Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Гурил, махнаас бүрдсэн хэдхэн төрлийн хоолоо олон улсын стандартад нийцүүлж, аялал жуулчлалаа аваръя

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 11 секунд

Дэлхийн улс үндэстнүүд ихэвчлэн үндэснийхээ хоолны соёлоор бусдаас ялгардаг. Хамгийн энгийн жишээ л гэхэд БНСУ өөрийн хоолоо кино урлагаараа дамжуулан гаднын орнуудад таниулж байхад манайд эсрэгээрээ. Хоолны соёлоо, үндэсний брэндээ гаднынханд таниулах ажлыг төдийлөн хийж чаддаггүй. Магадгүй Монгол Улсын үндэсний зоогийг нэрлэ гэвэл гаднын иргэд төдийлөн мэдэхгүй л болов уу. Бүр Монголчууд бидэнд ч гэсэн хорхог, боодогноос өөр хоолны нэр орж ирэхгүй байх.

Амттай хоолыг дагаж аялал жуулчлал ирдэг тогтолцоо дэлхийн аль ч улсад буй. Гэтэл манай улс Ази тивд буй орнуудаас хамгийн амт муутай хоолтой орноор нэрлэгдсэн. Тиймээс бид гаднын жуулчдыг хүлээн авахыг хүсвэл хоолныхоо амт чанарыг сайжруулах шаардлага хэдийнээ ирснийг үүнээс харж болох юм.

Угтаа манай улсад сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буй. 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж, гадна дотнын олон мянган жуулчдыг татахаар ажиллаж байна. Жишээлбэл, Нэг жуулчин-Нэг хонь хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Гэвч энэ нь нэг талаас гаднын жуулчдыг татах чухал ач холбогдолтой эсэхийг хэлэхэд бэрх. Үүний оронд хоолны салбартаа анхаарах шаардлага нэн тэргүүнийх.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар манай улс нийт 486,188 жуулчныг, ойролцоогоор хагас сая жуулчин хүлээн авсан байна. Харамсалтай нь эдгээр жуулчид манай улсын хоолыг хэрхэн хүлээж авсан бас сэтгэл хангалуун байсан эсэхийг хэн ч үл мэднэ.

Тэгвэл хоолны соёлоо манай улс хэрхэн сайжруулах боломжтой талаар Тогооч Г.Тэнгисээс тодруулахад,

Зам зуурын хоолны газруудад хоолны шинэчлэл хийж, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай

"Манай аялал жуулчлалын бүс бол ихэвчлэн орон нутгуудад бий шүү дээ. Гэвч тэнд хоолны асуудал маш асуудалтай. Нийслэл хотын хувьд хоолны амт муу биш, өндөр хөгжиж байгаа. Харин орон нутгийн зам дагуух хоолны газрууд, явуулын цайны газрууд хоолны сонголт муутай. Хэдхэн нэр төрлийн хоол бий. Жигнэсэн гурилтай шөл, нарийн махан хуурга гээд л аль ч улсын хоол нь үл мэдэгдэх хоолнууд гардаг. Ерөнхийдөө гурил, мах хоёрыг л олон төрлөөр ашигладаг. Хүний эрүүл мэндэд хэрэгтэй хүнч, ногоог төдийлөн хэрэглээд байдаггүй гэж хэлэхэд болно.

Монголчуудын хоолны соёл, гол хүнс бол яах аргагүй мах. Өвөл, зунгүй бид мах хэрэглэдэг учир гаднын иргэдэд тэр их хэмжээний өөх тостой хоолыг хэрэглэх нь тун асуудалтай. Дээр нь дэд бүтцээсээ шалтгаалан нарийн ногоо хадгалах нь манай улсад жаахан хүндрэлтэй. Гэхдээ сүүлийн үед томоохон аялалын кампууд гаднын хүнс, ногоог ашиглах нь их болсон.

Тиймээс манай улс ч мөн хаана хаанаа анхаарч, ялангуяа зам зуурын хоолны газрууд хоолныхоо шинэчлэлийг хийх хэрэгтэй болж байна" гэсэн юм.

Аялал жуулчлалаа эрчимтэй хөгжлүүлэхэд амттай хоол чухал нөлөөтэй

Дэлхийн ихэнх улс орнууд хоолныхоо соёлыг олон улсад сурталчлан таниулахад онцгой ач холбогдол өгдөг. Жишээлбэл, Солонгос, Хятад, Япон зэрэг үндэсний хоолны ресторангүй орон дэлхийд ховор байх. Тиймдээ ч Taste Atlas сайтын гаргасан Ази тивийн улс орнуудын хоолны судалгаанд эдгээр орнууд хамгийн өндөр үзүүлэлтийг авсан байх. Аль ч орны ямар ч үндэстэн эдгээр орны хоолыг төвөггүйхэн иддэг ч манай улс шиг мах махан бүтээгдэхүүнээр гаднын иргэд төдийлөн хооллож чадахгүй нь лавтай. Тиймээс бид одооноос эхлэн аялал жуулчлалаа эрчимтэйгээр хөгжүүлэхийн тулд хоолны амт чанараа сайжруулж, дэлхийн жишигт нийцсэн амтыг ирэлхийлэх нь тун чухал юм.

Түүнээс гадна манай улс үндэсний хоолны соёлоо хэрхэн түгээн дэлгэрүүлдэг вэ. Магадгүй үндэсний брэнд гэх тодотголтой хоол бий эсэх талаар холбогдох газраас нь тодруулахад, "Одоогоор манайхаас гаргасан судалгаа төдийлөн байхгүй. Харин Монгол үндэстний хүнс, хоолны уламжлал, хүмүүсийн ахуй, соёлын өвөрмөц шинж байдлыг илтгэсэн олон үзмэрүүдийг олон нийтэд толилуулж, уламжлалт хоол хүнсний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, уламжлалт хүнс, хоолны хэрэглээг дэмжих зорилготой судалгааны ажлууд олон бий.

Үүнийг сурталчлан таниулах зорилгоор судалгааны ажлыг ном, товхимол болгох ажилд гар бие оролцож байна" хэмээсэн юм.

Тиймээс бид өнөөдрөөс эхлэн үндэсний гэх тодотголтой хоолны жагсаалтыг гаргаж, түүнийгээ дэлхий нийтийн хоолны стандартад нийцүүлэн баяжуулж, гаднын улс оронд соёл урлаг төдийгүй бусад аргаар сурталчилан таниулах шаардлага нэгдүгээрт тулгарчээ. Харин энэхүү ажилд онцгойлон анхаарснаар аялал жуулчлалаа хөгжүүлж, жуулчдыг татах үндсэн зорилгодоо ч амжилттай хүрч болох юм. Магад гаднын жуулчид бидний хоолноос соёлтойгоор татгалзаж байсан нь өмнө дурдагдсан судалгаанаас харагдаж буй нь ч энэ аж.

Малчид мал, махны явуулын худалдаа зохион байгуулах хүсэлт гаргажээ
Малчид мал, махны явуулын худалдаа зохион байгуулах хүсэлт гаргажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.