Шүүх дээр авлигын хэргүүд овоорч байна. Нүүрсний хулгайн асуудал, Эрдэнэтийн 49 хувь тэргүүтэй хэргүүд дээр Монголын шүүх алх цохиж амжаагүй байхад нь нэмээд Хөгжлийн банкны хэргийн давж заалдахын асуудал гарч ирэв.
Татвар төлөгчдийн мөнгөнөөс зүсэн зүйлээр нь хулгайлж, хайр гамгүй хумсалсан албан тушаалтнуудын хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэхийг төр, түмэнгүй нүд чихээ тавин хүлээж байна. Харамсалтай нь шүүх дээр байгаа авлигын хэргүүд урагшлах нь байтугай улам бүр хойшилж, олон нийтийн зэвүү дургүйг зэрэг хүргэж эхэллээ. Хамгийн сүүлд Эрдэнэтийн 49 хувь гэх тодотголтой, Хөтөл, Дарханы төмөрлөгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болов. Хоржоонтой нь шүүх өөрийн гараар зөвшөөрөл олгож, гурван тэрбум төгрөгийн барьцаа авч явуулсан “Сахал” Д.Эрдэнэбилэгийг байхгүй гэдэг үндэслэлээр уг хэргийг прокурорт буцаах нь тэр. Шүүхийн процесс амаргүй. Прокуророос хэргийг боогоод дахиад шүүх рүү оруулж иртэл багагүй хугацаа өнгөрүүлнэ. Оруулаад ирлээ гэж бодоход шүүх систем яг өмнөх шиг ээ авлигын хэрэг дээр үхэр тэрэгнээс ч удаан хойрго хандах вий гэх болгоомжлол төрж байна. Олон яллагдагчтай, олон өмгөөлөгчтэй уг хэргүүд ялих, шалихгүй асуудлаар шүүх дээр хэрхэн “амь бөхтэй” оршин тогтнодог вэ гэдэг тод жишээ бол Эрдэнэтийн асуудал. Одоо эцэст нь шүүх нь гаргаад явуулсан хүнээ байхгүй гээд хэргийг нь бүр буцаачих нь тэр.
Үүний араас Хөгжлийн банкны хэрэг орно. Татвар төлөгчдийн мөнгөөр казино тоглож, мөнгө угаах наад захын схем зохион байгуулсан этгээдүүд сонсголын үеэр нүүр хийх газаргүй болтлоо илчлэгдээд байхад л толгойг нь илж, шүүхийн гадаа баяр тэмдэглүүлээд суух жишээтэй. Ингээд ч зогсохгүй УИХ-ын гишүүн нь шүүхээс ял сонсчихоод өнөөдөр бүрэн эрхийнхээ ард эрх чөлөөтэй алхаж явна. Ард түмэн түүний дараагийн шүүх хурлыг бүтэн найман сар хүлээж, өнөөх шударга ёсны хэлтэрхийг үзчих санаатай хараа чилээж сууна.
Ийм байхад Монголын шүүх өнгөтэй мөнгөтэй, албан тушаалтай хэнд ч уян зөөлөн. Эрх мэдлийн хэлтэрхий ч үгүй ард түмэнд Д.Мөнх-Эрдэнэ шиг хатуу хандаж байна гэж амтай болгон шүүмжлэх нь аргагүй.
Хэрвээ энэ нөхцөл байдлыг бид өөрчилж, шүүхээс шударга ёс шаардахгүй юм бол хэдэн зуун удаа шударга ёс нэхэж, “Ажлаа хий” гэж жагсаад ч нэмэргүй. Гэхдээ иргэдийн, олон нийтийн тэвчээр хязгаартай гэдгийг хаа хаанаа санах нь зүйтэй. Эрх мэдэл, эрх ашгаа мөнхийн мэтээр сэтгэж, улаан цагаан хамгаалсаар сууна гэвэл авлигад уурссан иргэд удаан хүлээж тэсэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүх дээр Эрдэнэтийн 49 хувь, Дархан төмөрлөг, Хөтөл, Т.Бадамжунайгийн хэрэг, Нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэргүүд гээд өнгөрсөн хугацааны авлига, хээл хахуулийн бараг бүх хэргүүд ирчихсэн. Одоо Нүүрсний сонсголын тайланг УИХ сонсож, баталгаажуулаад холбогдох материалуудыг нь хуулийн байгууллагад шилжүүлнэ. Түмэн олон харчихсан, нүд нь нээгдчихсэн нүүрсний хулгайн араас шүүх өнөөх л болхи, хөшүүн хойрго хандвал шүүх л хүнд байдалд орно.
Ер нь шүүх өнөөдрийнх шиг ээ асуудлыг шийдвэрлэхээс бултаж, авлигын хэргүүдийг дарсаар байвал ард түмэн өөрсдөө авлигын шүүхийг шаардаж эхлэх вий. Ийм хэмжээний хайчин галд орохгүйгээр авлигын хэргүүдийг удаашруулж, ялзартал нь дарж хэвтэхгүйгээр шүүх хөдлөөд хэлбэл сая нэг юм авлигын шүүхийн талаар ярих, хүсэх хүн үгүй болно.
Яаралтай горимоор оруулж ирж, парламент доторх намын гишүүдтэйгээ тэрсэлдэн байж зүтгүүлж буй авлигын шүүхийн асуудал бол Засгийн газрын зүгээс үзүүлж буй боловсон шахалт. Мэдээж энэ хоёр засаглал бие, биедээ нөлөөлж болохгүй нь гарцаагүй. Гэхдээ энэ хоёр засаглал өөрт оногдсон үүргээ адил тэнцүү биелүүлэх үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн гэдгийг бодолцох учиртай. Шударга ёсны нэхэмжлэлийг юунаас эхлүүлэхээ мэдэж байсан ч хаана аваачиж дуусгах вэ гэж ард түмэн өнөөдөр эргэлзэж эхэллээ...