Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэрэгт “Эм Ди Си Пи” ХХК, БНХАУ-ын иргэн Чен Бин /Chen Bin/ нарыг, мөн БНХАУ-ын иргэн Чен Бин /Chen Bin/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал хадгалсан” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүхээс “Эм Ди Си Пи” ХХК, БНХАУ-ын иргэн Чен /Chen/ овогт Бин /Bin/ нарыг “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн,
БНХАУ-ын иргэн Чен /Chen/ овогт Бин /Bin/-ийг “Зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, “Эм Ди Си Пи” ХХК-ийг 70.000.000 төгрөгөөр торгох ял дээр нэмж, үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, БНХАУ-ын иргэн Чен /Chen/ овогт Бин /Bin/-д нийт 25.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулжээ.
Мөн "Эм Ди Си Пи" ХХК-ийн махны үйлдвэрийн 5 хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.864 килограмм мах, махан бүтээгдэхүүн, бор шаргал өнгийн шуудай бүхий цагаан өнгий нунтаг /хэмжээ нь тодорхойгүй/ зэргийг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэсэн байна.