Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОЙМ: “Баясгалан“-тай сонсгол...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 49 секунд

Хянан шалгах Түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь шатны сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж өндөрлөлөө. Сонсголын оролцох гэрчүүдээс гадна төмөр зам гэх сэдэв нь өөрөө маш том хүлээлт байв. Гэвч "гол дүр" хэмээн онцолж байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь гадаадад томилолттой гэх шалтгаанаар ирсэнгүй. Харин удаах сонирхол татсан гэрч бол "Голомтын" Д.Баясгалан байв. Тэр өнөөдрийн сонсголын гол дүр яалт ч үгүй мөн. Тавантолгой-Зүүнбаян, Богдхан, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, түүний санхүүжилттэй холбоотой гэрээ бол өнгөрөгч онд асуудал дагуулж арайхийн нууцаас гарч олон нийтэд ил болсон оффтейк гэрээнүүдийн нэг билээ. Энэ утгаараа Түр хорооны гишүүд тус төмөр замуудын санхүүжилт болоод оффтейк гэрээг байгуулахад гол түлхэц болсон "Загалмайлсан эцэг" хэн болохыг олохыг бас батлахыг хичээв. Харин Д.Баясгалан ямар хариултуудыг өгсөн бол гэдгийг багцлан өнөөдрийн сонсголыг тоймлоё.

-"ШИНЭХЭН" УЛС ТӨРИЙН ХАМААРЛУУД ИЛ БОЛОВ-

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийн ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон компаниудад улс төрийн хамаарал гарч ирэв. Сонирхолтой нь, Б.Гарамгайбаатарын хамаарал бүхий "Болор болд зам", Аржроуд ХХК, УИХ-ын гишүүн Н.Ганибалын хамаарал бүхий "Монголзам групп" ХХК, Б.Ундармаагийн "Эрдэнэзам" компаниуд танилцуулагдав.

Удаах улс төрийн хамаарал Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл дээр гарч ирэв. Тодруулбал, Х.Баттулга, Д.Дорлигжав, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Н.Удаанжаргал нарын хүмүүстэй нэгдмэл сонирхол бүхий компаниуд Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулж байжээ.

-"Загалмайлсан эцэг"....-

Өнөөдрийн сонсголд оролцсон Түр хорооны гишүүдийн зүгээс "Загалмайлсан эцэг" гэх тодотголыг хэнд өгөв. Түр хорооны дарга болоод УИХ-ын гишүүн Т.Доржхандын зүгээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэр цохив.

Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Би Х.Баттулгыг оффшорын загалмайлсан эцэг гэж хэлж байсан. Харин анхаарал сарниулахын тулд өөрийнхөө сүлжээгээр өөр бичлэг сэвсэн байдаг" гэв.

Удаах хүн бол УИХ-ын гишүүн Т.Доржханд. Тэрбээр "Төмөр замын асуудлыг нууцад авсан хүн нь Х.Баттулга. Өөрийнх нь авлига, хулгайн асуудал гарч ирэхээр ирдэггүй. Өмнөх сонсгол дээр ч ӨВЧТЭЙ гээд гарсан. Дараа нь бүтээн байгуулагчийн дүрээр ороод ирсэн. Төмөр замын схемыг зурсан хүн нь Х.Баттулгын шагнасан Н.Удаанжаргал" хэмээн нэр цохиод амжив.

-ТӨМӨР ЗАМЫН ХҮЧИН ЧАДЛЫНХАА 10 ХУВИЙГ Л АШИГЛАЖ БАЙНА-

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын гэрээг хэлэлцэх явцад Түр хорооны дарга болон шинжээч нарын хооронд тус төмөр замын одоогийн ашиглалттай холбоотой сонирхолтой нэгэн тоон баримт дурдагдсан юм.

  • Б.Энхбаяр: Төмөр зам маань баригдчихлаа. Одоо ачаа тээвэрлэж байгаа юу
  • Шинжээч: Одоо 1.5 сая тонн ачаа тээвэрлэж хүчин чадлынхаа 10 ХУВИЙГ АШИГЛАЖ байна
  • Б.Энхбаяр: Хэдэн төгрөгөөр барьчихав
  • Шинжээч: 1 их наяд 392 тэрбум төгрөгийн санхүүжилттэй

-“Баясгалан“-тай сонсголын үдэш...-

Үдээс хойшхи сонсголд "Бодь интернэйшнл" ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Баясгалан ирж гэрчээр оролцов. Гэхдээ тэрбээр Түр хорооны даргын зүгээс шаардсан материал, нотлох баримтыг сонсгол болохын өмнөх шөнө явуулсан гэдгээр хатуу шүүмжлэл хүртээд амжсан юм.

Өнөөдөр сонсголын үеэр "Бодь интернэйшнл" ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Баясгалангийн төмөр замын төслүүдтэй холбоотой өгсөн мэдээллүүдээс хүргэе.

-Манай компани анхнаасаа нүүрсээр гэрээ хийе гэдэг саналтай байгаагүй. Бид нүүрсний бизнесийг мэддэггүй байсан-

-Яг үнэндээ Х.Баттулга Гашуунсухайтын төмөр замыг ярихаасаа "жийрхдэг" болсон байсан-

-Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замыг төр улс төрийн шийдвэр гаргаад зарна гэвэл зарагдана-

-Хил холболтын асуудал 2021 оны 5-р сард яригдаж, 2022 оны 2-р сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ши Жинь Пин даргатай ярьж, "ЭЦСИЙН ЦЭГ"-ээ тохирсон-

-Нүүрсний хөнгөлөлтийн үнийг ЧАЛКО л тогтоодог-

С.Ганбаатар: Үндэсний компаниуд бүгдээрээ “Бодь“ шиг сайхан үр дүнтэй ажиллаасай
С.Ганбаатар: Үндэсний компаниуд бүгдээрээ “Бодь“ шиг сайхан үр дүнтэй ажиллаасай
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.