"Ард" Санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг гэр бүлийн хамт хилийн чанадад удаан хугацааны турш "гацсан" билээ. Тэгвэл тэрээр 2020 оны наймдугаар сарын 9-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж, "Жаргалант" сувилалд 21 хоног тусгаарлагдаж байна.
Тэрбээр гадаадаас эх орондоо ирж тусгаарлагдаж буй 3,358 иргэнд зохиолч Л.Золзаяагийн "Ноён Гантай өнгөрүүлсэн 100 өдөр" номоо бэлэглэх болсноо өөрийн фейсбүүк хуудастаа нийтэлжээ. УОК-ын Шуурхай комиссоос зөвшөөрөл өгсөн тохиолдолд Ч.Ганхуягийн бэлэглэж буй ном, захидлын хамт тусгаарлалтад буй иргэдэд хүрэх ажээ.
Түүний бичсэн захиаг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ч.Ганхуяг нь захидалдаа "Энэ өдрийн мэндийг хүргэе! Та сайхан зусаж байна уу?
Дэлхий нийтээрээ шинэ коронавирусын цар тахалтай амь наана, там цаана тэмцэж байгаа энэ үед та бидний хэсэг Монголчууд Эх орондоо эргэн ирэх элдэв арга, боломжийг эрж хайж, тэмцэлдэж явсаар өнөөдөр Монголдоо ирээд карантины 21 хоногийг хамтдаа өнгөрүүлж байгаа билээ.
Намайг Чулууны Ганхуяг гэдэг. Би тантай анд найз, зүгээр зүс мэддэг, бүр эчнээ танил болсон байж ч болох юм. Та манай Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөний гишүүн, дэмжигч, манай хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч анд нөхөр маань ч байж мэднэ. Би ээж, эхнэр, хүүхдүүдийнхээ хамт Европт 2 сараас хойш гацаж байгаад 8 сарын 8-ны Франкфуртын онгоцоор нисч ирэн Жаргалантын сувиллын газар карантинлагдлаа. Эндхийн нөхцөл байдал гайгүй, тухтай юм. Хоол ундны тунг нь ч тун гайгүй тааруулчихдаг газар байна.
Өнгөрсөн 6 сарын хугацаанд би өөрийн эрхэлдэг Ард Санхүүгийн Нэгдлийн ажлаа зайнаас залгуулсаар ирлээ. Одоо ч өдөр тутамд цахимаар ажил төрөлдөө умбаад орчихсон тул хоног өдөр нүд ирмэхийн зуур л өнгөрөх юм. 21 хоногийг түүртэхгүй авчих бололтой. Хүүхдүүд маань ч ном, дэвтэр эргүүлж, тоглож, наадаад болгож л байна.
Таны буусан буудал, өрөө байр, хоол, хангамж нь дажгүй биз? Таныг чөлөөт цагаараа номтой нөхөрлөдөг байх гэж бодоод Золзаяа гэх бүсгүйн бичсэн номыг илгээж байгааг минь хүлээж авна уу?
Ноён Гантай Өнгөрүүлсэн 100 Өдөр гэх эл ном нь түрүү жилийн намар хэвлэлтээс гарсан бөгөөд таны хүлээж авсан захианы эзэнтэй хамтдаа өнгөрүүлсэн 3 сарын хугацаанд Золзаяагийн хийсэн тэмдэглэл, эргэцүүлэл, ярилцлага, дүгнэлт, сургамжуудаас бүрдэнэ.
Хүн сургаад байх гавьтай юм хийгээгүй ч миний мэргэжлийн болон хувийн амьдралдаа олж авсан туршлага, мэдрэмж, гаргасан алдаа, харсан үзэгдэл, үйл явдал, дотроо тээж явдаг бодлоос уншигч авхай та өөртөө хэрэгтэй нэг ч болов шинэ санаа, бага ч болов урам, зориг олж авч магад гэж найдан танд энэ номыг илгээж байгаа юм шүү. Хамгийн багадаа, цагаа арай зугаатай өнгөрөөх нэгэн боломж гэж харж болох юм.
Намайг зарим нь ХасБанкны үүсгэн байгуулагч, Сангийн дэд сайд, Ард Санхүүгийн Нэгдлийн захирал гэдгээр таньдаг бол, бусад нь талхны үнэ мэддэггүй, талбай дээр дохио зангаа гаргасан бүдүүлэг эр гэдгээр мэддэг болсон. Миний найз нар намайг микрийн уугуул бацаан, 23-ын Хуягаа гэхэд андахгүй ээ. Би энэ амьдралдаа юу ч хийж байсан, хаана ч явсан, хэнтэй ч нөхөрлөсөн өөрийгөө гээгээгүй, хүнээ алдаагүй, чиг шугамаа харин бариад яваад ирсэн гэж боддог.
Амжилт, бүтээл гэж юу юм бэ? Аз жаргалд хүрнэ гэж байх уу? Амьдралын утга учир, зорилго гэж байдаг уу гэдэг асуултанд зохиогчийн хамтаар хариулт хайсан энэ ном танд таалагдвал эргээд надад мэдэгдээрэй - Би туйлын их баярлах болно шүү.
Мөн Ардын залуус маань санхүүгийн боловсролыг түгээх Ард Академийн сургалтуудаа танд зориулж цахимаар зохион байгуулах гэж буйгаа уламжлахыг надаас хүссэн юм. Карантинд байх хугацаандаа мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуулах аргаас суралцахыг хүсвэл ard.mn/surgalt веб хаягаар орж сургалтанд бүртгүүлээрэй.
Танд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж, мэнд хүргэсэн,
Ч. Ганхуяг
2020 оны 8 сарын 12,
Жаргалант сувилал" гэжээ.