ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж байна.
Энэ сарын 13-ны өдөр тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, улмаар шүүх хурлыг өнөөдөр /2023.12.27/ товлосон юм.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-т Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах: "Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Сануулахад, З.Энхболд нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглосон арга хэмжээ аваад байгаа юм.