Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

VISUAL TOIM: Монголчууд туулай жилийг 1.2 ИХ НАЯДААР угтаж, 2012 оноос хойш цагаан сард зориулж 1.1 тэрбум ам.доллар АЛДЖЭЭ

Ангилал
Visual toim Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 14 секунд
UBN.MN

Төрт ёсны хамгийн сайхан баяруудын нэг бол цагаан сар. Үүнтэй маргах нэг ширхэг ч монгол хүн байхгүй. Харин бид өнөөдрийн нийтлэлээрээ цагаан сарын баярыг ёс уламжлал талаасаа хэлбийж, өр зээлд орон байж хэлбэр хөөж асар их зардлаар тэмдэглэн өнгөрүүлж буйг тоо статистикаар харуулахыг хичээлээ.

Өөрөөр хэлбэл, цагаан сарын баяраар өрхөөс гардаг зардал жилээс жилд нэмэгдэж байна. Хамгийн харамсалтай нь дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихээс илүүтэй импортын бараа бүтээгдэхүүнд нийт “төлбөр”-ийнхөө 50 орчим хувийг тавиад туучихаж байна. Баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, ёс уламжлалаа дээдлэхийн сацуу эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж, аль болох гадагшаа чиглэх валютын урсгалаа цагаан сарын үеэрээ контролдох зайлшгүй шаардлага бидний өмнө иржээ.

Тиймээс цагаан сарын баярыг эдийн засаг талаас нь харж, зарим тоо мэдээллүүд дээр анализ дүгнэлт хийж буйгаа хүргэе.

"Туулай жилийн нэг өрх дунджаар 1.2 сая төгрөгөөр УГТАЖ авахаар байна"

Эх сурвалж: ҮСХ

Цагаан сарыг залуу гэр бүлүүд, залуучууд ихэвчлэн ёслох төдий тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин 30-аас дээш насны гэр бүлүүд түлхүү тэмдэглэж эхэлдэг ба 60-аас дээш настай айл өрхүүдийн 95 орчим хувь нь цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. Өөрөөр хэлбэл, цагаан сарын зардлыг нэгж хүнээр бус өрхийн хэрэглээ, зардлаар нь тооцож үзвэл илүү дөхөм болох учиртай.

Тэгвэл 2022 оны байдлаар улсын хэмжээд 960 орчим мянган айл өрхүүд байгаа бөгөөд ҮСХ-ны “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-гаар эдгээр айл өрхүүдийн цагаан сарын баярт зарцуулдаг зардал жил ирэх тусам нэмэгдсээр байна. Жишээлбэл, 2013 онд нэг өрх дунджаар 574 мянган төгрөг зарцуулдаг байсан бол 2023 оны цагаан сарын урьдчилсан тооцооллоор нэг өрх 1.2 сая төгрөг зарцуулахаар байгаа юм. Мэдээж айл өрх бүрийн зарцуулалт харьцангуй өөр. Зарим нь 1.2 саяас илүү зарцуулж байхад нөгөө хэсэг нь санхүүгийн боломж бололцоондоо тааруулж, маш бага зардал гаргадаг гэсэн үг. Мөн цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэггүй залуу гэр бүлүүд болон ёслол төдий тэмдэглэдэг 30-39 насны айл өрхүүдийн цагаан сард зарцуулах зардал нь харьцангуй бага юм. Тиймээс цагаан сар тэмдэглэдэг бүх айл өрхүүдийн нийлбэрийг дунджилсан байдлаар 1.2 сая төгрөг гэж Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.

1.2 сая төгрөгийн ихэнх нь буюу 730 гаруй мянган төгрөг нь бор идээ буюу ууц, архи, бууз зэрэг хүнсний бүтээгдэхүүнд зарцуулагдаж байна.

"Монголчууд 2023 оны сар шинийн баярт ойролцоогоор 1.2 их наяд төгрөг зарцуулна"

Эх сурвалж: ҮСХ

Өөр нэг анхаарах ёстой мөнгөн дүн нь 1.2 их наяд төгрөг. Тодруулбал, дунджаар нэг өрх 2023 оны цагаан сард зориулж 1.2 сая төгрөг зарцуулна гэдэг тооцооллыг хөөж үзвэл ирэх туулай жилээ монголчууд багадаа 1.2 их наядаар угтаж авах нь байна. Мөн цар тахлаас шалтгаалан 2020, 2021 оны цагаан сарыг нийтээрээ тэмдэглээгүй. Цахимаар золгосон. Харин өнгөрсөн жил ковидын дараах нөхцөл байдал амаргүй байсан тул цар тахлын өмнөх шиг ээ өргөн дэлгэр тэмдэглээгүй. Тэгвэл энэ жил цар тахлын аюулаас холдсон, ойрын гурван жил цагаан сарын баяраа нижгэр тэмдэглээгүй монголчууд статистикийн байгууллагын тооцоолж буйгаас ч их зардал гаргах магадлалтай байна.

"552 тэрбум төгрөгийг импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулах төлөвтэй байна"

Эх сурвалж: ҮСХ

Тэгвэл иргэдийн хамгийн их санаа зовдог. Тэгсэн атлаа шийдвэрлэж чадахгүй байгаа асуудал бол цагаан сарын баярт зориулсан импортын бараа бүтээгдэхүүн. Уламжлал талаасаа золгож ирсэн хүний гарыг цайлгах нь зүй ёсны зүйл. Харин өнгөрсөн хугацаанд нийтээ сонгож ирсэн бэлгүүд бол торго, цай, тамхи, цамц, оймс, хүүхдийн тоглоом зэрэг билээ. Харамсалтай нь эдгээр нь бараг бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь урд хөрш манайд нийлүүлдэг. Гарын бэлгээс гадна торго, чихэр зэрэг бүтээгдэхүүнд ч гэсэн импортоор орж ирдэг юм.

Энэ жилийн цагаан сараар нийтдээ 552 тэрбум төгрөгөөр импортын бараа бүтээгдэхүүн худалдан авах тооцоолол гарч байна.

"2012-2023 оны хооронд цагаан сард зориулж Монгол Улс багаар бодоход 1.1 тэрбум ам.долларыг импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулжээ"

Эх сурвалж: ҮСХ

Сонирхуулахад, 2023 оны импортын бараа бүтээгдэхүүний ерөнхий бүтцийг харахад БНХАУ нийт импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүний 34.2 хувийг, ОХУ 30.3 хувийг эзэлж байна. Үлдсэн хувийг нь Япон, Солонгос, АНУ, Герман, Турк, Энэтхэг, Польш, Франц зэрэг улсууд эзэлж байна. Энэхүү 34.2 хувийн импортын бүтээгдэхүүн дээр цагаан сарын эрэлтийг нэмэгдүүлэхэд дээрх 552 тэрбум төгрөгийн бараг 40 гаруй хувь нь БНХАУ-аас орж ирнэ магадлалтай юм.

Тэгвэл цагаан сард зориулан гаднаас ойролцоогоор 552 тэрбум төгрөгөөр бараа бүтээгдэхүүн худалдаж авахад бид 155-165 орчим сая ам.долларын урсгалаа гадагшаа, бүр нарийвчилбал урд хөрш рүүгээ алдаж байна. Төв банкны валютын нөөц өнгөрсөн долоо хоногт 3.5 тэрбум ам.долларт хүрсэн. Тэгвэл цагаан сарын баяр тэмдэглэхийн тулд бид улсынхаа валютын нөөцийн ойролцоогоор 4.5 хувийг нь гаргаад “гөвчихдөг” ажээ.

Цагаан сарын өмнөх сард нэг жилийн хугацаатай цалин, тэтгвэрийн зээл авалт нэмэгдэж байна

Эх сурвалж: ҮСХ

Эдгээрээс гадна өөр нэг анхаарах ёстой зүйл бол цагаан сарын баярыг угтсан цалин, тэтгэврийн зээлийн асуудал. Бид Монголбанкнаас 2018-2022 оныг хүртэлх таван жилийн хугацаанд цагаан сарын өмнөх сар буюу 1 дүгээр сард арилжааны банкуудаар дамжуулан хэдэн төгрөгийн зээл авдаг талаарх тоо статистикийг гаргасан юм.

Уг статистик мэдээллийг харахад цалингийн зээл болон тэтгэврийн зээл хоёрын харьцаа өмнөх саруудаасаа илүү ойрхон буюу зарим жилд ахмадууд цалингийн зээл авч буй залуучуудаас илүү ихээр тэтгэврээ барьцаалан зээл авсан байна.

Он тус бүрээр нь зээлдэгчдийн тоог харвал ковидын өмнөх хоёр жилүүд буюу 2018 онд 520 мянган иргэн, 2019 онд 584 мянган иргэн цалин тэтгэврийн зээл авсан бол ковидоос улбаалан цагаан сарын баярыг хязгаарлагдмал тэмдэглэсэн 2021 онд дээрх тоо 451 мянган иргэн цалин, тэтгэврийн зээл авчээ. Гэвч 2022 онд цар тахлыг төдийлөн хайхрахгүй зохион байгуулагдсан цагаан сарын өмнө 524 мянган иргэн цалин, тэтгэврийн зээл авчээ.

UBN.MN сайтын редакц

Улаанбаатарт -8 хэм хүйтэн, цас орохгүй
Улаанбаатарт -8 хэм хүйтэн, цас орохгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт -9 хэм хүйтэн, ялимгүй цастай
МАРГААШ: Улаанбаатарт -9 хэм хүйтэн, ялимгүй цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.