Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр (2023.12.27) Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Тэрбээр, Шүүхийн тухай хуульд дараах өөрчлөлтүүдийг оруулахаар санаачилжээ. Үүнд:
-Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно” гэснийг хасах.
-Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “ ...ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахална” гэснийг хасах.
-95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно...” гэснийг хасах.
-95 дугаар зүйлийн 95.5 дахь хэсэгт “ … Улсын Их Хурал ... сонгон шалгаруулж, томилно” гэснийг хасах.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Ашигт малтмалын тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар санаачилжээ. Үүнд:
-Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.4. “тухайн талбай нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байх.” гэж нэмэх.
-24 дүгээр зүйлийн 24.6. “Тухайн тайлбай хамаарах хэсгийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшөөрөл авсан байх, уг зөвшөөрөл сонгон шалгаруулалтын үндэслэл болно.” гэж нэмэх.
-24 дүгээр зүйлийн 24.7. “Тухайн талбай нь хамаарч буй сум, дүүргийн иргэдийн хурлаас зөвшөөрөл авсан байх.” гэж нэмэх.
-25 дугаар зүйлийн 25.1.9. Эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ. гэж нэмэх.
-42 дугаар зүйлийн 42.3 дахь заалтыг “42.3. “.... ажиллуулж болно” гэснийг “ажиллуулна.” гэж өөрчлөхөөр санаачилсан байна.