээр Монголын хамгийн анхны эмэгтэй аймгийн Засаг дарга гэх тодотголоо хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, бодлого шийдвэрүүдээрээ өнгөлж, тордож, нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурийг бэхжүүлж яваа хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл юм.

-Ховд аймгийн Засаг даргаар томилогдоод жил гаруйн хугацаа өнгөрчээ. Таныг ирэхэд хүлээж авч байсан улс төрийн нөхцөл байдал өнөөдөр хэр өөрчлөгдөв?

-Би Ховд аймгийн Засаг даргаар томилогдоод жил хагасын хугацаа өнгөрч байна. Залуухан бас эмэгтэй Засаг дарга гэхээр шинэлэг зүйл их байсан. Тэр ч утгаараа янз бүрийн шүүмжлэлүүд гарсан. Үүнийг би хувь хүн буюу гуравдагч нүдээр анзаарч байсан. Өөрөөр хэлбэл, шүүмжилж байгаа юм уу, өөрөөр харж байгаа хүмүүсийн оронд өөрийгөө тавих гэж үзсэн. Би оронд нь байсан бол бас л "Хэн ирчхээд, яах гээд байгаа юм. Манай аймагт ажиллаж, амьдарч байсан юм уу. Мэддэг юм уу" гээд л бодох байсан байх.

Намайг мэдэхгүй учир хүмүүс тэгж харах нь аргагүй. Гэхдээ ер нь хүн мэдэхгүй юмнаасаа айдаг. Тэгсэн хэрнээ өөрчлөлтийг асар ихээр хүсэж байдаг. Болохгүй, бүтэхгүй юмнаасаа салъя гэж байна. Энэ өөрчлөлт өвдөлтгүй ирэхгүй. Тэр өвдөлтийн нэг хэсэг нь энд болсон гэж би хувьдаа дүгнэдэг. Гэхдээ дээрх нөхцөл байдал жил гарангийн хугацаанд их өөрчлөгдсөн гэж бодож байна. Надаас илүүтэйгээр манай Ховдчууд энэ асуултад хариулах байх. Анх ирэхэд хотын жоохон охин гэж ярьдаг байсан бол өнөөдөр манай аймгийн Засаг дарга гэж бахархалтайгаар хэлэхийг харахад надад их сайхан байдаг. Яагаад гэвэл ажлаараа хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол цаг хугацаа их ордог асуудал. Дээрээс нь энэ зөвхөн Э.Болормаа гэдэг хувь хүний хүлээн зөвшөөрөгдөл биш.

Яг өөр шиг тань олон эмэгтэйчүүдийн замд би хаалт болохгүй юмсан гэж боддог. Үүд хаалгыг нь нээх хүн нь байгаасай гэж хүсдэг. Тэрнээс биш би буруу ажилласнаас болж "Эмэгтэйчүүд ингээд аймгийн дарга хийж чадахгүй" гэдэг ийм зүйл бүү хэлээсэй гэдэг үүднээс хичээж ажилласан.

-Аймгийн хэмжээний улс төр таныг эхэн үедээ нэлээн ганцаардуулж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байсан. Одоо хэр байна?

-Мэдээж ганцаардах үеүд бий. Гэхдээ өөрчлөлт шинэчлэлийг хүссэн олон хүн надад ханддаг. Би 4 дэх өдөр болгон өрөөндөө иргэдтэй нээлттэй уулздаг. Янз бүрийн л хүн орж ирдэг. Тэр дунд дэмжсэн ч хүмүүс орж ирнэ. Дэмжихгүй ч хүмүүс таарна. Аймгийнхаа төлөө сэтгэл зовниж, бодлогын чанартай юм ярьж орж ирэх хүн байхад хувийнхаа асуудлыг ярих хүмүүс ч орж ирдэг. Тэр дунд "Манай аймагт байсан болохгүй зүйлсийг цэвэрлэж байгаад баярлалаа" гээд урам хайрладаг хүмүүс олон бий. Би үүнд маш их баярладаг. Тийм болохоор жил хагасын өмнөх Ховд аймгийн Засаг даргаар шинэхэн томилогдсон Энхбатын Болормаа өнөөдөр жил гаран ажлаа хийсэн Э.Болормаа 2-ын хооронд их том ялгаа байгаа болов уу. Ховдчуудын маань харж байгаа өнцгийн хувьд ч гэсэн бас өөр байгаа болов уу гэж найдаж байна. Итгэж байна.

-ЕРӨНХИЙ САЙДААС ДУУДЛАГА ХҮЛЭЭЖ АВСНЫХАА МАРГААШ АЖЛААС ГАРАХ ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨД ЭХ ОРОНДОО ИРСЭН-

-БНХАУ-д Азийн хөрөнгө оруулалтын дэд бүтцийн банканд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгч эх орондоо ажиллах сонголтыг хийсэн байсан. Яагаад ийм сонголтыг хийх болсон юм бол?

-Ковидын үед би Бээжинд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд ажиллаж байсан. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнээс дуудлага хүлээж авсан. "Ерөнхий сайдаар томилогдож ажиллах гэж байна. Ирж Ерөнхий сайдын ажлын албаны дарга болооч ээ" гэдэг саналыг надад тавьсан. Ерөнхий сайдын ажлын албаны дарга гэдэг албан тушаал бол дэлхийн хаана ч анкетаа өгөөд ордог ажил биш. Урилгаар л хийдэг ажил. Яагаад гэвэл тийм өндөр гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа хүн багаа бүрдүүлэх урилга хүргүүлдэг. Тийм их итгэлийг Ерөнхий сайдаас хүлээж авна гэдэг ямар ч залуу хүний хувьд шууд за гэж хүлээж авах шийдвэр болов уу гэж би хувьдаа бодож байна. Монгол төрийн төлөө зүтгэнэ гэдэг бол асар их нэр төрийн хэрэг учраас маргааш өглөө нь шууд ажлаасаа гарах өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан.

-Гадаадад олон жил ажиллаж, амьдарсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан хүн монгол орны баруун хязгаарт ирж ажиллаж амьдрах саналыг анх яаж хүлээж авч байсан бол. Мэдлэг мэргэжилтэй залуусын дунд хөдөөг голж, хотыг зорих. Улсаа голж, гадагшаа гарах боломжийг эрэлхийлдэг болсон цаг үе шүү дээ?

-Хэдий би өндөр хөгжилтэй орнуудад амьдарч байсан боловч миний хийдэг ажлууд ихэвчлэн хөгжиж буй орнуудтой холбоотой байсан. Ази, Номхон далай, Африк, Латин Америк гээд хөгжиж буй орнууд руу байнга томилолтоор явдаг байлаа. Товчхондоо бол Ховд аймгаас хөгжил дорой улс орнуудад олон удаа очиж ажилласан. Эндээс би юуг хэлэх гээд байна вэ гэхээр, бид нар хөгжил гэдэг зүйлийг харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй.

Миний хувьд юуг бодож Ховд аймаг руу тэмүүлсэн бэ гэвэл баруун бүс нутгийн потенциал надад харагдсан. Зарим нь шоолонгуу л байдаг байх. Гэхдээ миний харж буй өнцгөөр Ховд аймгийг хараасай гэж хүсэж байна. Миний нүдээр Ховд аймагт маш их боломж байгаа харагддаг. Би энд юу болохгүй байна гэж харахаас илүүтэйгээр хаана очиж болох вэ гэдэг дүр зураг нь харагддаг. Мундаг чадалтай залуучууд барууны орнуудад консалтинг хийдэг ажлыг нэлээд их хийдэг. Том, том зөвлөх үйлчилгээний компаниуд консалтинг авч ажлуудаа хийлгэдэг. Миний мэдэх маш олон залуучууд нэг дэхээс дөрөв дэхийн хооронд 2 цаг нисээд компани дээр нь очиж зөвлөгөө өгөөд хагас, бүтэн сайнд гэртээ ирдэг. Улаанбаатар хотоос Ховд аймаг маш их алслагдсан гэж ярьдаг. Харах өнцгөө бид нар өөрчлөх хэрэгтэй. 1500 км ч гэсэн 2 цаг хүрэхгүй нисдэг. Бид нар Улаанбаатар хотыг төвөө гэж хардаг шигээ баруун бүсийг төвөө гэж төсөөлөөд үзэхэд ямар их зах зээл байгаа нь харагдаж эхэлнэ. БНХАУ, ОХУ, Казакстан руу гээд боломжит бүх хувилбараар төсөөлөх ёстой. Жишээлбэл, Ховд аймгийн Жаргалант сумаас Шинжааны Өрөмч рүү Улаанбаатар хотоос илүү ойрхон. Тэгэхээр бид нар тэр зах зээлээ бас харах ёстой. Улаанбаатараас юм татаж авах, нийлүүлэхээс илүү дээрх зах зээл рүүгээ тэмүүлж байх ёстой. Суурь дэд бүтцүүд нь байна. Жишээлбэл, АХБ-ны зээлээр хэрэгжсэн босоо тэнхлэгийн авто зам байна. Цагаан нуур боомтоос Булган боомт буюу ярант гэж ярьж заншсан энэ хооронд ОХУ, БНХАУ-ыг холбосон олон улсын транзит зам байна. Олон улсын ангилалтай нисэх буудал ч бий. Одоогоор хэдий олон улсын нислэг хийхгүй байгаа ч гэсэн өргөтгөлүүдээ хийх юм бол нислэг үйлдэх бүрэн боломжтой. Үүнээс гадна баруун бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангах Эрдэнэбүрэнгийн УЦС гацаанаасаа бүрэн гарлаа. Энэ хавраас барилга бүтээн байгуулалтын ажил бүрэн жигдрээд явна гэх мэтчилэн потенциалтай зүйлүүд асар их байгаа.

Манай монголчууд их хурдан шийдлийг хүсдэг. Тэгэх нь ч аргагүй. Тэр нь магадгүй эх орноо хайрласан сэтгэлээс л гарч байгаа. Гэхдээ дэлхийн хаана ч хөгжлийн зам өөрөө тодорхой хэмжээний цаг хугацаа ордог. Дэлхийн дунджаас харвал бид харьцангуй хурдтай хөгжиж яваа улс орнуудын нэг.

Товчхондоо бол бид нарын чиг шугам урагшилж байгаа. Том, том алхмаар урагшилж байна. Энэ дунд засаж залруулах, сайжруулаад явах юм зөндөө байгаа. Тэр чинь л өөрөө улс орны хөгжлийн асуудал. Тэгэхээр би өнөөдрийн байгаа Ховд аймгийг баруун бүс гэж харахаасаа илүү хаана очиж болох вэ. Бүр байгалийн өгөгдлүүд нь ямар давуу талтай вэ гэдгийг илүү харж байгаа. Тийм учраас Ховддоо ирж ажиллах бол миний хувьд сэтгэл дүүрэн гаргасан шийдвэр.

-СУМАНД ТӨРИЙН ОРДНООС ИЛҮҮ УЛС ТӨРЖИЛТ ХАРАГДАХ ҮЕ БАЙДАГ-

-Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс бүсчилсэн хөгжлийн бодлогыг түлхүү баримталж байгаа. Энэ хүрээндээ сонгуулийн тойргийг хүртэл бүсчилсэн байдлаар зохион байгуулахаар УИХ дээр шийдвэрлэлээ. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд танай аймаг ямар бүтээн байгуулалт, эдийн засаг, нийгмийн шинэ боломж бий болгохоор зорилт тавьж байна вэ?

инэ сэргэлтийн бодлогын 6 сэргэлтийн нэг нь хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжил. Хөдөөгийн сэргэлт гэдэг ажлын хэсэг нэлээн идэвхтэй жил гаран ажилласны үр дүнд 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгох томоохон шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Хөдөө орон нутагт байгаа бидний хувьд баруун хязгаарын гэлтгүй монголын хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн маш томоохон шийдвэр болж байгаа. Бид жалга довны үзлээсээ болж арагшаа татагдаж байсан зүйл их бий. Ялангуяа Улаанбаатарт ажиллаж байгаад орон нутагт ирээд харахад хамгийн их анзаарагдаж байсан зүйл нь тэр. Суманд төрийн ордноос илүү улс төржилт харагдах үе байдаг. Үүнийг бүгд л мэдэж байгаа. Сумаа намаар нь хуваачихсан байх жишээний. Гэтэл бид нар нэг л эх оронтой. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал тойргоос хамааралгүйгээр явагдах ёстой зүйл. Манай бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал баруун 5 аймгаараа явагдана. Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймаг гэсэн бүсчлэлээр явагдана гэсэн үг. Ховд аймгийн Засаг дарга бол албан тушаалаараа баруун бүсийн зөвлөлийн дарга гэж явдаг. Тэр ч утгаараа бүсчилсэн хөгжлийн шийдвэр гарахаас өмнө бид баруун бүсийн бодлогын шинж чанартай ажлуудыг хамтдаа уялдан хийж ирсэн. Салбар салбарын сегментүүдийн уулзалт, хуралдаан, чуулгануудыг хийсэн. Хамгийн сүүлийн жишээг дурьдахад, баруун бүсийн хоршоодын зөвлөгөөнийг Ховд аймагт зохион байгуулсан. Бид нар хөгжлийн бодлогуудаа уялдуулах хэрэгтэй. Ховдод арьс ширний үйлдвэр барьж байвал, Увсад гурилын үйлдвэрээ барих. Завханд өөр чиглэлийн үйлдвэр гэх жишээгээр бодлогоо уялдуулж байж бид нар цагаа зав, төсөв мөнгөө хэмнэнэ. Бүсчилсэн хөгжил гэдэг нь Монгол улсыг маш томоор урагшаа алхуулах чухал шийдвэр.

Хамгийн энгийн ганцхан жишээг дурьдахад, Улаанбаатар хотод тулгараад байгаа маш олон асуудлын шийдэл нь хөдөөгийн сэргэлт. Миний хувьд шинэ сэргэлтийн бодлогыг ахалж, боловсруулж байсан хүн. Манай ажлын хэсэг яагаад хот, хөдөөгийн сэргэлтийг оруулсан бэ гэхээр энэ бол монголын хөгжлийг хязгаарлах хүчин зүйлсийн нэг нь яахын аргагүй мөн. Үүний нэг л илрэл нь түгжрэл, төвлөрөл боловч энэ бол Монгол Улсын хөгжлийг арагш нь татаад байгаа хүчин зүйл. Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь газар нутгийнхаа нэг хувьд хүрэхгүй газарт төвлөрчихсөн байна. Тэгэхээр тийм хэмжээний асуудлууд үүсэх нь аргагүй. Тиймээс бид нар хотоос хөдөөг чиглэх урсгалыг хийх ёстой. Энэ бол одоо миний хувьд Ховд аймгийн Засаг дарга болсон шалтгаануудын нэг. Зүрх сэтгэлээ шингээж, ахалж боловсруулсан энэ бодлого минь цаасан дээр царцах вий гэж бодсон. Гацалттай байсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг гацаанаас гаргая. Хот хөдөөгийн сэргэлтийн шийдлийнх нь нэг хэсэг болж, газар дээр нь хэрэгжүүлье гэх мэтчилэн олон зүйлийг зорьж, Ховд аймагт ирсэн. Тэгэхээр бүсчилсэн хөгжил бол хот хөдөөгийн сэргэлтийн маш томоохон шийдэл гэж ойлгож болно.

-Орон нутагт тулгамддаг асуудлуудын дунд жин дарах нэг асуудал чадварлаг боловсон хүчний асуудал байдаг. Сургуульд явсан нь ирдэггүй, хот орсон нь буцдаггүй ийм нөхцөл байдлыг арилгах, нутагтаа мэргэжилтэй боловсон хүчнээ татахын тулд яах ёстой гэж бодож байна?

-Өнгөрсөн жилийн өдийд бид нар "Инвест Ховд" хэмээх арга хэмжээг хийж байсан. Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Монгол Улсдаа шинэ түвшинд хийж чадсан болов уу гэж харж байгаа. "Инвест Ховд" дээр бидний барьж байгаа бодлого болохоор ямар нэгэн зүйлийг бас зүгээр амламааргүй байна. Мөнгө санхүүгийн дэмжлэг аль эсвэл манайд ирвэл ингэнэ шүү, тэгнэ шүү гэсэн байдлаар биш. Манайх бусдаасаа ийм давуу талтай шүү гэдгийг л ойлгуулах нь чухал. Үүн дээр үндэслээд тухайн хүн өөрөө тооцооллоо хийгээд, шийдвэрээ гаргах ёстой. Яг үнэндээ бодит байдал дээр төр засгийн нэг шийдвэрээр бүхэл бүтэн амьдралаа баглаад нүүгээд явдаг хүн бас ховор байх. Тэгэхээр Ховд аймаг өөрөө шударга газар болох нь бидний нэг тэргүүний зорилт байсан. Зөвхөн Ховд нутгийн хүмүүсээ дуудах биш яг өөрийн тань хэлснээр мэргэжлийн чадварлаг боловсон хүчнүүдийг дуудах.Тиймээс бид "Инвест Ховд" дээр эдийн засгийн боломж эрэлхийлсэн хүн болгонд Ховд аймаг нээлттэй шүү л гэж зарласан. Үүний үр дүнд өнгөрсөн жил 2023 онд нийтдээ 300 гаруй шинэ ААН Ховд аймагт бүртгүүлсэн байна. 30-аад ААН Улаанбаатар хотоос шилжин ирсэн бас салбарласан байна. Энэ болгоны ард ажлын байр, өрхийн орлого байгаа. Тэгэхээр бидний барьж байгаа бодлого бол ямар нэгэн төрийн хүнд сурталгүй, авлига хээл хахуульгүй бизнесийн орчныг бид нар бий болгох. Тэгэхээр та энд ирээд эдийн засгийн боломж эрэлхийлээд ажиллах бүрэн боломжтой. Мөн бид газар олголтын асуудлуудыг нь шийднэ ээ гэдэг зүйлийг хийж байгаа. Гэхдээ энэ зөвхөн шилжин ирсэн хүмүүст хамааралтай зүйл биш. Нийт Ховдчууддай шийдэж байгаа асуудал.

-ЖИЛД 200-300 ИРГЭНД ГАЗАР ОЛГОДОГ БАЙСНЫГ ӨӨРЧИЛЖ, ЗӨВХӨН 2023 ОНД 5 МЯНГА ГАРУЙ ИРГЭНД ӨРХИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ГАЗАР ОЛГОСОН-

-Улаанбаатар хот утаатай байна. Түгжрэлтэй байна. Хөдөө очиж амьдармаар гээд ярьдаг. Яг шийдээд ирье гэхээр ажлын байр байгаа болов уу. Амьдрах газар яах билээ гээд олон асуудал тулгардаг. Тэгэхээр өнөөдөр би шийдвэрээ гаргаад Ховд нутгийг зориод ирэхэд надад зориулсан яг ямар бодит дэмжлэг байна вэ?

-Манай аймгийн хувьд бодит байдал дээр өрхийн хэрэгцээний газар олголт байна. Бодит өмч гэсэн үг. Монгол Улсын иргэн бүр өрхийн хэрэгцээний газар өмчлөх эрхтэй. Энэ бол одоо миний ажиллаж амьдарч байсан газруудад огт байдаггүй. Харж байгаагүй зүйл. Үнэхээр монголчууд бид азтай. Харамсалтай нь энэ Ховд аймгийн хувьд хангалттай түвшинд явж ирээгүй. Намайг аймгийн Засаг даргаар томилогдоход иргэдэд тулгамддаг хамгийн том асуудал нь газрын асуудал байсан. "Би газраа авч чадахгүй байна. Өргөдөл өгөөд 10 жил боллоо, 5 жил боллоо, 2 жил боллоо. Би газраа авмаар байна" гээд л ороод ирдэг байсан.

Холбогдох албан тушаалтантай нь уулзаад яагаад энийг хийж чадахгүй байгаа юм гэхээр "Аймгийн төв газаргүй ээ" гэдэг зүйлийг хэлж байсан. Бид нар нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд нэгд эрэмбэлэгддэг улс оронд амьдарч байж газаргүй гэж хэлбэл Сингапур юу гэх вэ. Газар нутаг багатай бусад улс орнууд яах вэ.

Ийм өргөн уудам нутагтай байж 0.7 га газраа яагаад олгож чадахгүй байгаа юм бэ гээд газар төлөвлөлтдөө өөрчлөлт оруулсан. Гол нь энэ хэсэгт өрхийн хэрэгцээний газар олгоно гэдэг төлөвлөгөөгөө гаргах ёстой. Өмнө нь жилд 200-300 иргэнд газар олгодог байсан бол бид нар үүнийг эрчимжүүлж чадсанаараа, төлөвлөгөөгөө өөрчилж чадснаараа зөвхөн 2023 онд 5 мянга гаруй иргэнд өрхийн хэрэгцээний газар олгосон байна. Энэ бол яг бодит өмчийг нь бид нар иргэддээ өгч байгаа гэсэн үг. Тэндээ амьдарна, барьцаалаад зээл авна. Өрхийн хэмжээний үйлдвэрлэл эрхэлж болно гэх мэтчилэн олон боломжийг нээж өгч байгаа гэсэн үг. Энэ боломжийг бид нар шилжин ирж байгаа хүмүүстээ ч гэсэн адил тэгш байдлаар хүргэж байгаа.

-Хөдөөгийн сэргэлт гэхээр аймгийн төвөөр, эсвэл бүхэл бүтэн нэг аймгаар хүмүүс их төсөөлж харж байна. Яг алслагдсан сум, суурин газруудынхаа хөгжлийг яаж харж, төлөвлөж, ямар шийдэл эрэлхийлж байна вэ?

-2024 оны Монгол улсын төсөв үүн дээр томоохон гарц гаргалгааг гаргасан. Хотоос алсрах тусам бараа бүтээгдэхүүний үнэ илүү өндөр байдаг. Үүнээс болж хүмүүс хөдөө сумаас аймаг руу, аймгаас хот руу шилжин суурьших сонголтыг хийдэг. Тиймээс эсрэг шилжилт хөдөлгөөнийг бодлогоор дэмжье гэдэг үзэл баримтлалыг 2024 оны улсын төсөв дээр тусгасан болов уу гэж харж байна. Энэ хүрээнд аймгийн төвийн төрийн албан хаагчдын цалинг ТЗ, ТҮ гэж ялгалгүйгээр 20 хувиар нэмж байгаа. Харин хөдөө сумдад байгаа төрийн албан хаагчдын цалинг 40 хувиар нэмж байгаа. Энэ бол хөшүүрэг. Төрийн албан хаагчдын цалинг нэмснээр дагаад хувийн хэвшлийн цалин өсөх босго нь ахиж байгаа гэсэн үг. Тэгэхээр хөдөө орон нутаг руу хүмүүсийг чиглүүлэх том хөшүүргийг тавьсан гэж ойлгож болно.

-ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭНЭ ХАВРААС ЭХЭЛНЭ-

-Тантай ярилцах боломж олдсон дээр танай аймаг дээр өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд өрнөж буй томоохон бүтээн байгуулалтын талаар асуух зүйтэй байх. Ямар бүтээн байгуулалтууд өрнөж байна. Тэр дундаа Ховдынхон төдийгүй монголчууд бүгд хүлээж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын үйл явц хэр өрнөж байна. Хэзээ ашиглалтад орохоор төлөвлөж байгаа вэ?

үүлийн 2 жилийн хугацаанд Ховд аймагт одоо хийж хэрэгжүүлсэн ажлуудаас дурьдвал, нэг хэсэг нь өөрийн тань асуусан бүтээн байгуулалтын ажлууд байна. Үүнээс гадна төсөв мөнгө шаардахгүй амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлууд их байгаа. Яг бүтээн байгуулалтын ажлаас эхлэх юм бол өөрийн тань асуусан Эрдэнэбүрэнгийн УЦС. Энэ бол Монгол улсын эрчим хүчний сэргэлтийн томоохон стратегийн бүтээн байгуулалт. Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ бол эрчим хүчний 70 орчим хувиа ОХУ-аас, 5 хүрэхгүй маш бага хувийг БНХАУ-аас авдаг. Үлдсэнийг нь дотоодоосоо хангадаг. Эрдэнэбүрэнгийн УЦС бол баруун бүсийг тэр чигээр нь дотоодоосоо сэргээгдэх эрчим хүчээр хангах томоохон стратегийн төсөл. Энэ төсөл өнгөрсөн жил бүрэн гацаанаасаа гарсан. Миний хувьд аймгийн Засаг даргаар томилогдож ирээд эсэргүүцэж иргэдтэй уулзаж, ойлголцож, мэдээлэл солилцох ажлыг чухалчилж ажилласан. Учир нь 2 орны Засгийн газар хоорондох гэрээ хэлэлцээгээр санхүүжиж байгаа төсөл учраас монголчууд эсэргүүцээд байгаа юм биш шүү гэх шалтгаанаар хүлээгдээд байсан. Энэ төсөл өнгөрсөн намар БНХАУ-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр 2 орны Засгийн газрын сүүлчийн хэлэлцээр үзэглэгдэж, бүх гацаанаасаа одоо албан ёсоор гарсан гэдгийг дуулгахад таатай байна. Энэ хавар бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлнэ. Гэхдээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд буюу намайг томилогдсоноос хойш гүйцэтгэх компаниар нь шалгарсан олон улсын компани бэлтгэл ажлыг өөрийн санхүүгээр хийж эхэлсэн. Зам нь тавигдсан. Бэлтгэл ажлын камп нь баригдсан гэх мэтчилэн олон ажлууд хийгдээд эхэлсэн байна. Хавраас УЦС-ын ажил бүрэн хүчин чадлаараа эхэлнэ. Энэ ажил маань нэг 4-5 жилийн хугацаатайгаар явагдана. Энэ хугацаанд 1000 гаруй түр ажлын байр энэ бүс нутагт бий болно. Үүнээс гадна бүтээн байгуулалтын бусад олон ажлууд бий Монгол улсын Ерөнхий сайд Ховд аймагт ирж ажиллахдаа томоохон зорилтыг дэвшүүлсэн. Бүх сумаа хатуу хучилттай замаар холбосон анхны аймаг болно гэдэг том зорилтыг бид дэвшүүлсэн. Энэ жилийн хувьд бид нар нэг сумаас бусад бүх сумуудаа хатуу хучилттай замаар холбох ажил эсвэл хийчихсэн, эсвэл эхэлчихсэн, эсвэл эхлэхээр болчихсон байна. Үлдсэн нэг сум нь Дуут сум. Гэхдээ бид нар энэ жил зураг төсвийг нь орон нутгийн төсөв дээрээ суулгасан. Энэ бол үе үеийн Ховдчууд, үе үеийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хийгдсэн ажил. Энэ мэтчилэн олон бүтээн байгуулалт манай аймагт хийгдэж байгаа.

-Төсөв шаардахгүйгээр хийгдэж байгаа ажлуудаасаа товчхон дурьдаж болох уу?

-Төсөв мөнгө орохгүй зохион байгуулалтын ажлууд асар их байгаа. 2023 онд манай аймаг 3 шалгуур үзүүлэлтийг сайжруулах зорилт тавьсан. Нэгдүгээрт, эрт илрүүлгийн хамрагдалт, хоёрдугаарт тоон гарын үсгийн олголт, гуравдугаарт өрхийн хэрэгцээний газар олголтын тоон үзүүлэлт. Намайг ажлаа авахад манай аймаг энэ гурван үзүүлэлт дээр сүүл мушгиж байсан бол 2023 оны эцэс гэхэд гурвуулан дээр нь улсдаа тэргүүлж байгааг дуулгахад таатай байна.

Ярилцсанд баярлалаа.

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх асуудал Засгийн газрын хуралдаанаар яригджээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх асуудал Засгийн газрын хуралдаанаар яригджээ
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.