Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл олон нийтийн дунд ихээхэн хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Тухайлбал, яг одоо твиттер хуудснаа эл хуулийн төслийг боловсруулсан мэргэжлийн хүмүүс болон УИХ-ын гишүүд, эдийн засагчид, МҮХАҮТ-ын төлөөллүүд мэдээлэл өгч, санал солилцож байна. Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Хууль эрхзүйтэй холбоотойгоор мэдэгдэхгүйгээр хуулийг өөрчилдөг, гэнэт хуульзүйн зохицуулалтууд гараад ирдэг, дуу хоолойгоо өргөсөн ч гэсэн түүнийг нь сонсдоггүй, хууль хэлэлцэх явцад өөрчлөгдөөд амьдрал дээр хэрэгжих боломжгүй хууль батлагдан гардаг зэрэг асуудлууд гардаг. Үүнтэй холбоотой зохицуулалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6.1.2, 6.1.3 дугаар заалтуудад тусгаж оруулж ирсэн байна лээ. Хөрөнгө оруулагчдын эрх ашиг нь хөндөгдөхөөр бол олон нийтэд ил тодоор тэдний дуу хоолой санал хүсэлтийг авна гэдэг байдлаар оруулж ирснийг олзуурхаж байгаа. Хувийн хэвшлийн зүгээс нэмж илэрхийлэх нэг санал байна. Тэр нь зөвхөн сонсохоос гадна тодорхой саналуудыг нь авах бололцоо боломжийг нээж өгөөч гэсэн саналууд бий.
Хоёрдугаарт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо гэдэг зүйл огт байхгүй байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийг орон нутаг нь өөрөөр ойлгож байна. Эсхүл яамдууд нь өөр өөрөөр ойлгож байна. Энэ харилцаа нь гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарт гэлтгүй бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдад энэ байдал маш хүндээр тусдаг. Жишээлбэл, хөдөө орон нутагт очиход орон нутгийнхан нь шал өөр зүйл ярьдаг. Тэгэхээр энэ харилцаатай холбоотой асуудлыг энэ хуульд тусдаа нэг бүлэг болгож оруулж ирсэн байна лээ. Төрийн захиргааны төв байгууллагаас гадна бусад яамд, орон нутгийн захиргаа нь ямар оролцоотой байх вэ гэдэг чиглэлээр нэлээн тодорхой оруулж өгсөнд олзуурхаж байна.
Дараагийн асуудал нь бизнесийн маргаан шийдвэрлэх. Маргаан шийдвэрлэх процесс маань бизнесийн хурдтай нийцэхгүй байна. Шүүхийн процессоор явбал компаниуд дампуурах хэмжээнд байна. Энэ асуудлыг шүүхийн маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой хуулиар шийдвэрлэх байх. Гэхдээ энэ хуульд маргаан шийдвэрлэхдээ асуудал нь эзэнгүй орхигддоггүй, хариуцах эзэнтэй байлгадаг заалтуудыг тавдугаар бүлэг гэж тусдаа нэг бүлэг болгож оруулж ирсэн байна лээ. Хууль заримд нь үйлчлээд заримд нь үйлчилдэггүй байдалтай холбогдуулан зарим саналыг өгсөн. Тухайлбал, 6.2 дугаар заалт дээр үл ялгаварлах зарчмаар гэж саналаа өгсөн байсныг оруулсан байсан. Гэх мэтчилэн нааштай зүйлс байна.
МҮХАҮТ-ын зүгээс нийт 60 санал өгсөн. Эндээс тодорхой хэдэн саналууд нь орсон. Зарим ач холбогдол багатай саналууд тусгагдаагүй. Хэлэлцүүлгийн явцад өөрчлөлтүүд, сайжрах боломжууд гарах байх гэж найдаж байна. Мөн гаднын төрийн өмчийн компаниудын оролцооны тал дээрх заалт энэ удаагийн хуулийн төсөл дээр байхгүй харагдсан. Тэгэхээр үүнтэй холбоотой асуудлууд яригдаж магадгүй. Бусдаар өмнөх болон одоогийн мөрдөгдөж байгаа хууль дээр хууль эрх зүйн тогтворгүй, уялдаагүй байдлыг сайжруулсан дүр зургууд харагдаж байгаа" гэлээ.