Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Тэтгэврийн зээлээ хөөцөлдсөн ч зээлтэй байна гээд өгсөнгүй. Гэхдээ ямар ч байсан ШИНЭЛНЭ дээ

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
14 минут 55 секунд

Гэр хорооллын бөглүү гудамж. Тэрэгтэй усаа зөөн яваа ганц нэг хүн, тэтгэврийнхээ зээлийг хөөцөлдөхөөр эсвэл сар шинийн бэлтгэлээ базаахаар явж байна уу гэмээр хэдэн өндөр настан л харагдана. Гудамжнаас гараад багагүй явахад хамгийн ойрын банк таарах нь тэр. Банкны хаалга хэзээ хаагдах нь ч үл мэдэгдэн, зогсоо зай өгөлгүй хүмүүс орж, гарсаар...

Уламжлалт баяраа угтах ажил хүн бүхний нуруунд тулдаг ч өтгөс буурлууд, өвөө, эмээ нарт маань илүү хүнд ачааг үүрүүлдэг сэн. Айл саахалт, ах, дүү хамаатан садан, үр хүүхэд, өлчир балчруудаа хүлээн авахаар бишгүйдээ л бэлдэх шаардлага гардаг тул тэтгэврийнхээ зээлийг авч хүнд өдрүүдийг давах нь хэдийнээ тогтсон үзэгдэл болж. Бүр зарим нь хамаг л өнгөтэй өөдтэй, үнэд хүрнэ дээ гэсэн бүхнээ хүүтэй ломбардад тавьж, хүүгээс хүү бодуулан, өр зээл тавин давж гарах нь ч бий. Иймд бид яг өнөөдөр монголчууд сар шинийн баяртай золгохоор хэрхэн бэлтгэж буй талаар элдэв хачиргүйгээр сурвалжлан хүргэж байна.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг

Хотын төв бараадахаас илүү хорооллынхоо дэлгүүр, хоршоог зорих хүн их. Хүйтэн жихүүнд осготол зогсоод хөдөөнөөс ирсэн махаа, сүү цагаан идээгээ зарахаар зэхэж буй худалдаачид ч олон. Энэ бол нийслэл хотын иргэдийн нэгээхэн өнгө.

Ubn.mn сайтын сурвалжлах баг ЧД-ийн ... дугаар хороонд байрлах ... банканд очив. Энэ өдөр өндөр настны хишиг бууж буй тул ахмадууд банкин дээр дугаарлах нь их байсан ч настны хишгээ авахдаа тэтгэврийн зээлээ ч авахаар дугаарлаж буй ахмадууд олон байв. Бид тэтгэврийн зээлээ аваад гарч ирж буй өндөр настан М-тэй ярилцахад тэрбээр,

Тэтгэврийн зээлээ хөөцөлдсөн ч өмнө нь зээлтэй байна гээд өгсөнгүй. Гэхдээ ямар ч байсан шинэлнэ дээ

"Би тэтгэвэрт гараад олон жил болсон хүн. Ажил хийдэггүй, тэтгэврийнхээ мөнгөөр л амьдарч байна. Ганц хүүтэй. Хүү маань ажил хийгээд хаанаа ч хүрэхгүй байна. Бараа бүтээгдэхүүний үнэ, түлээ нүүрсний үнэ ч нэмэгдчихсэн байна. Тог цахилгааны үнэ ч өсчихсөн байна. Угтаа бол ахмад настнууд улсдаа олон жил ажиллачихсан хүмүүс. Ажлаа хийсэн болохоор л улсаас таны авах ёстой хувь шүү гэж тэтгэвэр тогтоосон. Гэтэл биднээс хувь авахгүйгээр тэтгэвэр тогтоох хэрэгтэй шүү дээ. Тэгээд л зээл авах гэхээр тэдэн сар, эдэн сар гээд л их хэцүү. Удахгүй цагаан сар боллоо. Болдог бол олигтойхон л тэмдэглэчихмээр байна. Гэхдээ ямар ч байсан тэмдэглэнэ дээ.

Сая тэтгэврийнхээ зээлийг авах гэтэл зээлтэй байна, өгөхгүй. Батлан даагч хэрэгтэй гэнэ. Тэгээд батлан даагчийн гадаад паспортоор, лавлагаагаар үйлчлэхгүй, заавал иргэний үнэмлэх болон өөрийн биеэр ирж батлан даана гэнэ. Уг нь хүүгийн маань овог нэр над дээр байхад заавал ингэж шаардлагагүй шүү дээ. Цаашид бид тэтгэврээ өөрсдөө л авмаар байна шүү дээ. НДШ гэж аваад л байна. Бидэнд наалдаж байгаа юм алга. Тэгэхээр тэтгэвэр гэдэг зүйл бидэнд оногдсон учраас өөрсдөө л авмаар байна. Улсад хувь өгөөд баймааргүй л байна.

Тэгээд эмээ нь зээлээ авч чадаагүй. Хүү маань болгох байх л гэж бодож байна. Гэхдээ ямар ч байсан цагаан сараа хийнэ дээ" хэмээсэн юм.

Мөн өөр нэгэн өндөр настантай ярилцахад,

Ахмадуудын тэтгэвэр нэг ууц, нэг таваг ааруулын л мөнгө болчхоод байна. Тэгэхээр яаж ч сар шинээ тэмдэглэж хүрэх вэ дээ

"Өвөө нь тэтгэврийнхээ зээлийг аваад л цагаан сараа тэмдэглэх гэж байна. 500 мянган төгрөгийн тэтгэвэр яаж ч хүрэх билээ. Нэг ууцны, нэг таваг ааруулын л мөнгө болчхоод байна шүү дээ бараг. Зээл авч байж л хүрнэ. Өвөө нь 4 сараар зээлээ авсан. Тэгж байж л цагаан сараа давах гэж байна" гэлээ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2023 оны 12-р сарын байдлаар Монгол Улсад нийт 388,345 иргэн тэтгэвэр авч байгаа талаарх судалгааг гаргажээ. Эдгээр иргэд нь "Нийгмийн даатгалын тухай" хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй хүмүүс юм.

Өндөр настнуудын хувьд тэтгэврээс тэтгэврийн хооронд амьжиргаагаа залгуулдаг. Гэвч тэтгэвэр нь сар сардаа арай ядан хүрдэг ч томоохон баяр ёслолын үед зайлшгүй шаардлагаар зээл авахад хүргэдэг байна. Түүнээс гадна бид өөр нэгэн ахмад настнаас сар шинийн баяраа хэрхэн тэмдэглэх гэж буй талаар тодруулахад,

Хань маань тэтгэврийнхээ зээлийг авсан. Би ч тэтгэврээрээ бэлэг сэлтээ бэлдэнэ

"Өвөө нь одоохондоо зээл аваагүй л байна. Гэхдээ манай гэр бүлийн хүн маань тэтгэврийнхээ зээлийг авчихсан. Түүгээрээ сар шинийнхээ идээ ундааг бэлдээд, би өөрийнхөө тэтгэврээр бэлэг сэлтээ бэлдээд л цагаална даа. Мах үнэд орчихсон хэцүү л байна. Дээр нь хэдэн хүүхдүүдээсээ ойр зуурын юмнуудаа цуглуулаад л сар шинэдээ бэлдэж л байна. Гэхдээ бараа бүтээгдэхүүн үнэтэй л байна. Хямдруулаад хямдруулаад 4, 5 мянган төгрөг л татах юм. Гэхдээ энэ жил цагаан сар сайхан болох байх гэж бодож байна" гэлээ.

Түүнээс гадна Хаан банк 24 сараар тэтгэврийн зээл олгохгүй хэмээн мэдэгдсэн тул тус банкаар үйлчлүүлдэг ахмад настнууд тэтгэврийн зээл авч чадахгүйд хүрчээ. Тиймдээ ч цахим орчинд тус банкны хэрэглэгчид сар шинийн баяраар тэтгэврийн зээлээ 24 сараар олгохыг хүссэн хүсэлтээ ихээхэн илэрхийлээд буй юм.

Мөн банкнаас гарч ирж буй нэгэн ахмад настан бидэнд хандаж,

Цагаан сараар ширээ хоосон байснаас дээр гээд зурагтаа ломбардад тавьж байна

"Эмээ нь өчигдөр үхрийн өвчүү, дал дөрвөн өндөр авахад 500 мянган төгрөг болж байна. "Бамбууш" хэвийн боов автал 200 мянган төгрөг болж байна. Бүр том еэвэн автал дангаараа 38 мянган төгрөг гэсэн. Бүх л барааны үнэ нэмэгдсэн, үнэтэй байна лээ. Дээр нь тэтгэвэр бага учраас үнэхээр хүнд байна.

Цагаан сараа тэмдэглэхгүй гээд яах ч билээ. Яаж ийж байгаад л тэмдэглэнэ шүү дээ. Насны хишиг 50 мянган төгрөг орсон байна. Бага ч гэсэн яахав. Би цагаан сарын бэлтгэлдээ бараг л 2 сая төгрөг зарцууллаа шүү дээ. Дээр нь бэлэг ч бас бэлдэнэ. Муугийн ёс биш Монголын ёс доо. Тэтгэврийнхээ зээлийг аваад л наана цаанаа болж л байна. Тэтгэвэр үнэхээр бага байна.

Дээр нь манай найз нөхдийн хүүхдүүд ломбардад зурагтаа хүртэл аваачиж тавьж байна гэнэ. "Цагаан сараар зурагтгүй яах юм бэ" гэтэл "Ширээ хоосон байснаас дээр" гээд л ломбардад зурагтаа тавьж байх жишээтэй. Ер нь амьдрал үнэхээр хүнд байна. Ард түмнээ харж үзвэл сайн л байна. Хэдэн гишүүд маань юу хийж яваа юм бүү мэд" гэсэн юм.

Цагаан сарын өмнөх сард нэг жилийн хугацаатай цалин, тэтгвэрийн зээл авалт нэмэгддэг

Эх сурвалж: ҮСХ

Цагаан сарын баярыг угтсан цалин, тэтгэврийн зээлийн асуудал. Бид Монголбанкнаас 2018-2022 оныг хүртэлх таван жилийн хугацаанд цагаан сарын өмнөх сар буюу 1 дүгээр сард арилжааны банкуудаар дамжуулан хэдэн төгрөгийн зээл авдаг талаарх тоо статистикийг гаргасан юм.

Уг статистик мэдээллийг харахад цалингийн зээл болон тэтгэврийн зээл хоёрын харьцаа өмнөх саруудаасаа илүү ойрхон буюу зарим жилд ахмадууд цалингийн зээл авч буй залуучуудаас илүү ихээр тэтгэврээ барьцаалан зээл авсан байна.

Он тус бүрээр нь зээлдэгчдийн тоог харвал ковидын өмнөх хоёр жилүүд буюу 2018 онд 520 мянган иргэн, 2019 онд 584 мянган иргэн цалин тэтгэврийн зээл авсан бол ковидоос улбаалан цагаан сарын баярыг хязгаарлагдмал тэмдэглэсэн 2021 онд дээрх тоо 451 мянган иргэн цалин, тэтгэврийн зээл авчээ. Гэвч 2022 онд цар тахлыг төдийлөн хайхрахгүй зохион байгуулагдсан цагаан сарын өмнө 524 мянган иргэн цалин, тэтгэврийн зээл авчээ.

/2023.02.14-ны өдөр бэлтгэн хүргэж байсан "VISUAL TOIM: Монголчууд туулай жилийг 1.2 ИХ НАЯДААР угтаж, 2012 оноос хойш цагаан сард зориулж 1.1 тэрбум ам.доллар АЛДЖЭЭ" визуаль тоймоос ашиглав/

ҮСХ-оос гаргасан судалгаагаар 2023 оны 11-р сарын байдлаар тэтгэврийн зээлийн үлдэгдэл 1,151,800,000 төгрөг байна.

Иргэд баяр ёслолын үеэр дан ганц банкнаас зээл авахаас илүүтэй гар утасны зээлийн аппликейшнүүдийг ашиглан зээл авах тохиолдол ч их. Түүнээс гадна иргэдийн өдөр тутамдаа үйлчлүүлдэг нэг газар бол ЛОМБАРД. Сар шинийн баяр ч хаяанд ирсэн тул иргэд хэдийнээ ломбард зорьж, өөрсдийн үнэтэй цайтай эд зүйлсээ өгч буй.

Иймд бид зарим ломбардуудад өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг сурвалжлагынхаа явцад тодруулсан юм.

... Дүүрэгт байрлах БАРИЛГЫН БАГАЖНЫ ЛОМБАРД,

"Ээж аавынхаа хэвийн боовыг авах гэсэн юм" гээд л багажаа бариад ирж байна

"Манай ломбард барилгын багаж, алт, монет авдаг. Хүмүүс мөнгөгүй болчхоод их л ирж байна. Учир нь хаан банк тэтгэврийн зээлээ 24 сараар өгөхгүй, 1 жилээр өгч байгаа гэх сураг дуулдсан. Тиймээс тэтгэврийн хөгшчүүл маань мөнгөгүйн улмаас хүүхдийнхээ барилгын багажуудыг, ээмэг бөгжнүүдээ ломбардад мулталж өгөөд л явж байна. Дээр нь ломбардад тавьсан багажуудаа, алт монетоо эргүүлж авахгүй байна.

Ихэнх ахмадууд хаан банканд данстай. Хаан банк тэтгэврийн зээлээ 24 сараар өгөхгүй гэсэн учраас аргагүйн эрхэнд л үр хүүхдүүдийнхээ ээмэг, бөгжийг авч ирэх ахмадууд их байх шиг байна. Зарим нь "Ээж, аавынхаа хэвийн боовыг авах гэсэн юм" гээд л багажаа бариад хүрээд ирнэ. Тэгээд л үгүй гэж хэлж чадахгүй авчихна. Ийм л байна" гэлээ.

Үнэхээр л тус ломбардад барилгын бүхий л төрлийн багаж хэрэгслүүд өрөөтэй байсан нь ломбардад багажаа авч ирсэн хүмүүс эргүүлж авах нь ховор гэдгийг харуулж байлаа.

Мөн өөр нэгэн ломбардын ажилтан бидэнд хандаж,

Цагаан сар болох гээд гар утсаа хүртэл ломбардад тавиад явах хүмүүс ч байна

"Ломбардад хүмүүс ихэвчлэн алт, монет, зурагт, цахилгаан бараа гээд л үнэд хүрэх бүх л зүйлээ тавьж байна. Баяр ёслолын үеэр цалин нь буухгүй тохиолдолд байгаа эд хөрөнгөө ломбардад тавиад л, түүнийгээ эргүүлж аваад л явж байна. Бүр мөнгөгүй болсон хүмүүс нь зурагтаа хүртэл авч ирээд баяр ёслолоо өнгөрөөдөг. Цагаан сар болох гээд гар утсаа хүртэл тавиад явах хүмүүс ч байна. Гэр хорооллын хүмүүс бол ингэж л амьдарч байна" хэмээсэн юм.

Үнэхээр энэ бол ямар ч өнгө будаггүй Монголчуудын амьдрал. Ёстой л ард хормойгоо авч урд хормойгоо нөхнө гэдэг шиг цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд аж төрж, баяраас баяр дамжиж буй нь энэ. Түүнээс гадна сар шинийн баяр болоход 10 гаруйхан хоногийн хугацаа үлдсэн байна. Энэ үед хүн бүр эрвийх дэрвийхээрээ л бэлтгэлээ базааж, ааруул идээнээс эхлээд бэлэг сэлтээ ч бэлдэхийн тулд ахмад настнууд нь тэтгэврийн зээлээ авч, залуус нь харин гар утасны аппликейшнээс зээл авч эсхүл үнэд хүрэх зүйлсээ ломбардад тавьж буй юм.

ТОМИЛОЛТ: Монгол Улс, БНХАУ-ыг холбосон төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов
ТОМИЛОЛТ: Монгол Улс, БНХАУ-ыг холбосон төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов
 
МАРГААШ: Улаанбаатарт -9 хэм хүйтэн, ялимгүй цастай
МАРГААШ: Улаанбаатарт -9 хэм хүйтэн, ялимгүй цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.